Ерөнхийлөгч шүүх эрх мэдэлд хэт хутгалддагийг хязгаарлана

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хурлаар ярьсан асуудлын талаар тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлэг үндсэн хоёр асуудал хэлэлцжээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал болоод 2019 оны хөрөнгө оруулалтын явц, үр дүнтэй холбоотой мэдээллийг сонссон байна.

Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаарх мэдээллийг ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан гишүүдэд танилцууллаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд орж буй гол заалтууд нь УИХ-ыг хариуцлагажуулах, парламентын тогтолцоог улам төгөлдөржүүлэх, Засгийн газрын эрх мэдлийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлж, Засгийн газрыг тогтвортой, хариуцлагатай ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх, мөн шүүхийн бие даасан байдлыг хангах, орон нутгийн өнөөгийн тогтолцоог боловсонгүй болгоход чиглэгдсэн зэрэг томоохон өөрчлөлтүүдийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан.

Өнөөдрийн бүлгийн хурлаар хуулийн төслийн хүрээнд мэдээлэл сонслоо. Дараа нь дахин эцэслэн хэлэлцэж, УИХ-д өргөн барих нь зүйтэй гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдсэн.

Хэлэлцсэн хоёр дахь асуудал болох БСШУС-ын салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн  нөхцөл байдлын хувьд өнгөрсөн онд тус салбарын хөрөнгө оруулалтын гүйцэтгэл тааруу байсан учраас өнөөдөр тусгайлан авч хэлэлцлээ. Ялангуяа нийслэлийн хувьд тус салбарын хөрөнгө оруулалтын ажил тааруу байлаа. Энэ нь худалдан авалт, газрын чөлөөлөлтийн асуудлаас үүдэж хөрөнгө оруулалт ажил гацаж байна. Салбарын холбогдох хүмүүс нь оролцож бүлгийн гишүүдэд мэдээлэл өгсөн” гэсэн товч мэдээлэл өгөв. Үүнийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ерөнхийлөгчийн зүгээс өнөөдөр  М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн. Уг асуудлыг бүлгийн хурлаар авч хэлэлцсэн үү?

-Ерөнхийлөгч бүлгийн хурал эхэлснээс хойш зөвшилцөх албан бичгээ хүргүүлсэн байна. Тиймээс бүлгийн хурлаар Ерөнхий прокурорын хоёр орлогчийн асуудлыг хэлэлцээгүй. Бүлэг ойрын үед уг асуудлыг хэлэлцэж, нэгдсэн шийдвэрээ гаргана.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан:

-Хүн бүрийн санаа бодол өөр. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд 70-аас дээш хувийн санал авсан заалт оруулж байна. Үндсэн хуулийн 7-8 зүйлд өөрчлөлт оруулж байгаа. Үүний нэг хэсэг нь 2000 онд Үндсэн хуульд өөрчлөлт орсон долоон зүйлд өөрчлөлт орж байгаа. Чуулганы үргэлжлэх хугацаа, “давхар дээл”-тэй холбоотой, Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой, төсөв хэлэлцэн батлахдаа тал тал тийш нь чангаадгийг болиулах зэргийг асуудал байна. Мөн чуулганы үргэлжлэх хугацаа, гишүүдийг хариуцлагажуулах, шүүх эрх мэдэлтэй холбоотой зэрэг асуудлыг тусгана. Гишүүдийн эмзэглэж байгаа тогтолцоо гэдэг үг орж ирсэн. Монгол Улсын иргэд УИХ-ыг гишүүдийг нийтээрээ сонгохдоо саналаа нууцаар өгдөг Үндсэн хуулийн заалт хөндөгдөөгүй. Харин сонгуулийн тогтолцоо журмыг хуулиараа тогтоохтой холбоотой сонгууль болохоос нэг нэг жилийн өмнө Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглохтой холбоотой заалтууд орж ирсэн. Хэлэлцүүлгийн явцад нэмэгдэж, хасагдахыг үгүйсгэхгүй.

Ажлын хэсэг олон удаагийн хурал, хэлэлцүүлэг, санал асуулга зэрэг олон төрлийн ажил зохион байгуулсан. Судалгаа чамбай хийгдсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтүүдийн талаар иргэдийн саналыг авсаар байна. Хэлэлцүүлэг үргэлжилж байна. Үндсэн хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулахдаа олон түмнээсээ асууж, долоо хэмжиж нэг огтлох зарчмаар явна. цаг хугацаа нэлээд шахуу байна. Ийм учраас бүлгийн хурлаар удахгүй дахин хэлэлцэнэ.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэвээр үлдээж, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлнэ гэсэн мэдээлэл байна?

-Ерөнхийлөгчийн хууль санаачлах, чиглэл өгөх эрхийг хуучин хэвээр үлдээж байгаа. Олон нийтийн хэлэлцүүлгээр Ерөнхийлөгч шүүх эрх мэдэлд хэт хутгалддагийг хязгаарлаж өгч байна. Ерөнхий сайдад Засгийн газрын гишүүдээ өөрөө томилох, чөлөөлөхийг хэрэгжүүлэхээр эрх мэдлийг нэмж байна. Ерөнхий сайдын УИХ-ын өмнө хүлээх үүрэг хариуцлага нь нэмэгдэнэ. УИХ-ын эрх мэдлийг танаж байгаа гэдэг асуудлыг хэн, ямар өнцгөөс харахаас шалтгаална. УИХ дээр бүх зүйлийг төвлөрүүлэхийг парламентын засаглал гэж ойлгодоггүй. Харин хууль биелүүлэх, гүйцэтгэх засаглал нь тогтвортой, тууштай ажиллах боломжоор нь хангаж хариуцлага тооцох эрх нь УИХ-даа байхыг парламентын засаглал гэж ойлгодог. Ийм учраас Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дөрөвний нэгээр тавьж байгаа. Засгийн газрыг огцруулах асуудлыг нийт гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэдэг байх заалт орно.

Мөн УИХ төсөв хэлэлцэн батлах үйл явц УИХ-д байна. Гэхдээ Засгийн газартайгаа зөвшилцөж, хөгжлийн төсөв оруулж ирэх заалт  орно” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ