• Долоон жил хагаралдсан Баянзүрхийн АН-ынхнаас дүүргийн удирдлагыг хурдхан салгах нь өлзийтэй

    Баянзүрх дүүрэгт долоон жил засаглалын эрх барьсан АН-ынхан эрх мэдлээ өгөхгүй гэж өчигдрөөс хойш багахан “дайн” дэгдээгээд байна. Учир нь   БЗД-т засаглаж байсан АН-ын этгээдүүд тус дүүргийн X, XIX хороодод өнгөрсөн гуравдугаар сарын 23-ны бямба гаригт явагдсан дахин сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж авирлаж байгаагаас тэр.

    13 хоногийн өмнө болсон дахин сонгуулиар X хорооны сонгуульд МАН-ын нэр дэвшигчид  ялалт байгуулж,нийслэлийн сонгуулийн хорооноос үнэмлэхээ авч,ИТХ-ын төлөөлөгчдөөр сонгогдсонд тооцогдсон.Ингэснээр удтал үргэлжилсэн БЗД-ийн засаглалын маргаан цэгцэрч,дүүргийн ИТХ-д олонх болсон МАН Засаг даргаа томилох эрхтэй болсон.Ингээд дүүргийн ИТХ хуралдаж,олонхи болсон МАН Засаг даргад Э.Бат-Амгаланг нэр дэвшүүлсэн. Хуульд заасан процедурын дагуу нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Э.Бат-Амгаланг Баянзүрх дүүргийн Засаг даргаар батламжилсан билээ.

    Гэвч шинэ Засаг дарга тамгаа авах гэтэл хуучин Засаг дарга Д.Пүрэвдаваагийн талынхан тамгаа өгөхгүй,ЗДТГ-ын байрнаасаа гарахгүй гэж өчигдөржингөө фэйсбүүкээр өөрсдийн улангассан тэмцлээ шууд дамжуулж, иргэдийг бухимдуулжээ. Тэд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан руу дайрч,төрийн машин ажиллаж байна гэх  зэргээр орилж,үймээн дэгдээв. АН-ынхны хувьд  нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан шинэ дарга Э.Бат-Амгаланг батламжилснаараа “бурууджээ”. Тиймээс С.Амарсайхан руу элдвээр дайрч байгаад гаргасан захирамжийг нь хүчингүй болгуулах мэх зохиож байгаа гэх. Харин төрийн ажил ном журмынхаа дагуу явах ёстой гэдгийг БЗД-т долоон жил засаглахдаа дүүргийн ажлыг унагасан АН-ын хэсэг нөхөд бодолцсонгүй. Үймээн дэгдээж, орилж хашхирагсдын оройд тус дүүргийн хорооны Засаг дарга нар олуулаа байгаа гэдгийг ч эх сурвалж хэлэв. АН-ын засаглал байхгүй болохоор тэд ажилгүй болно гэж айсан бололтой.

    БЗД дэх засаглалын маргаан аль эртнээс эхтэй. 2016 оны  орон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүргийн дээрх хоёр тойрогт будилаан гарч, гурван шатны шүүхээс  эцсийн шийдвэр гарч,дахин сонгууль явуулах болсон. Ингэж явсаар дахин сонгууль болох үед АН-ынхан хагаралдаж,дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдавааг АН-ын дарга С.Эрдэнэ нь намаасаа хөөчихсөн байв. Тиймээс АН дахин сонгуульд  намынхаа нэрээр нэр дэвшигчээ тодруулж чадаагүй. Харин хуучин Засаг дарга Д.Пүрэвдаваа нь өөрийн гэх хоёр хүнээ бие даагчаар дэвшүүлжээ.

    Хагаралтай,дээр нь бие даагч статустай АН-ынхан яагаад ч ялахгүй нь ойлгомжтой.Тийм байж Засаг даргаа өгөх болохоор элдвийн үймээн самуун дэгдээж,төрийн ажил хийж яваа хүмүүсийг элдвээр доромжлох нь хэтэрсэн хэрэг юм.Тэдний хүслээр бол нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тэднээс айгаад захирамжаа бушуухан буцаах юм байх. Харамсалтай нь долоон жил дүүргийн ажлыг унагааж,дотроо хагаралдан тэмцэлдсэн АН-ынхнаас харин ч дүүргийн удирдлагыг бушуухан салгаж авах нь өлзийтэй. Тус намын засаглалын үед дүүргийн ЗДТГ-ын дарга нь  өрөөндөө хутгалуулсан хэрэг хүртэл гарч байсныг бид мартаагүй.

    gereg.mn

    Холбоотой мэдээ