• УИХ Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилохыг дэмжлээ

    УИХ-ын чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг өнөөдөр хэлэлцэж санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн 94.6 хувь нь Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд томилохыг дэмжлээ. Санал хураалтын дүнг Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулснаар тэрбээр ажилдаа орох юм.

    Санал хураалтын өмнө УИХ-ын зарим гишүүдийн хэлсэн үгсээс хүргэе.

    УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Нэр дэвшигчид амжилт хүсье.1988 оноос хойш салбартаа идэвхтэй ажиллажээ. Монголчууд их цөөхөн. Тийм болохоор нууц зүйл маш бага. Сүүлийн үед цахим мэдээллээс харахад таны талаар сөрөг мэдээлэл гарахгүй байна. Тэгэхээр цагаан мөртэй ажилласан юм уу даа гэж харж байна. салбартаа олон жил ажилласны хувьд танаас эр зориг  шаардагдана. Та том том хэргүүд дээр ажиллана. Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийн 49 хувь, Дубайн гэрээ, С.Зориг агсныг хөнөөсөн гэх мэт том хэргүүдэд ажиллахад ихээхэн эр зориг гарна. Хамт ажилладаг байсан хүмүүс тань утасдах байх. Та Монгол төрийн сүлднийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч,шударга ажиллаарай. Иргэдийн хууль шүүхийн байгууллагад итгэх итгэлийг та авчраасай. Таны ажилд амжилт хүсье. Маш их бэрхшээл дундуур явах байх, гэхдээ үүнийг хэн нэгэн өөрчлөх ёстой”.

    УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Энэ албан тушаалын нэр хүнд маш чухал. Өнөөдөр Монгол төрийн нэрийн өмнөөс яллах дүгнэлт үйлддэг, үүсээд байгаа түвэгтэй асуудлуудад хяналт тавьдаг эрх дархтай байгууллагын удирдлагаар та  очих гэж байна. Өнөөдөр эрүүдэн шүүх ажиллагаанд хяналт тавих гол үүрэг нь прокурорын байгууллага.  Өнөөдөр асуудал их гарч байгаа нь прокурорын байгууллагын алдаатай холбоотой. Та ажиллаа сайн хийхгүй л бол дараа нь цагдаа, тагнуул, прокурорын байгууллага руу хариуцлагаа чихдэг шүү. Үүний тод жишээ Ц.Нямдорж, энэ хүн хууль зүйн салбарт 20 гаруй жил ажилласан атлаа өнөөдөр гэнэт ухаан орж байгаа мэт ярьж эрүү шүүлтийг илрүүлж байгаа баатар болж тоглож байна.  Хууль зүйн салбарыг эрүү шүүлтийн талбар болгосон хүн нь шүү дээ.  Энэ нөхрийн цаад санаа нь юу юм, үүнд прокурорын байгууллага хяналт тавих ёстой. өнөөдөр эрүүдэн  шүүлтэд өртсөн олон хүн бий. Тэдний нэгээс нь ч уучлалт гуйсангүй”.

    УИХ-ын гишүүн С.Жавхлан “Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог” гэдэг.Төрийн хариуцлагатай албанд очихдоо яагаад заавал тангараг өргөдөг нь учиртай. 2016 оны долдугаар сарын 12-ны 12.45 цагт УИХ-ын энэ гишүүд тангараг өргөсөн байдаг юм. Тэр цагаас хойш өргөсөн тангаргаа тэд мартсан. Уг нь бол тангараг гэдэг нь эр, эм аль нь ч бай цээжинд нь гал мэт асч, зүрхэндээ хадаж авч явахыг хэлдэг. Тангаргаасаа няцсан хүмүүст хандаж хэлмээр байна. Та нарт зориулсан тангараг хэлж өгье.Улстөрчид нь хувийн байгууллагынхаа эрх ашгийн төлөө зээл хууль, төсөл төлөвлөгөө авч зөвхөн хувийн байгууллагынхаа болон эхнэр, хүүхдээ баяжуулахын төлөө үнэнчээр зүтгэхээ тангараглая гэдэг шинэ тангарагтай болмоор байна. Харин томилогдож байгаа хүмүүс нь намайг томилсон даргынхаа төлөө үхэн үхтлээ зүтгэнэ гэдэг тангарагтай болмоор байна. Энэ бол өнөөдрийн нийгмийн үнэн бодит байдал. Манай даргыг муулах юм бол цагдан хорино гэдэг. Улсаа хөгжүүлнэ гэж худлаа ярихаа одоо болих хэрэгтэй. Нам дотроо бүлгэм, бүлгэм дотроо жигүүрээ хөгжүүлнэ гэдэг  тангарагтай болчихмоор юм. Нэг удаа хэлээд л түүнийгээ мартахыг тангараг гэдэггүй юм. Б.Жаргалсайхан прокурор  та хэн нэгний өс хонзонг авах, бусдын нөлөөлөлд битгий автаасай гэж хүсч байна. Прокурорын тангарагт “Гаднын нөлөөнд үл автах” гэж маш чухал, өгүүлбэр байна. Та тангаргаасаа битгий няцаарай”.

    УИХ-ын гишүүн Санжмятав “Хууль хяналтын байгууллагын нэр хүнд унасан цаг үед та ажиллах гэж байна. мэргэжлийн сайн баг бүрдүүлж, хариуцлагатай ажиллаарай. Өнөөдөр удирдлагууд нь солигдож байгаа ч гэсэн 95 хувь нь шударга, үнэний төлөө ажиллаж байгаа олон прокурорууд бий, тэднийхээ хүчийг ашиглаж ажиллахыг хүсье”.

    УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Ерөнхий прокурор ингээд томилогдох байх. Одоо ерөнхий шүүгчийнхээ асуудлыг УИХ-д хурдан оруулж ирээч. Яг үүн шигээ ерөнхий шүүгчийг даруй оруулж ирмээр байна. Ирэх долоо хоногт оруулж ирж, шийдмээр байна. Байнгын хороо одоо байнга хэрэг, албан тушаал, эрүүдэн шүүсэн, тамласан гэсэн асуудал л ярьдаг боллоо” хэмээлээ.

    gereg.mn

    Холбоотой мэдээ