Эрүүдэн шүүсэн этгээдийг 5-27 сая төгрөгөөр торгох буюу 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих заалттай

С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргээр ял эдэлж байгаа Б.Содномдаржаа,Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, онц хүнд гэмт хэргийг хүчээр тулган хүлээлгэсэн гэх асуудал босч,шуугиан дэгдээж байгаа.

Тэгвэл эрүүдэн шүүсэн тохиолдолд буруутай этгээд ямар ял шийтгэл эдэлдэг талаар хуульд дараахь байдлаар заажээ.

Эрүүгийн хуулийн 21 дүгээр бүлэгт  “Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг”-үүдийн тухай заасан байдаг.

21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт:

 Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулинд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна.

Энэ төрийн албан хаагч нь өөрийн биеэр эрүү шүүлт тулгасан эсвэл бусад этгээдэд эрүүдэн шүүх зөвшөөрөл олгосон бол 5,400,000-27,000,000 хүртэлх төгрөгөөр торгуулах эсвэл нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих шийтгэл хүлээнэ гэсэн үг юм.

Мөн тус хуулийн 21 дүгээр зүйлийн 13 дах хэсэгт “Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь гүйцэтгэх ажлын тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

Үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор төрийн эрх бүхий байгууллагаас ердийн ба тусгай, нууц арга, хэрэгсэл ашиглан явуулж байгаа үйл ажиллагааг гүйцэтгэх ажил гэнэ.

Тэгвэл Монгол улсын Гүйцэтгэх ажлын тухай хуулийн

  • 8 дугаар зүйлийн 7-д “Гүйцэтгэх ажлын явцад хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хүний эрх, эрх чөлөөг зөрчих…”-ийг
  • 8 дугаар зүйлийн 8.3-т “Гүйцэтгэх байгууллага нь гүйцэтгэх ажилтан, нууц гүйцэтгэх ажилтан, туслагч, туслах ажилтныг ажиллуулахдаа хуулиар өөрт нь зөвшөөрөгдөөгүй эрх эдлүүлэх…”-ийг хориглоно гэж тус тус заасан.

Мөн Гүйцэтгэх ажлын тухай хуулиар гүйцэтгэх ажилд явуулахдаа баримтлах үндсэн зарчимыг “Гүйцэтгэх ажилд үндэсний болон нийгэм, төр, иргэний аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх, шударга ёс, тэгш байдал, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, шуурхай, тасралтгүй байх, нууц хамгаалах зарчмыг удирдлага болгоно” гэж тодорхойлжээ.

Тэгэхээр хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн, туслагч туслах ажилтнууд хуулиар өөрт зөвшөөрөгдөөгүй ёс бус, бусармаг үйлдэл бүхий гүйцэтгэх үйл ажиллагаа явуулсан бол мөн адил 5,400,000-27,000,000 төгрөгөөр торгуулах эсвэл нэгээс таван жил хүртэл хугацаагаар хоригдох шийтгэл авах аж.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ