Ерөнхий прокурор болон нийслэлийн Засаг даргад шаардлага хүргүүллээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл  хийлээ. Энэ үеэр шинээр томилогдсон Улсын ерөнхий прокурор, Хууль цаазын тэргүүн Б.Жаргалсайхан болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм.

УИХ-ын эдгээр гишүүдийн Ерөнхий прокурорт хандсан шаардлагад:

1.“Эрдэнэт” үйлдвэр /”Эрдэнэт” ТӨҮГ/-ийн 51 хувийг хуурамч гарын үсэг бүрдүүлэн Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаалж их хэмжээний зээл авсан гэх “Жаст” группийн захирал Ш.Батхүү нарын хэрэг
2. Монголбанкыг гурван их наяд төгрөгөөр хохироосон Н.Золжаргалын асуудал,
3. Хөгжлийн банкнаас олгосон их хэмжээний зээлийн тухай асуудал
4. Төрийн банкнаас нэг өдрийн дотор шийдвэр гаргаж, БНХАУ-ын “Шинжиан Шинфа” компанид олгосон 20 тэрбум төгрөгийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ашигласан гэгдэх асуудлын тухай
5. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Д.Содномдаржаа, С.Чимгээ нар нь хилс хэрэгт хэлмэгдсэн гэж олон нийт үэж байгаа тул хэргийг дахин задлах тухай
6.Төрийн өндөр албан тушаалтнууд “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”, Засгийн газрын тусгай сангуудаас өөрсдийн хамаарал бүхий этгээд болон компаниудад их хэмжээний зээл авахад нөлөөлөл үзүүлсэн гэх асуудал;
7. “Хан ресурс” ХХК-тай холбоотой хэргийг Олон улсын арбитрын шүүхэд ялагдуулсан асуудлыг шалгасан тухай
8.“Төмөртэйн орд”-ыг Гааг хотод болсон Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсыг төлөөлж байсан бүрэн эрхт төлөөлөгчдөд нөлөөлж Монгол Улсад их хэмжээний хохирол учруулахыг санаархсан эрх бүхий албан тушаалтнуудын асуудлын тухай
9.Эрдэнэтийн /Эрдэнэт ТӨҮГ/ 49 хувийг “Монголиан коппер корпорейшн” ХХК-д шилжүүлсэн тухай асуудал
10.Оффшор бүсэд хууль бусаар олж авсан байж болзошгүй их хэмжээний мөнгө байршуулсан аж ахуйн нэгж болон хувь хүний асуудал
11.Оюутолгой, Дубайн гэрээтэй холбогдуулан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг саатуулан шалгасан асуудал
12.Концессын гэрээ
13.60 тэрбумаар төрийн албыг худалдсан гэх асуудал
14.АСЕМ-ын үеэр мөнгө завшсан гэх хэрэг, асуудал
15. “Төрийн сан хөмрөг”-өөс алдагдсан гэх уран зураг, бусад эд зүйлийн тухай;
16. Газрын авлигын тухай
17.”Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөр мөнгө угаасан зэрэг асуудлыг шалгах асуудлууд багтжээ.

Тэгвэл хотын дарга С.Амарсайхан даргад хандсан шаардлагадаа Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ухаалаг төлөвлөлт, ил тод газрын харилцаа”-г хэрэгжүүлэх зорилт тусгагдсан. Иймд эзэмшил газраа хуулийн хугацаанд ашиглаагүй, газар эзэмших эрх олгохдоо хууль, тогтоомж зөрчиж олгосон газруудын эзэмших, ашиглах эрхийг цуцлах ажлыг нэн тэргүүнд хийхийг шаардаж байгаагаа мэдэгдлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ