Багануурын уурхайг хууль бусаар авах гэсэн ХХБ Дээд шүүх дээр ялагдлаа

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Алтайн гянт” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг өчигдөр /IV/8/-ны өдөр хянан хэлэлцэж шийдвэрлэлээ.

“Алтайн гянт” ХХК нь Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, 12959А тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээх нэхэмжлэлийг шүүхэд гаргаад байсан. “Алтайн Гянт” компани нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийн нөөцийг нь тогтоосон Багануурын уурхайн 468 сая тонны нөөцтэй хэсгийг яаж ч яваад авчихсан юм нэг мэдэхэд эзэмшдэг болчихсон байсан гэдэг. Тус “Алтайн гянт” хэмээх компаний захирал нь мөнөөх. Ц.Пүрэвтүвшин. “Эрдэнэт” үйлдвэр болон Монголросцветмет нэгдлийн 49 хувийг 27 настайдаа Оросын компаниас 400 сая ам.доллараар авчирсан хэмээгддэг залуу л даа. Тэр мөн энэхүү  “Алтайн гянт” ХХК-ийн захирал нь.

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон УИХ-ын гишүүдийн ярьдгаар Ц.Пүрэвтүвшингийн цаана ХХБ байгаа. “Монголын эзэн” гэгдсэн “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэгийг төрийн өмчийн томоохон үйлдвэрүүдийг нэг мэдэхэд илбэдсэн юм шиг өөрийнх болгочихдог тухай ярих нь бий. Тухайлахад Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохой, “Эрдэнэт”-ийн 49 хувь, мөн энэхүү Багануурын уурхайн талбай гээд л.

Удаан хугацаанд үргэлжилсан энэхүү Багануурын уурхайн асуудлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэгч “Алтайн гянт” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Тэгвэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн байдаг.

Харин Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн өчигдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тухай Улсын дээд шүүхийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

Ингэснээр ХХБ-ныхан “Багануур” ХК-ийн уурхайн талбайд авсан талбайгаа алдаж байгаа нь энэ.  Өчигдөр Багануурын уурхайн зарим уурхайчид Улсын Дээд шүүхийн гадна цуглаан хийж эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэр нь ч үр дүнд хүрсэн нь энэ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ