• Х.Тэмүүжин, Г.Батхүү, Б.Дэлгэрмаа нарыг АН-ын дэд даргаар сонгов

    АН амралтын өдрүүдээр 29 жилийн ойгоо тэмдэглэж, Үндэсний бодлогын хорооны хуралдаанаа хийлээ. Тэд хуралдаанаараа УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, ОХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Б.Дэлгэрмаа нарыг АН-ын дэд даргаар сонголоо. АН-ын ҮБХ-ны өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Б.Пүрэвдорж, Р.Амаржаргал нарыг дэд даргаараа сонгоод байсан юм. Ийнхүү АН Х.Тэмүүжин, Р.Амаржаргал, З.Нарантуяа, Г.Батхүү, Б.Пүрэвдорж, Б.Дэлгэрмаа гэсэн зургаан дэд даргатай болоод байна.

    УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, Р.Амаржаргал нарын гишүүд өмнө нь намын үйл ажиллагаанд идэвх санаачлагагүй оролцсон, татвар төлөөгүй гэх шалтгаанаар ҮБХ-ны гишүүнээс хасагдаж байсан юм. Харин энэ удаа намынхаа дүрмийн дагуу дахин ротаци хийх, тэрхүү ротацийн сонгуульд хасагдсан гишүүд дахин оролцох боломжтой гэдгийг тухайн үеийн намын удирдлага хэлж байсан. Ингээд ирэх 2020 оны сонгуулийн өмнөх жил сүүлчийн ротаци хийх намын дүрмийн дагуу ротаци хийж, намын дэд дарга нараа сонголээ. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн хувьд ҮБХ-ны ротацид Төв аймгаас сонгогдсон бөгөөд бүр намын дэд дарга болж томорлоо.

    УИХ-ын сонгуулийн жил ҮБХ-ны гишүүдийн дунд ротаци хийхгүй, мөн ҮБХ-ны гишүүн л УИХ-ын сонгуульд нэр дэвших дүрэм АН-д үйлчилж буй. Тиймээс өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээс эхлэн АН-ын ҮБХ-ны гишүүдийн ротаци явагдсан. ҮБХ нь залуучууд, эмэгтэйчүүд, чөлөөт гэсэн сонголттой. Тэгвэл 2020 оны сонгуулийг угтсан, нэр дэвших санаатай хэд хэдэн хүн бууриа сэлгэсэн бол зарим нь шинээр сонгогдон ҮБХ-ны гишүүн болжээ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Сүхбаатар дүүргээс сонгогдсон бөгөөд тэрбээр МАН-ын гишүүн Ц.Мөнх-Оргилтой би өрсөлдөнө хэмээн хэлж байсан юм. Ерөнхийлөгчийн төрсөн дүү Х.Баттуул энэ удаад  Хан-Уул дүүргээс ҮБХ-нд сонгогджээ.  Түүнээс гадна Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагаан Баянзүрх дүүргээс, УИХ-ын гишүүн асан Д.Одхүү Сонгинохайрхан дүүргээс тус тус сонгогдон орж иржээ. Тэд ийнхүү 2020 онд тус тойргуудад нэр дэвшихээр төлөвлөж буй бололтой.

    gereg.mn

    Холбоотой мэдээ