• Инноваци үйлдвэрлэлд эх оронч худалдан авалтыг санал болголоо

    2019-03-29

    Эрдэмтдийн  инноваци шингэсэн, импортыг орлох  бүтээгдэхүүнийг төрийн бүтээгдэхүүн үйлчилгээнд нийлүүлэх, нэвтрүүлэх, нутагшуулах зорилгоор “Эх оронч худалтан авалт-Инноваци үйлдвэрлэл” цуврал хэлэлцүүлгийг өчигдөр  зохион байгууллаа.   Засгийн газраас 2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарласны хүрээнд Шинжлэх ухаан, технологийн сангийн  оюуны биет болон биет бус бүтээлд төрийн дэмжлэг авах зорилгоор уг хэлэлцүүлгийг хийсэн. Уг сангаас УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, БСШУСЯ-ны ШУТБГ-ын дарга С.Мөнхбат, ШУА-ын дэд тэргүүлэгч Г.Чулуунбаатар, ХХААХҮЯ-ны МАА-н бодлогын газрын дарга Д.Батмөнх нарыг урьж эрдэмтдийн бүтээлийг түгээн дэлгэрүүлэх, инновацийн борлуулалтын эргэцийг хурдасгах, хэрэглэгч, төрд хүргэх маркетинг, идэвхжүүлэлт, сурталчилгааг  шинжлэх ухаан, технологийн салбарын эрдэмтэн, судлаачдаас эхэллээ.

    ШУТС-гийн захирал С.Намсрайжав Засгийн газрын 2019 оны 59 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  тус сангаас зохион байгуулж буй “Эх оронч худалдан авалт-Инноваци үйлдвэрлэл” цуврал хэлэлцүүлгийн нээлтэд хэлсэн үгэндээ, ШУТС-гийн “Эрдэмтдийн инновацийн үзэсгэлэн”-гийн танхимд  улсын захиалгат болон инновацийн төслийн судалгаа шинжилгээний үр дүнд бий болсон эрх зүйн баталгаажилт хийгдсэн 150 орчим инновацийн бүтээгдэхүүн тавигдсан байгааг хэлсэн. Мөн 18 эрдэм шинжилгээний байгууллага  болон их  сургуулийн дэргэдэх гарааны компаниас МАА, ХАА,анагаах ухаан,байгалийн ухаан, техник технологийн таван  салбарын 77 нэр төрлийн инновацийн бүтээгдэхүүний саналыг салбарын сайдад   танилцуулж, “Эх оронч худалдан авалт”-ын төлөвлөгөөнд   тусгуулах тал дээр дэмжлэг үзүүлж, төр-хувийн хэвшлийнхнийг холбох гүүр болж ажиллахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс хүслээ.

    Харин сайд Ё.Баатарбилэг “Эх оронч худалдан авалт”-д нэр дэвшүүлсэн инновацийн бүтээгдэхүүний жагсаалтыг гардан авч, Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн талаархи төрийн бодлоготой уялдуулж салбар, салбар дундын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг орон нутаг, жинхэнэ хэрэглэгч, хэрэгтэй салбарт нь таниулан сурталчилж, түгээн дэлгэрүүлж бодит ажил болгохыг үүрэг болголоо.Улмаар эрдэм шинжилгээний байгууллага, гарааны компанийн менежерүүдтэй нүүр тулсан чөлөөт ярилцлага хийж, ойрын үед хэрэгжүүлэх олон ажлыг санал болгосон байна.

    ШУТС нь  шинжлэх ухааны шинжилгээ, судалгаа, захиалгат, хамтарсан инновацийн төслийн санхүүжилт хийхээс гадна төслийн хэрэгжилтийн хугацаанд явцын мониторинг   хийж тайлагнах,  эрдэмтдийнхээ бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, түншлэгчтэй холбох, түгээн дэлгэрүүлэх, төр хувийн хэвшлийг холбох гүүр нь  болж ажилладаг юм.

     

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ