• Ц.Бавуудорж:Багшийнхаа заасан вальс бүжгийн ачаар олон ч гоо бүсгүйчүүдтэй бүжиглэж,цөөнгүй шүлэг бичсэн

    2014-07-02

    Завхан аймгийн Шилүүстэй сумын 90 жилийн ойд дурсамж тэмдэглэлээ зориулав. 

       Очирваанийн орны баруун өмнөд сав нутаг.Энэ нутгийг Шилүүстэй хэмээн нэрлэнэ.Хангай, таль хээр хосолсон энэ нутаг байгалийн сонин сайхан зохицол бүрдсэн бас ч тэнгэр эрхсийн таалал оршсон зурвас газар хэмээн бодогдох нь бий.Хутагт гэгээд хэмээх эрдэмт хүмүүс, дарь эхүүд төрж мэндэлдэг нь ийн биширхэд хүргэсэн биз.Хүрэн бараан зүстэй, сундалдсан уулс сумын төвийг хүрээлэн оршино.Яг л аргал янгирын сүрэг хүрээлэн хэвтэх мэт дүр зураг нүднээ ургадаг.Энэ л жижигхээн сумын төвийн дунд сургуульд тэртээ 1977 оны намар сурагчийн ширээнд суусан сан.”А” үсэг заасан тэр ачтан багш бол Ж.Дагва багш минь.Багш болоод анх дааж авч байсан анги нь манай анги байжээ.9-р сарын нэгний тэр өдөр багш минь бидний халтар хултар сурагчдыг дагуулан сумын төвийн өмнө дүнхийх бичигтэй хүрэн уулын бэлд очсон билээ.Тэнд биднийг тойрог болгон зогсоогоод та нарыгаа сурагч болсны дурсгал болгож нэгэн үсгийг чулуугаар бичиж үлдээе гэж багш минь хэлсэн.Харин ямар үсэг бичих вэ гэж асуухад бид ам амандаа л шуугицгаасан сан.

    Тэгээд эрдэм номын эх “А” үсэг биш харин ээж гэхэд ордог “Э” үсгийг бичиж үлдээхээр болж тэр хавиар болжмор мэт гүйлдэцгээн чулуу цуглуулж дор нь л нээг их том “Э” үсгийг бичсэн минь одоо ч санаанд тодхон байна.Ж.Дагва багш минь их өвөрмөц сэтгэдэг хүн байсан.Хичээл номын хөтөлбөрөөс гадна оройны чөлөөт цагаар бидэнд уран зохиолын ном уншуулна, шүлэг цээжлүүлнэ.Тэр ч байтугай оройн цагаар ангидаа цуглуулж өндөр намаар нь хос болгоод  вальс хөгжмийн аялгуу сонсгож бүжгийн алхаа хэмнэлийг өөрөө үлгэрчлэн ихэд нямбай зааж өгсөн сөн.Багшийнхаа заасан зөвхөн тэр вальс бүжгийн ачаар л гэхэд олон ч газар оронд гоо сайхан бүсгүйчүүдтэй танилцаж цөөнгүй шүлэг бичээд амжжээ.Тооны даалгаврыг их өвөрмөц шалгана.

    Багш минь техникийн сэтгэлгээ их өндөр хүн байсан.Дөрвөлжин хайрцаг хэлбэртэй төхөөрөмж бүтээсэн юм.

    Түүний нүүрэн талд даалгаварт өгсөн бодлогын гурван хувилбар хариу байна.Хажууханд нь хоёр ишнүүр байх бөгөөд сурагч гурван хариуны аль нэгийн өмнө байгаа нүхрүү ишнүүрийг авч шургуулна.Хэрвээ зөв хариу гаргасан бол бол улаан гэрэл асна.Буруу бодсон бол ногоон гэрэл асна.Ийм өвөрмөц байдлаар даалгавраа шалгуулна.Бид ч улаан гэрэл асаах гэж их л өрсөлдөн өрсөлдөн гар өргөж шуугидаг сан.

    Цээж бичгийг бас өвөрмөц аргаар бичүүлнэ. Бичүүлэх цээж бичгээ магнитфонд гурав дахин хэлж бичүүлж бэлдсэн байдаг.Тэр магнитфоноо самбарын өмнө байрлуулна. Дэвтэр үзэгний бүрэн бүтэн байдлыг шалгаж маш анхааралтай сонсож бичихийг сануулаад магнитфоноо асаачихаад гараад явчихна.Цээжээр бичүүлж байгаа техстийг гурав л уншина.Гүйцээгүй юмуу анхаарлаа төвлөрүүлж чадаагүй нь дахин дахин асууж лавлах боломжгүй.Тэгээд л дуусахад багш орж ирээд цээж бичгээ шуудхан хураагаад авчихна.Анхаарлаа төвлөрүүлэх “бясалгал”-ын анхны шатыг багш минь ийн олгосон билээ. Хагас бүтэн сайн өдрүүдэд нэг том самбар дамжлуулаад сурагчдынхаа ар гэрээр явна.Ойлгоогүй тоог нь эцэг эхтэй нь хамт суулгаж байгаад тайлбарлан ойлгуулна.

    Тэгээд дараа нь сурагчдаараа бэлтгүүлсэн жижигхэн уран сайхны тоглолт үзүүлнэ.Одоо энэ аймгийн алдарт уяач Ц.Зоригоо, Я.Нанзаддорж, О.Доржсүрэн, Б.Уранчимэг, Н.Мөнхнасан, Д.Нарангэрэл гээд олон хүүхэд Д.Нацагдоржийн “Миний нутаг”-аас эхлээд цээжилсэн шүлгүүдээ уншина. Дуу дуулж өгнө.Хэрдээ л хөөрхөн концерт болдог сон.Эцэг эхчүүд ч их урамшина.Бидний 3-р анги төгсөх жил багш минь хэдэн сар бэлдүүлж байж сумын улаан буланд сумын хөдөлмөрчдөд “Алиа Тогмид” нэртэй гурван бүлэг, зургаан үзэгдэлт жүжгийг тоглуулсан билээ.Сум даяараа баясан хүлээж авч их л том хөөр болж байсан санагддаг.Бод доо.Бага ангийн багш нь найруулж, сумын дунд сургуулийн 3-р ангийн тэр жаахан хүүхдүүд тэр том жүжгийн дүрүүдийг урлаж үг өгүүлбэр бүрийг алдаагүй цээжлэн жүжиглэж байсан гэхээр залчих шиг боллоо гэх хүн гараад ирэх вий дээ.Тэр үеийн эцэг эхчүүд сумын түмэн олон мартаагүй гэдэгт эргэлзэх юм алга аа.Ингээд бид 3-р ангиа төгсөхөд бараг 5-р ангийн хүүхдүүдийн дайтай боддог, бичдэг, сэтгэдэг болж төгссөн юм даа.Боловсролын салбарын тэргүүний багш Ж.Дагва багшийн хэдэн арван шавийн нэг өчүүхэн шүлэгч би хувь зохиолоор таарсан багшийнхаа нэрийг өргөж явахыг хичээдэг.Аливааг шинэлэг өнцгөөс харах, өвөрмөцөөр сэтгэх, нягт нямбай явахын “гучин таван үсэг”-ийг нүдлүүлсэн эрхэм хүн хэмээн насан мөнхөд талархан, талархнам билээ.


    Дөрөвдүгээр ангид орсон намар анхны шүлгүүдээ бичсэн юм.Шилүүстэйн харлаг торлог уулс, Балгатайн дэрстэй хонхор өчүүхэн надад заяасан жаахан авьяасыг юуны учир ийм эрт хөглөж сэрээсэн юм бол хэмээн эргэцүүлдэг.3-р ангиа төгссөн зун нагац ах А.Гомбоогийнд зусч билээ.Тэднийх Ар нарийны заводон дээр байсан.Хонь хурга эргүүлж яваад Ар нарийны урд талын өндөр хүрэн дүмбэн дээр гарахдаа анх Отгонтэнгэр уулыг ойрхноос харсан юм.Гялбалзсан цастай тэрхүү өндөр хайрхныг харангуутаа сүрдээд өвсөн дээр бараг хэвтээд өгч байсан байх аа даа.Ийм өндөр, ийм их цастай уул бас байдаг аа хэмээн шинэ сонин мэдрэмжинд хөтөлөгдсөн юм даг.Тэр өдрөөс хойш сэтгэлдээ нэгэн Цагаан уултай болсон хүн дээ би.Тэр намартаа анхны шүлгэрхүү юмнуудаа бичсэн санагддаг.Юу хөтөлж , юу долгисуулж толгой холбохыг шивнэсэн юм бүү мэд.Манайх чинь номын сан байтугай нэг ч номгүй хөдөөний нэг тийм эгэл боргилхон айл байсан.Анхны минь тэр шүлгүүд ”Намар” , “Хавх”, “Анчин” гэсэн нэртэй байсан санагддаг.Тэр бичсэнээ хэл уран зохиолын багш Ё.Бөөрөнхийд үзүүлсэн билээ.Багш өчүүхэн надад урам шагнаж сургуулийн уран зохиолын дугуйландаа бүртгэж авсан юм. Багш минь тэр өдөр алс тэртээд бүүр түүр сүүмэлзэн даллах уран зохиолын далай цагаан өргөөний зүгт хөтлөөд хөдөлснийг 4-р ангийн шавилхан хөвүүн би хэрхэн төсөөлөх билээ дээ.Ё.Бөөрөнхий багш минь эрдэм боловсролтой, аядуу зөөлөн араншинтай их сайхан хүн байсан даа.Ийм багшийн уран зохиолын дугуйланд суралцаж, хэл уран зохиолын хичээл заалгаж, шүлэг яруу найраг, уран зохиолын амт шимтийг авч ёстой л нөгөө гал уураг залгилна гэгчээр билиг оюун минь бойжсоныг хувь ерөөл хэмээн өнөөдөр ч залбирч явнам.Эрдэмт багштай тохионо гэдэг их далайд хөвж яваа цагариг мод мянган жилдээ ганц удаа уснаас дээш толгойгоо цухуйлгадаг алтан мэлхийн толгойд  углагдахтай адил ховор хувь хэмээн өөрөө өөртэйгээ зөвшнөм.

    Аргаль, янгир сүргээрээ налайн хэвтэх шиг амгалан төрхтэй Шилүүстэйн хүрэн уулсын дунд эрдэмт багш, эгэлгүй шавь нар өнөөдөр ч учралдан баяссаар буй.Маргааш ч бас тэрхүү учрал зохионгуй үргэлжлэн үргэлжлэнэ гэдэгт итгэх юутай сайхан бэ.

    Төрийн соёрхолт яруу найрагч Ц.БАВУУДОРЖ

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ