• Шинэ Баялгийн сангаас иргэд шууд, шууд бус, дам байдлаар өгөөж хүртэнэ

    www.gereg.mn-ийн “Зүг чиг” булан энэ удаа баялгийн сангийн тухай мэдээллийг хүргэж байна. Байгалийн баялагтай улс орнууд сан үүсгэж, урт хугацаанд хөгжлийн төсөл, хөтөлбөрүүддээ зарцуулдаг туршлагыг Монгол Улс одоо л нэг ажил хэрэг болгох чигтэй байгаа юм. Одоогоор Баялгийн сангийн тухай хуулийн төсөлд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг, дороо дэд хэсгүүдтэй ажиллаж байгаа аж.

    Таван жилийн турш хийгдсэн суурь судалгаануудын дүнд Баялгийн сангийн тухай хуулийн төсөл бэлэн болжээ

     Баялгийн сан байгуулах бэлтгэл ажил, Баялгийн сангийн хуулийн төслийг боловсруулах ажил ямар төвшинд явж байна вэ.Энэ асуудлыг  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Батмагнайгаас тодрууллаа. 

    -Баялгийн сангийн хуулийн төслийг бид ганц, хоёрхон сарын дотор судлаад, гаргаад ирчихээгүй.  Баялгийн сангийн тухай “Эрдэнэс Монгол” 5 жилийн өмнөөс судалж ирсэн. Суурь судалгааг маш сайн, урт хугацаа зарцуулан хийгдсэн учраас энэхүү Монголын хөрсөнд буухаар нилээн сайн хуулийн төсөл болсон.Хүний хөгжлийн сан, Ирээдүйн өв сан зэрэг өмнөх сангуудын туршлага , таван жилийн хугацаанд хийгдсэн суурь судалгаа, бусад орны туршлага зэрэг нийт 86 эх сурвалж бүхий Баялгийн сангийн хуулийн төсөл эцсийн байдлаар бэлэн болоод байна.

    Шинэ Баялгийн сангийн хуулийн төсөл нь 5 бүлэг, 23 зүйлтэй.

    -Баялгийн сангийн хуулийн төсөл нь дэлхийн жишигт нийцсэн, Монголын хөрсөн дээр буусан төсөл болсон тухайд…? 

    -Нэгдүгээрт, дээр дурдсан Сантъягогийн зарчмын 24 зарчмыг бүрэн суулгасан, хоёрдугаарт Хүний хөгжлийн сан, Ирээдүйн өв сан гэсэн баялгийн сангуудын өмнөх туршлагуудыг шингээж өгсөн зэрэг үзүүлэлтээр энэхүү шинэ Баялгийн сангийн тухай хуулийг орчин үеийн баялгийн сан буюу олон улсын конвенцын суурь зарчимд нийцсэн,   Монголын хөрсөнд буусан хуулийн төсөл болсон гэж үзэж болох юм.Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг дор дурдсан 5 төрлийн ойлголт, зорилгын хүрээнд дэлхийн улс орнууд өөрийн орны онцлогтой уялдуулан Баялгийн сангаа байгуулж байна.

    Эдгээр нь,

    1. Тогтворжуулалтын сан
    2. Хадгаламжийн буюу ирээдүйн сан
    3. Хөрөнгө оруулалтын сан
    4. Тэтгэвэрийн сан
    5. Баялгийн сан

    Дэлхий дээр 120-иод томоохон баялгийн сан байгаа бөгөөд эдгээр нь дээр нийт 11 их наяд ам.долларын нийт актив хөрөнгө оруулалт цугларсан байдаг.

    Баялгийн сан гэдэг ойлголт маань 2008 оноос хойш Сантьягогийн  конвенц батлагдсанаар олон улсад Баялгийн сан гэдэг ойлголт тодорхой болсон. Энэ конвенцоор  олон улсад нийтээрээ хүлээн зөвшөөрөгдсөн баялгийн сангийн тухай ойлголтыг анх удаа бий болгож, “Баялгийн сан (SWFs) гэдэг нь Засгийн газрын эзэмшилд байдаг тусгай зориулалтын хөрөнгө оруулалтын зохицуулалтын сан юм”гэж хууль эрх зүйн хувьд томьёолсон байдаг.

    Баялгийн сангийн зорилго нь “Макро эдийн засгийн зорилтыг хангах зорилгоор Засгийн газраас байгуулдаг. Баялгийн сан нь санхүүгийн зорилгодоо хүрэхийн тулд өөрийн хөрөнгийг эзэмшиж, удирдаж, захиран зарцуулах замаар гадны санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулалт  хийж өөрийн улсын хөрөнгө оруулалтын стратегийг хэрэгжүүлэх” юм.

    -Шинэ Баялгийн сангийн тухай хууль батлагдах хүртэл ямар үе шатуудыг дамжих вэ?

    -Баялгийн сангийн тухай хуулийн төсөл нь УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт танилцуулагдсан бөгөөд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт танилцуулж Засгийн газрын хуралаар уг хуулийн үзэл баримтлалыг батлуулах, УИХ-д өргөн барих, Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хийх, 30 хоног webside-д тавьж олон нийтэд хэлэлцүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг үе шаттай авч хэрэгжүүлэх ажлууд байна.Иргэд маань шинэ Баялгийн сангийн хуулийн төсөл, түүний үзэл баримтлал, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагатай нь танилцан, өөрсдийн саналаа илэрхийлэх бүрэн боломжтой юм.

    Бүх боломжууд нь бүрдвэл урьдчилсан байдлаар хаврын чуулганаар өргөн барихаар тооцоолсон байгаа.

    “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хууль, эрх зүйн газрын захирал Б.Сүндэръяа:Одоо байгуулагдах Баялгийн сангаар дамжуулан ажилтай, орлоготой Монгол иргэдийг бий болгоно

    -Баялгийн сангийн хууль  батлагдсанаар Монгол улсын иргэдэд ямар өгөөжтэй вэ?

    -Баялгийн сан нь дээр дурдсан баялган сангийн төрөл дотроо нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялгаас орлого төвлөрүүлж,өсгөн нэмэгдүүлэх  иргэддээ тэгш хүртээмжтэй хуваарилах гэсэн чиг үүрэгтэй. Иргэд шууд, шууд бус, дам гэсэн байдлаар гурван байдлаар өгөөж хүртэнэ.

    • Шууд өгөөж- “Эрдэнэс Монгол” ХХК-ий нэгдэлд байгаа охин компаниуд ногдол ашиг хуваарилж эхлэхэд “Эрдэнэс Монгол” компанийн давуу эрхтэй хувьцаагаар дамжин иргэдэд ногдол ашиг тараана
    • Шууд бус өгөөж- “Эрдэнэс Монгол” ХХК болоод түүний охин компаниудын улсын төсөвт татварын орлогыг төвлөрүүлдэг. Энэхүү орлогоос иргэдийн тэтгэвэр, даатгал, нийгмийн халамжинд зарцуулагдаж байна.
    • Дам байдлын өгөөж– “Эрдэнэс Монгол” ХХК-иас бойжуулж, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдээр дамжин ажлын байр бий болдог. Жишээ нь, Оюу толгойд гэхэд давхардсан тоогоор 30,000 Монгол хүн ажлын байраар хангагдсан.

    Нийгмийн дундаж давхаргын тоо нэмэгдсэнээр нийгэм дэх авлига,гэмт хэргийн төвшин буурч, нийгэм маань өөрөө тайван,амгалан, тогтвортой болдог.Энэ бүх өгөөж маань ирээдүйд байгуулагдах Баялгийн сангаар дамжаад иргэдэд хүрнэ.

    Баялгийн сангийн орлогын төсөөлөл: Орлогоос зарцуулалт хийхгүй  бол 2028 он гэхэд 44.1 их наяд төгрөг төвлөрнө.

    Баялгийн санд төвлөрөх 2017,2018 оны МУ-ын төсвийн гүйцэтгэл, Ирээдүйн өв сан дээр төвлөрсөн орлогын гүйцэтгэл, санд хөрөнгө оруулах хөрөнгө оруулалтын урьдчилсан судалгаа, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, охин компаниудын хувьцааг борлуулсны орлого зэргийг үндэслэн орлогын төсөөллийг хийжээ. Баялгийн сангийн орлогын төсөөллөөр бол  зөвхөн  Оюутолгой, Тавантолгой, Багануур, Шивээ-овоо зэрэг стратегийн ордуудан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэхэд жилд 3.8-4.2 их наяд төгрөг төвлөрнө. Ингэснээр “[bctt tweet=”Эрдэнэс Монгол” ХХК-ий нэгдэлд байдаг стратегийн ордуудын нөөц ашигласны төлбөр нь Баялгийн сангийн орлогын төсөөллийн 65 хувийг дангаараа бүрдүүлж байна.

    Шинээр хөл дээрээ зогсохоор зэхэж буй Баялгийн сангийн орлогын төсөөлөл нь одоо байгаа баялгийн сан болох Ирээдүйн өв сангийн төсвөөс тусдаа.  Өөрөөр хэлбэл [bctt tweet=”2028 он гэхэд төвлөрөх 44.1 их наяд төгрөг нь зөвхөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн стратегийн ордуудын нөөц ашигласны төлбөр, бусад татвар, бүтээгдэхүүн хуваах гэрээ зэргээс баялгийн санд орлого төвлөрөх юм.

    Тайлбар:

     Баялгийн сантай байна гэдэг нь орлогоо төвлөрүүлчихээд бүгдийг нь түгжээд  суухын нэр биш юм.  Мөн зарцуулна гээд нь орлогоо үрээд, тараагаад дуусгачихна гэсэн үг бас биш. Баялгийн сангийн орлогын 50 хувийг  түгжиж,  50 хувийг шаардлагатай төслийг санхүүжүүлэх байдлаар тэнцвэрт байдлыг  хангана.

    Баялгийн сангийн орлогын 50 хувийг  хоёр чиглэлээр зарцуулна.

    • Нэгдүгээрт,Асгатын мөнгөний орд шиг шаардлагатай гэсэн төсөл хөтөлбөрүүдээ өөрсдийн мөнгөөрөө санхүүжүүлнэ. Энэхүү төсөл хөтөлбөр санхүүжүүлэх зарцуулалт нь Баялгийн сангийн орлогыг арвижуулах зорилгоор шаардлагатай төсөл хөтөлбөрөө эргэлтэд оруулах гэсэн үг юм.

    • Хоёрдугаарт, Баялгийн сангийн эх үүсвэрийг мөн адил арвижуулах зорилгоор гадаадын тогтмол өсөлттэй компаний хувьцааг худалдан авна.

    Баялгийн сангийн хуульд үндэслээд Хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх корпараци болох “Эрдэнэс Монгол” ХХК нь дөрвөн чиг үүргийнхээ хүрээнд дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд борлуулж ашиг олдог компани юм.

    “Эрдэнэс Монгол” ХХК нь дараах дөрвөн чиглэлийн чиг үүргийг гүйцэтгэдэг:

    1. Оюутолгой, Тавантолгой, Багануур, Шивээ-овоо зэрэг стратегийн ордууд дээр үйл ажиллагаа эрхэлж буй бүхий л төрийн өмчийн компаний төрийн мэдлийн хувьцааг “Эрдэнэс Монгол” ХХК эзэмшиж, төрийн төлөөллийг хэрэгжүүлдэг.
    2.  Стратегийн ач холбогдолтой ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулдаг.
    3.  Ордуудад шаардлагатай хөрөнгө оруулалтыг өөрсдийн нөөц бололцоо болон гаднаас хөрөнгө оруулалт татаж, төвлөрүүлдэг.
    4.  Шинэ технологи, инновацийг мега төсөл хөтөлбөрүүдээрээ дамжуулан бий болгодог. Жишээлбэл, стратегийн ач холбогдолтой Оюу толгой ордыг дагаад дэлхийн шилдэг зэс олборлох технологи орж ирсэн.

    Харин Баялгийн сан байгуулах болсноор “Эрдэнэс Монгол”ХХК-ийн үндсэн чиг үүргүүд дээр Баялгийн сангийн хөрөнгийн удирдлагыг  хэрэгжүүлэх чиг үүрэг нэмэгдэж байгаа юм.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ