“Амжилт”-ын эзэн Ж.Шижир: Amjilt.com бол зөвхөн боловсролын төрлөөр дагнасан платформ  

2019-04-03

“Том амжилт” ХХК-ийн үүсгэн байгуулагч, www.amjilt.com платформыг санаачлан хөгжүүлэгч Жаргалсайханы Шижиртэй ярилцлаа.

-“Том амжилт” компанийнхаа  түүхээс хуваалцаач?

– Манай компани 2007 онд байгуулагдсан, 12 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Amjilt.com веб сайтыг ажиллуулж, хөгжүүлэхийн хажуугаар Amjilt.news мэдээллийн веб сайт, онлайн худалдааны Amjilt.shop-ыг  ажиллуулдаг.  Amjilt.shop нь манай компанийн  ашгийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг. Амжилт студи маань Монголын анхны бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино Мора-г амжилттай хийсэн.     Амжилт студийнхан маань одоо “Пороро” шиг 3D “Зуузуугийн найзууд” хүүхэлдэйн киног 100  ангитайгаар гаргахаар ажиллаж байна.Амжилт академи нь богино хугацааны онлайн болон танхимын сургалт явуулдаг . Энэ бүхний зэрэгцээ веб сайт, видео, аппликейшн хийх үйлчилгээг үзүүлдэг. Хамгийн их веб сайт хийсэн компани гэж хэлж болно.БНЭУ-ын их сургуультай хамтраад  IT инженер,  график дизайнер, маркетингийн менежер гэсэн гурван мэргэжлээр  бакалаврын сургалтыг ирэх  есдүгээр сараас хичээллүүлж эхлэх гээд элсэлтээ авчихсан. “Том амжилт” ХХК  байнгын ажилладаг  40 гаруй ажилтантай.

Бидний хамгийн гол төсөл бол боловсролын асуудлыг шийдэхийг зорилгоо болгосон Amjilt.com платформ юм. Энэ бол миний мөрөөдлийн, миний бахархал болсон хамгийн том ажил маань.

– “Мөрөөдлийн” гэдэг тодотголоо дэлгэрүүлж ярьж өгөөч?

–  Ийм платформ хийх санаа маань амьдралд тулгардаг асуудлаас урган гарсан. Намайг сургуульд байхад математикаас бусад хичээлүүд дээр лекц гээд л бараг цээж бичиг хийлгэчихдэг байсан. Тооны хичээл дээр  багш самбар дээр тоогоо бичиж байгаад л зарим нь бичиж амжаагүй байхад арилгачихдаг. Тэгвэл  цээж бичиг, хуулан бичгийн хойноос явах биш, яаж  илүү бүтээлч суралцаж болох вэ? Гэсэн бодлоос энэ санаа маань урган гарсан. Багш нар лекцээ манай платформд оруулчихна, хүүхдүүд тэндээс өөрсдөө уншаад, илүү үр бүтээлтэй суралцах боломжтой болгосон нь дээрх санаагаа хэрэгжүүлсэн хэрэг.  Тухайн хичээлийн дор хоорондоо харилцаад, ойлгож байгаа эсэхээ мэдчих боломжтой.      Тэрнээс биш XXI зуунд ирчихээд  “За, бичээрэй хүүхдүүдээ” гээд л баахан цээж бичиг хийлгүүлээд байдгаа болих хэрэгтэй. Amjilt.com платформыг ашиглавал хичээлийг хуулах, цээжлэх зэрэг механик байдлаар биш яг сурах, өөрийн болгох гэдэг тал дээрээ ажиллах бүрэн боломжтой . Энэ бол миний мөрөөдлийн бодит биелэл.

Хичээлээ үзчихээд Amjilt  чатаар багштайгаа, ангийнхантай чатлаад, мэдэхгүй зүйлээ асуух ч боломжтой. Фэйсбүүк дээрх хичээлийн группууд руу орж байгаад хүүхдүүд нэг мэдэхэд өөр юмаар “аялаад” явчихдаг.  Фэйсбүүк илүү энтертайнмент , твиттер улстөр, линкедин ажил хэргийнх гэдэг шиг манайх бол дан боловсролын төрлөөрөө дагнаад явна гэсэн үг.   Боловсролыг илүү хямд бөгөөд үр дүнтэй цаг  хугацаа, хүч хэмнэн эзэмших бололцоог олгоно.   Сургууль, багш нар, оюутан сурагчид, байгууллага, хувь хүн бүгд ашиглаж болох платформ буюу програм.  Платформ гэхээрээ аппликейшн, веб хоёуланд нь ашиглах боломжтой гэсэн үг. Amjilt.com платформ гол таван үйлдэл буюу боломжийг хэрэглэгчдэд өгдөг.

Amjilt.com платформ гол таван үйлдэл буюу боломжийг хэрэглэгчдэд бий болгоно.

Нэг дэх боломж.  Дурын хэрэглэгч ном, хичээл,ярилцлага гээд   оюуны өмчийн контентоо манай платформ дээр үнэгүй тавих, улмаар  арилжаалах боломжтой.  Amjilt.com дээр үнэгүй тавьсан оюуны бүтээлээ 50-аар зарах уу, эсвэл 5000-уу,үнэгүй бусадтай хуваалцах уу гэдэг тухайн хүний дурын асуудал.  Манайх  ямар нэгэн татаас авахгүй.

Хоёр дахь боломж. Amjilt.com дээр  гишүүнчлэлийн бүлэг үүсгэж болно. Сар болгоны 10 000 төгрөгийн  хураамжтай бүлэг үүсгээд ном, хичээл, өөр бусад юу хуваалцмаар байна,түүнээ  хуваалцдаг байх жишээний. Тухайн бүлэг үүсгэж буй хүн бусдаас мөнгө авч байгаа юм чинь хариуд нь ямар нэгэн юм өгөх ёстой. Тэр нь тухайн хүний оюуны өмч буюу контент байх юм.  Сард 10 000 төгрөг төлчихөөд тухайн бүлэг дотор  хэдэн контент байна, бүгдийг  үзэх эрхтэй болж байгаа гэсэн үг. Ийм байдлаар оюуны өмчөө, контентоо зарах боломжтой.

Гурав дахь боломж.Онлайн сургалт хичээллүүлж болно. Жишээ нь, 30 хичээл, 10 асуулттай хөтөлбөрөө гаргачихна. Тэгээд тухайн суралцагч эхний хичээлүүдээ үзэж, тестээ бөглөснөөр  дараагийн хичээлээ үзэх эрх үүсдэг байхаар зохицуулагдсан. Ингэж явсаар боловсруулсан хөтөлбөрийн дагуу онлайн сургалтаа  төгсөхөд  сертифак өгч ч болно.  Фэйсбүүк дээр өөрөө аккаунт, хуудас үүсгэдэг шиг бүх юмаа тухайн хүн өөрөө удирдах нь Amjilt.com платформыг ашиглан онлайн сургалт явуулахын давуу тал. Сургалтад ямар аудио, бичлэг ашиглах, ямар бичвэр оруулах, үнэлгээ гэх мэт бүх зүйлийг өөрөө удирдана.

Дөрөв дэх боломж. Хийлгэмээр, заалгамаар байгаа, эсвэл өөрөө хийх ажил,заах хичээл,сургалтынхаа  зарыг оруулаад бусадтай харилцаа тогтоох боломжтой.

Тав дахь боломж.  Жижиг сургалтын төвөөс эхлээд томоохон сургуулийн дотоод үйл ажиллагаа буюу ирц, дүн, эцэг эхийн хурал, сургалтын төлбөр, шинэ мэдээллийг манай програм дээр хийж болно. Илүү амархан болгож байгаа гэсэн үг. Сургуулийн захиргаа, багш нар, сурагчид бүгд ашиглах боломжтой.

-Энэ төслөө анх хэзээ эхлүүлсэн бэ. Одоогоор хэр хандалттай, хэдэн хэрэглэгчидтэй болсон бэ?

-Анх 2010 оноос хойш хөгжүүлсэн. Хэсэг хугацаанд санхүүгийн улмаас тасалдалтай байж байгаад 2015 оноос эрчимтэй хөгжүүлж байна. Одоогийн байдлаар 23 000 хэрэглэгчидтэй болсон.  Тав, зургаан сургалтын төв, их сургуулиуд бүртгэлтэй ажиллаж байна. 100 гаруй багш, зохиолч буюу контент бүтээгчид нэгдсэн байна.

Платформыг одоогоор ямар сургуулиуд   ашиглаж байна вэ?

-Одоогоор миний найз, таньдаг удирдлагатай сургуулиуд ашиглаж байна. Яг нийтэд хандсан зар сурталчилгаа хийж,   таниулах ажлыг хийгээгүй байна. Мэдээж Амжилт  академи маань хамгийн үр дүнтэй  ашиглаж байна.  Програмчлалын  асуудлуудаа  шийдэх замыг олоод, эхнээс нь хөгжүүлээд явж байх хооронд  маркетингийн ажил орхигдсон байх талтай. Цаашид ч системийн  хөгжүүлэлт хийгдсээр л байна.

-Танай платформ шиг ийм таван үйлдэл бүхий цогц шийдэл Монголд өөр байна уу?

-Сургуулиуд дотооддоо ашигладаг дүн, ирц, төлбөр бүртгэдэг програмууд байдаг. Гэхдээ онлайн сургалттай нь, эцэг эхтэй нь холбогдсон цогц,уян хатан ажиллаж чаддагүй. Програмдаа захирагдаж ажилладаг. Амжилтын хувьд програм гээд байнга компьютер дээр суугаад байхгүйгээр утаснаасаа ашиглах боломжтой, мэдээлэл оруулахад хялбар, их цаг гаргахгүйгээр хөгжүүлэх боломжтой.

-Их, дээд сургуулиудын төвшинд танай платформыг хэрэглэх сэтгэл зүй,шаардлага  хэр байгаа бол…?

-Янз бүрийн програм хэрэглэснээс, эсвэл зүгээр цаасан дээр бичсэнээс цаг, хүч хэмнэх,ирц, дүн, төлбөр гээд бүх зүйлийн график үзүүлэлтээр харах буюу дата мэдээллийг боловсруулах үйл явц нь маш хурдацтай явагддаг учраас хэрэглэх шаардлага,хэрэгцээ хангалттай бий. Цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хувьд маш их хэмнэлттэй, ашигтай тусах учраас   мэдээж хэрэглэнэ.

-Тухайн сургууль танай платформыг хэрэглэе гэвэл танайхтай гэрээ байгуулах шаардлагатай юу. Эсвэл шууд ашиглаад явах уу?

-Онлайнаар үйлчилгээний нөхцөлөө зөвшөөрөөд шууд хэрэглээд явчихаж болно. Заавал цаасаар гэрээ хийе гэвэл хүрч ирээд цаасаар хийсэн ч болно. Бусад бүх үйлчилгээ нь үнэгүй боловч зөвхөн байгууллагын хувьд үнэтэй байгаа. Нэг хүн жилийн таван мянган төгрөгийн үнэтэй.  Сурагч, багш, захиргаа нийлээд 100 хүнтэй сургууль байвал жилд таван зуун мянган төгрөг төлнө гэсэн үг. Мэдээж эхний ээлжинд тодорхой хугацаанд үнэгүй ашиглах боломжийг бүрдүүлнэ.

-Боловсрол бол улсын хөгжлийн номер нэг асуудал. Энэ талаар төр засагтай хамтарч ажиллах, дэмжүүлэх шаардлагатай юу?

-Боловсролын маш олон төрийн байгууллага байдаг юм билээ. Үнэндээ, би яг хаана хандахаа мэдэхгүй байна. Манай платформ нь тухайн боловсролын байгууллагадаа ашигтай. Mанай платформын ашиг тус, үр өгөөжийг мэдээд, хэрэглээд үзээрэй гэж санал болгохыг  хүсч байна. Төрийн байгууллагууд  ядаж судлаад үзээсэй гэж хүсч байна.

-Бүлэг үүсгэх,онлайн хичээл оруулах,цахим архив үүсгэхийг ямар ч салбарын хэн ч үүсгэж болох нь их таалагдаж байна. Мэдээж агуулга нь бусдыг,эсвэл өөрийгөө боловсруулахад чиглэсэн…?

-Жишээ нь,нүүрээ хэрхэн цэвэрлэх вэ гээд ч хичээл оруулж болно шүү дээ. Хуулийн байгууллагууд хууль,эрх зүйн заалтууд оруулдаг, тэрийг нь гишүүнчлэлийн байгууллагууд нь ороод үздэг ч байж болно. Ямар ч салбарын боловсрол олгодог байж болно. Хүн чинь насан туршдаа л суралцдаг. Хүмүүс ямар нэгэн юмыг суралцаж мэдэж, хөгжөөсэй л гэж хүсч байна.  Суралцаж мэдвэл худалд итгэхээ больж, улс орны хөгжил, байгаль орчны асуудал аяндаа шийдэгдэнэ. Монгол Улсын хэмжээн дэх 900 гаруй сургуулийн 800 мянган оюутан, сурагч, 400 мянган багш нар бүгдээрээ хэрэглэх байх.

Бие даан мэдэж, сурч, хөгжих нээлттэй боломж бүхий “Амжилт” платформ

-Шижирээгийн амжилтын нууц юу вэ?

Их гоё гоё юм яримаар байдаг. Гэхдээ хариулт нь маш энгийн. Үхтэлээ л ажилласан. Зүгээр байж байсан чинь нэг ийм санаа орж ирээд, ингэсэн чинь ингээд гэсэн үлгэр миний хувьд  байхгүй.  Би охиноосоо ямар хүн болох вэ гээд асуусан чинь шүдний эмч, жүжигчин болно гэсэн. Миний  хүү Амжилт, 9 настай. Харин хүүгээсээ ямар хүн болох вэ  гэсэн, “Би жирийн хүн болно” гэсэн. Мундаг компанийн захирал болно гэж хэлэх байх гэтэл өөдөөс “Зүгээр л жирийн хүн болно” гэсэн.  Би их ажилтай, стресстэй, гэр бүлдээ ч зав гаргаад байдаггүй болохоор захирал биш, жирийн л хүн болвол их аз жаргалтай байна гэж ойлгосон  юм болов уу. Хүүгээ тэгэж хэлэхэд нь би их эвгүй байдалд орсон. Ер нь амралтын өдрүүдэд ч, наргиж байхдаа ч байнга л ажлаа бодно.  Санхүүгийн хувьд эсвэл ямар нэгэн байдлаар мухардал,эрсдэлд  орох юм байна гэдгээ олоод харчихвал  шаналаад унтаж чаддаггүй. Маш их бодно. Зарим хүмүүс  бол хэсэг хугацаанд бодоод орхичихдог. Миний хувьд тоо их бодсоноос ч болдог юм уу, их боддог. Төлөвлөгөөгөө  бодитой гаргаж, төлөвлөгөөнийхөө дагуу шаргуу ажиллаж, маркетингаа зөв хийж, санхүүгаа зөв удирдаж, алсыг харж явсны хүчинд ямар нэгэн гаднын ивээн тэтгэгчгүйгээр органикаараа хөгжиж дэвжиж явна.  Компани органикаар хөгжих нь гэнэтийн уналтад орохгүй давуу талтай. Компани маань өсөж дэгжихийн хэрээр би өөрөө харин  ажлын төлөө л төрсөн юм шиг муухай зуршилтай болчихсон. Сүүлдээ ааш зан хүртэл яхир ч болсон  юм шиг санагдаад байгаа (инээв).

-Компанийнхаа ирээдүйг хэрхэн төсөөлж,төлөвлөсөн бэ?  

-……………………

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ