• Монгол Дарханы “Дуут урлан”-гийн эрхлэгч Д.Баярхуяг: Үе дамжин эдлэгдэх,чанартай бүтээгдэхүүн бүтээхийг зорьдог

    Үндэсний өв соёл, түүн дотроо металлург, төмөрлөгийн чиглэлээр урлал, урлах үйл ажиллагаа явуулдаг  Монгол Дарханы “Дуут урлан” нь 1992 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Монгол шатар, дэл хутга, эмээл, гоёл зүүлт гээд бүгдийг үндэсний хэв шинжийг агуулсан, гоёмсог, чамин, үзэмжтэйн дээр, хэдэн үеэр үе дамжин эдлэн элээх чанартайгаар бүтээх зорилго тавьдаг Дуут урлангийн Эрхлэгч Д.Баярхуягтай ярилцлаа. Тэрбээр   “Урлангийн үүсгэн байгуулч гэвэл би биш, миний багш нар, гэр бүлийнхэн маань” гэв.

    -Та өөрийгөө болоод Дуут урлангийн үйл ажиллагаа, зорилгын талаар танилцуулаач?

    -Монгол Дарханы “Дуут урлан” нь металлург, төмөрлөгийн чиглэлээр Монгол үндэсний шатар, хэт хутга, эмээл, гоёл чимэглэл, шатар зэргийг урлан бүтээдэг. Миний хувьд барилгын техникч мэргэжилтэй,  Дуут урлангийн эрхлэгч. Дуут урлангаас төрөх бүтээлүүд маань хамтран ажилладаг багш, шавь гээд манай баг хамт олны хөдөлмөрийн дүндаас  төрөн гардаг.

    Нэг хүний, нэг дарханы уран бүтээл гэхээсээ илүүтэйгээр хэдэн зууны өмнөөс одоог хүртэл хийгдсэн үндэсний өв соёлыг хадгалсан тэдгээр агуу бүтээлийг хэрхэн шинэчлэн найруулж, өөрсдийнхөөрөө дэгэлж, олон нийтэд түгээх вэ  гэдэг агуулгын дор үйл ажиллагаагаа явуулдаг.

    -Дарханы урлагт  нутаг нутгийн ур хийц, донж маяг нь хоорондоо хээ угалзны утга учир, бэлгэдэл, бүтэц, зохиомжоороо ялгарч байдаг. Дарьгангын хийц гэхээр давхар хээтэй, Батноровын хийц гэхээр жигд цоолборлож урладаг.Танай бүтээлд энэ нутаг нутгийн хийц шингэсэн байдаг уу?

    – 20 дугаар зуунаас өмнөх дарханы бүтээлүүдэд нутаг нутгийн онцлогууд их шингэдэг байсан. Сүүлийн үед техник технологи, мэдээлэл харилцааны хөгжлөөс болоод гэх юм уу, хүн төрөлхтөн бие биенээсээ, дэвшилтэт технологиос нь харилцан суралцаж, ашиглах нь харьцангуй чөлөөтэй болсон.  Үүний дүнд бид мөнгөн аяган дээрээ Вансэмбэрүүгийн гоё чамин хийцийн хамт Батноровын амсар дарах ч юм уу гэх байдлаар ур хийцүүдийг нэг дор нэгтгэн урлаж болох үе ирээд байна. Тийм ч учраас аль газрын, ямар сайн хийц байна тэр бүгдийг нэг дор цогцлоох хүсэлтэйгээр бүтээлээ урладаг.

    -Дуут урланд нийт хэдэн хүн ажиллаж байна вэ?

    -Оргил үедээ 30 гаруй хүн ажиллана. Тааруухан үедээ хоёр, гурвуулаа ч ажилладаг. Санхүүгийн байдлаас л шалтгаална даа.

    – Дархны урлагийн хувьд нэг уран бүтээл төрөх гарахад хэр хугацаа зарцуулагдах вэ?

    -Хүний оюун санаа, сэтгэлээс урган гарч байгаа үзэл бодлоос төрөн гардаг учраас удаан хугацаа орох ч үе бий, харьцангуй богино хугацаанд төрөх гарах ч бас бий. Энэ бол харьцангуй ойлголт. Агуу юм энгийнээс эхлэлтэй гэдэг шиг хурдан хугацаанд зурсхийж орж ирээд, бүтээл болсон нь их нэр хүндэд хүрэх тохиолдол бас  байдаг байх..

    – Та багаасаа дарханы урлагт суралцаж байв уу?

    -Аав, ээжийн минь талуудад их гарын ур дүйтэй хүмүүс байдаг нь надад урлалын ажил хийх сэдэл, санааг бий болоход нөлөөлсөн.

    -Хамгийн анх үндэсний дарханы урлагийн чиглэлээр ямар бүтээл урлаж байв?

    -Хүүхэд байхын л зураг зурах, модон дээр сийлэх, төмөр зэс гуульны өөдөс олдвол хөөж урлах сонирхолтой байлаа. Одоо ч гэсэн энэ сонирхлынхоо дагуу суралцсаар л байна.  Яг миний санахын бол түлэх гээд байгаа түлээний модоороо түлж болохооргүй амьтны дүрслэлийг хийчихдэг байсан . Металлург урлалын хувьд гэвэл бас хүүхэд байхаасаа төмөр дээр хадаасаар янз бүрийн хээ,дүрс их сийлдэг байсан.

    -Манай иргэдийн хувьд үндэсний дархны урлагийн бүтээлүүдийг худалдан авах сонирхол нь хэр байна вэ. Голдуу ямар төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч байна?

    -Заримдаа санаандгүйгээр хийсэн, сэтгэлд их хүрээгүй бүтээгдэхүүн их худалдан авалт, өндөр ашиг авчрах тохиолдол байдаг. Маш их сэтгэл зүтгэл, мөнгө хөрөнгө, цаг хугацаа зарцуулж хийсэн зүйл маань бусдын таашаалд нийцэхгүй, борлогдохгүй тохиолдол ч байна.  Амьдралынхаа туршид ядуу байсан зураачийн зураг үхснийх нь дараа хэд дахин үнэлэгдсэн гэдэг шиг л…

    -Хүмүүс худалдан авья гэвэл хаанаас авах боломжтой вэ?

    -Манай урлангийн хувьд хоёр газар байрладаг. Бүтээгдэхүүнээ UB галериа, УИХ-ын дэлгүүрээр голчлон, мөн бусад эртний эдлэл,бэлэг дурсгалын дэлгүүрүүдээр борлуулж байна.

    -Монгол үндэсний өв соёл шингэсэн бүтээгдэхүүнийг бид өөрсдөө гэхээсээ илүү гадаадын хүмүүс их сонирхдог. Ер нь энэ чиглэлээр хэр борлуулалт хийж байна вэ. Цаашдаа, гадны зах зээлд борлуулалт хийх төлөвлөгөө байгаа юу?

    -Дотоодын борлуулалт тэр болгон хүссэн хэмжээнд хүрдэггүй. Улс орны нийгэм, эдийн засгийн байдлаас шалгаалж байгаа байх. Гаднын  худалдан авалт дотоодын худалдан авалтаас заримдаа илүү ч юм уу гэж ажиглагддаг. Бидний хийсэн гар урлал, дархны бүтээлүүдээс худалдан авдаг  Европчууд бид нарыг олоод, зориод ирсэн байдаг. Дотоодын зах зээл дээрээ сайн борлуулалт хийвэл, бүр цаашлаад өөр зах зээл байгаа гэж харж байгаа. Гэхдээ бид худалдаа бизнесийн талаа бариад явах уу, эсвэл өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх үүрэг хүлээдэг уран бүтээлч замыг сонгох уу гэдэг нь хоёр замын үзүүр дээр ирчихээд байна.

    -Дархны урлагаар дамжуулан хүмүүст  өв соёлоо ойлгуулах, өвлүүлэх нэг зам байна гэж байна. Таны хувьд бүтээлээрээ дамжуулан хүмүүст ойлгуулахын хүсдэг зүйл юу вэ?

    -Миний хувьд монголчууд дэлхийд шатрыг анх үүсгэсэн гэдгийг өөрийн чадах хэмжээндээ бага ч боловч нотлохыг хүсдэг. Одоогоор өөрийн толгойд буусан, хүмүүсээс мэдэж сурч авсан Монгол шатрын 27 загварыг хийсэн байна. Өөрийн мэдсэн, сурснаа олон нийтэд түгээх, сургуулийн хүүхдүүдэд өвөг дээдэс маань шатрын спортын анхдагчид байсан юм байна гэдгийг ойлгуулахыг хүсдэг . Ингэж ойлгуулахын тулд хүүхэд, залуучуудыг шатар тоглуулахын тулд, худалдан авах сонирхолд нь зориулж гоё чамин хийц бүхий шатрыг олон тоогоор үйлдвэрлэх зорилт тавиад байна.  Уран бүтээлч бид бол бизнесийн,капиталын хүмүүс биш.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ