• АН-ын жагсагчид Ерөнхий сайд, УИХ-ын даргад шаардлагаа хүргүүлээд тарцгаав 

    АН-аас зохион байгуулсан “Эсэргүүцлийн жагсаал” зохион байгуулагчид УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлснээр өндөрлөлөө. Жагсагчдын зүгээс ЖДҮ-чдэд хариуцлага тооцох, ШХАБ-д элсэхийг хориглох, МАН-ын амлалтыг сануулсан юм. Ардчилсан намын удирдлагууд УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хүргүүлж байгаа шаардлагыг танилцуулсан. Энэхүү шаардлагад, хаврын чуулганы хугацаанд эрх баригчдаас удаах асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэж,  үлдэж буй бүрэн эрхийн хугацаандаа ард түмний  өмнө амласан амлалтаа  өчүүхэн ч гэсэн хэрэгжүүлэхийг  шаардаж байна.

    Жирийн ЖДҮ эрхлэгчдийн боломжийг зохион байгуулалттайгаар хулгайлж, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль зөрчин концессын гэрээ байгуулж, татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулагчдад хариуцлага тооцох.

    Хувийн өмчийг дээдлэх, хуулийг сахин биелүүлэх зарчмаас эрх баригчид алхам алхмаар ухарч, эдийн засгийн тулгын чулуу болох Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойн уурхайнуудыг  улстөржүүлэн  завхруулж,  Монголын ирээдүйг ангал руу түлхэж буй үйлдлээ зогсоож, ард иргэдэд хохиролгүй шийдвэрлэх.

    Төрийн бодлого хэрэгжих Засгийн газрын яам агентлаг, төрийн бусад байгууллагуудад улс төржилт хэрээс хэтэрч, архидалт, авлига хавтгайрч, аллага хүртэл гардаг байдлын хариуцлагыг эзэнгүйжүүлж буй Засгийн газрыг огцрохыг бид удаа дараа шаардах болно.

    Хууль хүчний байгууллагын удирдлагуудыг солих, шинэчлэн томилохыг Ардчилсан нам дэмжиж байгаа ч гагцхүү Үндсэн хуулийн хүрээнд хийхийг шаардаж байна.  Хуулийн хүрээнд хийсэн бүхэн шинэчлэл, өөрчлөлтийн зам руу явдаг учир зөвхөн нэг хүний эрх мэдлийн хүрээг тодорхойлж, дарангуйлал тогтоох эрмэлзлэлийг бид таслан зогсоох ёстой.

    Удаа дараа олон жил хуульзүйн сайдаар ажилласан Ц.Нямдорж өөрийнхөө хариуцсан салбарын буруу бүхнийг бусад руу тохож, С.Зориг агсаны хэргийг захиалагч эзнийг зарлахгүйгээр замхруулан, займчуулах гэж байгаа үйлдлийг Ардчилсан нам чимээгүй өнгөрөөж чадахгүй.  Хуульзүйн сайдаас захиалагч эзнийг нь шударгаар зарлаж, хэлмэгдүүлдэг, эрүүддэг, олон жил үргэлжилсэн үйлдлийн хаагуур нь өнгөрсөн юм бэ гэдэгт тайлбар нэхэж байна гэсэн юм.

    Шаардлага хүргүүлсний дараа эсэргүүцлийн жагсаал өндөрлөсөн юм. 40 мянга гаруй иргэн оролцсон гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байв.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ