• Баянзүрх дүүргийн Засаг даргаар батламжлагдсан Э.Бат-Амгалан гэж хэн бэ

    2019-04-01

    Баянзүрх дүүргийн хоёр хороонд өнгөрсөн долоо хоногт нөхөн сонгууль явагдаж, МАН-аас нэр дэвшигчид ялснаар тус нам дүүргийнхээ ИТХ-д албан ёсоор олонхи болсон учир дарга Э.Бат-Амгаланг нь Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан дүүргийн засаг даргаар батламжлаад байна. МАН-ынхан дүүргийн ИТХ-д нэгэнт олонхи болсны хувьд хурлаа дүүрэг дээрээ хийх гэсэн ч эрх барьж байсан АН-ынхан Засаг даргын тамгын газрын байр руу оруулаагүй учир нийслэлийн Хангарди ордонд хуралдаж ийнхүү Э.Бат-Амгаланг засаг даргад нэр дэвшүүлсэн байна. Хурлын эхэнд шинээр сонгогдсон хоёр төлөөлөгчийг батламжилсан. Ингээд дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг өөрчилсөн.

    Тэгвэл Баянзүрх дүүрэгт яагаад ийнхүү баахан “дайн тулаан” болсон, яагаад ийнхүү Засаг дарга нь одоо л батламжлагдав хэмээх асуудлын талаар бага сага дурдах хэрэгтэй нь мэдээж. 2016 оны орон нутгийн сонгуулиаар нэр дэвшигчид мөнгө тараасан хэмээх маргаан энэ хооронд үргэлжилсэн юм. Тэр үед АН-ын төлөөлөгчөөр сонгогдсон 6 хүнийг мөнгө тараасан хэмээн буцаан татаж, шүүх 5-ыг нь мөнгө тараасан хэмээх шийдвэр гаргаж байсан юм. Тэрхүү маргааны үеэр Э.Бат-Амгаланг хотын дарга С.Батболд засаг даргаар батламжилсан ч шүүх түдгэлзүүлсэн. Ингээд АН-аас засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Т.Баясахыг томилсон. Харин энэ удаа Э.Бат-Амгалан Баянзүрх дүүргийн засаг даргаар хоёр дахиа батламжлагдлаа. Гэхдээ АН-ынхан байр сууриа тавьж өгөхийг хүсэхгүй байгаа аж. Учир нь тэд шүүхийн маргаан дуусаагүй байхад Нийслэлийн сонгуулийн хороо хүч түрэн сонгууль явуулсан хэмээн сая болсон сонгуульд нэр дэвшигчээ өрсөлдүүлээгүй. Харин учир мэдэх хүмүүсийн хэлж байгаагаар бол энэхүү дахин сонгуульд бие даагч нэрийн дор дандаа АН-ынхан нэр дэвшин дахин мөнгө тараасан гэлцэж байна. Тэр байтугай экс ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ сонгуулийн штабыг нь удирдсан гэх хүмүүс ч байна. Э.Эрдэнэ нь 2016 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшин ИТХ-ын гишүүн болсон ба бас л мөнгө тарааж байж сонгогдсон гэгддэг нэгэн юм. Ийнхүү бүтэн хоёр жил гаруйн маргаан тэмцэлд МАН ялав бололтой. Гэсэн ч МАН-ын гишүүдийн зүгээс хотын дарга нарыг Баянзүрх дүүргийг алдсанд буруутгасаар иржээ. Учир нь 2012-2016 онд АН, Э.Бат-Үүл хотод засаглахдаа МАН олонхи болсон дүүргүүд тухайлахад Багануур, Сонгинохайрханд өөрийн намын засаг даргыг хүч түрэн томилж байсан шиг Баянзүрх дээр ажиллаагүй хэмээх шүүмжлэл тавьдаг аж.

    Тэгвэл ийнхүү сонгуульт хугацааны ихэнх нь өнгөрсөн энэ цаг үед Баянзүрхийн Засаг даргыг МАН авлаа.

    Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгалангийн албан ёсны намтар:

    • -1977 онд төрсөн, гадаад албаны ажилтан, эрх зүйч мэргэжилтэй.
    • -1984-1994 Нийслэлийн 1 дүгээр дунд сургууль
    • -1994-1998 МУИС-ийн ОУХДС
    • -2002-2004 МУИС-ийн ХЗДС
    • 2008-2010 БЗД-ийн ЗДТГ-ын үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга,
    • 2010-2011 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орлогч даргаар ажилласан
    • 2015 Чингис хаан ОУНБ-ын /Гадаад харилцааны тасгийн дарга/
    • -2012 оноос БЗД-ийн МАН-ын дэд дарга,
    • -2016 оноос БЗД-ийн МАН-ын даргаар ажиллаж буй,
    • -2013 МАН-ын Бага хурлын гишүүн
    • -2016 НИТХ-ын төлөөлөгч.

    Э.Бат-Амгалангийн албан бус намтраас:

    Түүнийг  Баянзүрх дүүргийн Засаг дарга асан,өдгөөгийн БХБ-ын дэд сайд  Б.Мөнхбаатарыг дагаж анх тус дүүргийн намд орж байсан гэх ба Баянзүрх дүүрэг дэх Сансарын хэд хэдэн  баарны эзэн аж

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ