• Ц.ЭНХБАТ:Ц.Элбэгдоржийнх шиг баян галерей  Монголд байхгүй

    2019-04-01

    Control.mn сайтын үүсгэн байгуулагч, Комментатор нэвтрүүлгийн хөтлөгч МУСГЗ, сэтгүүлч Ц.Энхбаттай товч ярилцлаа.Тэрбээр саяхан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой уран зургийн цуглуулгынх нь талаар ярилцжээ.

    Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой  Та саяхан түүний уран зургийн цуглуулгын тухай ярилцахдаа улс төрийн сэдэв рүү огт хазайсангүй. Ингэж ганцхан асуудлаар ярилцсаны учир юу вэ?

    -Бяцхан оршил хэлэх нь зөв болов уу гэж санана. Элбэгдорж ерөнхийлөгчтэй ярилцлага хийх хүсэлтээ түүнд ойр байдаг танил сэтгүүлчээр уламжлуулсан.Хариуг удаагаагүй. “Одоохондоо сэтгүүлчтэй ярилцлага хийхгүй. Сошиалаар л үзэл бодлоо дэлгэж байя” гэж    хэлүүлсэн. Гэтэл хэд хоногийн дараа туслахаараа дамжиж холбогдоод нэг л сэдвийг сонгож хөөрөлдөе гэж утсаар ярьж тохиролцсон. Би ч сэдвээ олсон. Сэдвээ оллоо гэдгээ мессежээр мэдэгдсэн. Тэгээд холбогдож, нүүр тулан уулзалдсан. Би улс төрийн сэдвээр, алдсан, оносон шийдвэрийн талаар ярилцах хүслээ илэрхийлсэн. Харин Элбэгдорж ерөнхийлөгч “ Намайг уран зургийн хулгайч гэж гүтгэсэн. Манайд шалгалт үзлэг хийсэн, 10-аад зураг шинжлүүлэхээр авсан гэх хуурамч мэдээлэл цацсан. Тиймээс хоёулаа зөвхөн миний уран зургийн галерейн талаар ярилцья” гэдэг санал тавьсан.

     –Тэгээд Та зөвшөөрсөн үү?

    -Олон телевез, сонин, сайтын сэтгүүлчид надаас ярилцлага авах хүсэлт тавьсан. Би өөрийг чинь үнэлж, өөртэй чинь ярилцах л зөвшөөрөл өгч байна гэж уулзалтын эхэнд тэр онцолсон. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад нь би хувьдаа таалж байгаагүй, түүнийгээ ч удаа дараагийн нийтлэлдээ бичиж, илэрхийлдэг байсан тул тэр болгоомжилсон байх. Миний санахад, тэр олон зүйлд буруутай. Монгол улсын эрх ашиг, сонирхолд харшилсан Оюутолгойн гэрээг яаралтай байгуулахыг тэр л шавдуулсан. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн ард түүнийг байгаа гэдэгт би эргэлздэггүй. Хуулийг хонгил болгосон нь тусдаа асуудал. Тэр утгаар нь таалдаггүй болохоос, Энхбаярыг ялсанд нь дургүйцдэг тал огт байхгүй. Гэхдээ л нэгэн цагт туг барьж явсан эр хүнийг тугал хариулж явахад нь хүний ёсоор харьцаж, хүндэтгэх нь зөв гэж л үзсэн. Өөрийнхээ байр сууриндаа хатуу зогсоогүй. Зөвшөөрсөн. Цаг ингээд зогсчихгүй нь ойлгомжтой. Яг хүлээж байсан сэдвээр ярилцаагүй учир үзэгчдэд сонирхолгүй санагдсан байж магад. Гэхдээ л алсдаа энэ ярилцлага үнэ цэнэ агуулна гэдэгт итгэж байна. Улс төрөөр ярилцах цаг олдоно ч гэдэгт найдаж байна.

     -Ярилцлага хийсний дараа Та ямар сэтгэгдэлтэй үлдсэн бэ?

    -Зүүдээ манаж, алхам бүрээ хэмжиж, гишгэсэн мөр бүрээ эргэж харж, шинжилж байгаа юм болов уу  гэж бодогдлоо. Хүн бүртэй зөрчилдөх хүсэлгүй юм болов уу гэж анзаарагдсан.

    -Өмнөх ярилцлагын үеэр зөвхөн Баттулгыг яриад олон нийтээс шүүмжлэл дуулсан нь мартагдаагүй байлгүй?

    -Тийм байх. Бөмбөг бөөрөнхий гэдэг шиг л юм болж байна. Үе үеийн Ерөнхийлөгчийг өөрийнх нь намынхан нь ” зажилдаг” хувь заяа түүнийг тосож буй бололтой.

     -Энхбаяр даргын тухайд та хоёр хөшигний ард ярилцав уу?

    -Ярьсаан. Гэхдээ ярилцлага хийхдээ энэ хүний тухай хөндөхгүй гэж хоёр талаасаа тохирсон. Тэр хоёр өрсөлдөгч байсан. Бид хоёр эзэн, ажил эрхлэгчийн харьцаатай байсан. Тиймээс ёс зүйн хувьд энэ сэдвийг тойрно гэдгээ тохирсон.

    -Хүмүүс түүнийг их сандарч байна гэцгээж байгаа. Үнэхээр тийм санагдсан уу?

    -Бид хоёр “Комментатор” нэвтрүүлгээ зөвхөн түүний уран зургийн галерейгаар хийсэн. Харин Элбэгдорж Ерөнхийлөгч өөрийн хувийн оператортой ирж, давхар бичлэг хийсэн. Биднээс зөвшөөрөл хүссэн. Түүнийг нь зөвшөөрсөн. Гэхдээ л намайг монтажилж, эвлүүлэг хийж магад гэж болгоомжилж, давхар бичлэг хийсэн байхыг үгүйсгэхгүй.

     -Тэр яах гэж зөвхөн уран зургийн галерейн талаар ярилцсан юм бол?

    -Түүний галерей маш баян. Түүний галерейг гүйцэх, дүйх галерей Монголд байхгүй. Ойрдоо ч гарахгүй байх. Тэр нэг өдөр “Би энэ галейрейгаа Монгол Улсдаа бэлэглэж байна” гэж хэлэх гэж энэ нэвтрүүлгийг хийлээ гэж бодогдсон. Угтвар нэвтрүүлэг юм уу даа.

     -Та ” Комментатор” нэвтрүүлгийнхээ хүрээг нэлээд тэлжээ дээ?

    -Тэгсэн. ” Комментатор форум” хэлэлцүүлгийн нэвтрүүлгийг ТМ телевизтэй хамтран өнгөрсөн долоо хоногт анхны дугаараа цацсан. Цаашид улам эрчимжүүлнэ. Улс орны нийгэм, улс төр, эдийн засгийн “халуун сэдвийг” хамтдаа хэлэлцэх юм.

     -Ярилцсанд баярлалаа. Таны ажил үйлсэд амжилт хүсье.

    -Баярлалаа. Монголын чөлөөт хэвлэлийн загалмайлсан эцэг гэж сэтгүүл зүйн  ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн, Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн эвлэлийг үндэслэгч, МУСГЗ, Ц.Дашдондов сэтгүүлчтэй уулзахаар Дарханы сэтгүүлч Рагчаасүрэнтэй явж байтал, биднийг сэтгүүлч гэдгийг анзаарсан таксины жолооч эр  “Монголд 3 төрлийн сэтгүүлч байна. Нэг нь хар бор ажлын. Энэ бол заавал байх ёстой төрөл. Болохгүй зүйлийг ухаж явдаг хэсгийг тэгэж нэрлэж буй. Хоёр дахь нь гэгээлэг. Танин мэдэхүйн чиглэлийнх. Гурав дахь нь энэ хоёрын хоорондох саарал, амьжиргааны сэтгүүлчид” гэж хэлэхийг сонсоод гайхсан. Энгийн нэг таксины жолооч биднийг ингэж ангилж дүгнэж байна. Биднийг сайн ажиллаарай гэж хүсэж байна.  Та бүхэнд ч бас амжилт хүсье.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ