УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн “Капитал” банкийг татан буулгалаа

Өнөөдөр Монголбанк Монголын  арилжааны 14 банкны  нэг Капитал банкийг татан буулгах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.

“Капитал” Банкны эрх хүлээн авах ажиллагааг Монголбанкны Хяналт шалгалтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн захирал М.Адилбиш удирдахаар болсон аж. “Капитал” банкны хувьд чанаргүй зээлийн хэмжээ 208 тэрбум төгрөг байгаа нь банкны нийт зээлийн багцын 80%-тай тэнцэж байгаа гэнэ.

Уг мэдэгдэлд “Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт, Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагч томиллоо.

Дээрх шийдвэртэй холбогдуулан Хадгаламжийн даатгалын корпораци нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт үндэслэн Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 72 тоот тогтоолоор Капитал банкны хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох тухай шийдвэр гаргасан болно.

Капитал банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэл сая төгрөгийн мөнгөн хөрөнгө даатгагдаж, хамгаалагдсан байна. Хадгаламжийн даатгалын корпораци нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу Капитал банкин дахь харилцах, хадгаламж эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөрийг Хаан банкаар дамжуулан олгохоор шийдвэрлэв.

Капитал банкны харилцагчид даатгалын нөхөн төлбөрийн тооцоолол, даатгалд үл хамаарах нөхцөлийн талаар 06.00-24.00 цагийн хооронд Хадгаламжийн даатгалын корпорацийн 11-370-000 лавлах утсаар холбогдон нэмэлт мэдээлэл авна уу” гэсэн байна.

20 сая төгрөгөөс доошхи хадгаламжийг Хаан банкаар дамжуулан олгох аж. Ийнхүү Монголын санхүүгийн салбарт 29 жил үйл ажиллагаа явуулсан “Капитал” банк өнөөдөр дампуурлаа зарлаж байна. Тус банк нь 1990 онд “Үйлдвэрийн хувь нийлүүлсэн банк” нэртэйгээр байгуулагдсан  байдаг. 1998 онд  “Шинэчлэл” банк гэж нэрээ өөрчилсөн бол 2003 оны  хоёрдугаар сарын 28-ны  Капитал банк болжээ.  Мөн тус банк нь 2004 оноос  төрөөс иргэдэд олгож буй тэтгэвэр, тэтгэмж, халамжийн үйлчилгээг үзүүлсээр ирсэн юм.

Ийнхүү УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшлийнх гэгддэг “Капитал” банк татан буугдахаар болов. Б.Ундармаа банкиндаа ЖДҮХС-гаас зээл авсан хэргээр АТГ-т шалгагдаж байгаа билээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ