ҮАБЗ-ийн гишүүн У.Хүрэлсүхийн гарт шударга ёсыг тогтоох бүрэн эрх нь иржээ

2019-03-29

ҮАБЗ-ийн зөвлөмжөөр буюу Ерөнхийлөгч,УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын  хамтын шийдвэрээр шүүгч,прокурор, АТГ-ын дарга нарыг сольдог хууль баталсныг цөөхөн хүн эсэргүүцэж,олонхи дэмжиж байна. Эсэргүүцэгч цөөхөн хүн бол мэдээж шударга бусын хонгилынхон.Шударга ёс тогтвол өнгөрсөн жилүүдэд бүтээн босгосон шударга бусын систем  нуран унаж, хонгил нь хаагдах учраас, өөрсөд дээр нь хариуцлага буух учраас айж байна. Харин олон нийт зөвхөн шударга ёсыг л хүсэж байна.

Айл бүрийн хоймор, аягатай хоолны порцонд хараахан мэдрэгдэж эхлээгүй ч толгойноосоо өтсөн төрийг цэвэрлэх амлалтаа хэрэгжүүлж чадаж байгаа  МАН-ын дарга,Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд баярлалаа гэмээр байна. 2017 оны намар Шадар сайд У.Хүрэлсүх “Шударга ёсыг тогтооноо,үүний төлөө амь биеэ хайрлахгүй” хэмээн чангаар зарлан,энэ зорилгын төлөө намын хамт олноо,бусад санаа бодол нэгт хүмүүсийг нэгтгэн тэмцэж эхэлснээс хойш чамгүй амжилт олжээ.

Намын толгойноос цэвэрлэгээгээ эхэлж, засгийн кабинетдаа хариуцлагын зарчим нэвтрүүлж, төрийн болон луйварчдын хооронд тэлүүрдээд байсан “Эрдэнэт”  үйлдвэрийн асуудлыг нэг мөр болгов. С.Зориг агсны хэргээр эрүүдэн шүүгдэж,хилсээр хэрэгт яллагдсан эгэл жирийн монгол иргэдээ аврах гарц замыг засав. Нэг хүнээс хараат шүүх засаглал,прокурор,АТГ байхад У.Хүрэлсүх хэчнээн хашхираад хадны цуурай л биз дээ. УИХ-ын даргаас М.Энхболдыг буулгасны дараа хууль,шүүхийн удирдлагын эрх Ерөнхийлөгч Х.Баттулгад ирлээ,нэг хүний дарангуйлал тогтлоо гэцгээж хашхиралдсан.

Тэгвэл ҮАБЗ-өөр шүүх, прокурор, АТГ-ын даргыг халах,солих эрхтэй болгох санаачлагыг У.Хүрэлсүх гаргаж, хэрэгжүүлэх тактикийг боловсруулжээ.

Ингэж байж   шударга ёс тогтоох амлалтаа хэрэгжүүлэх боломжтой болно гэж тооцсон бололтой юм. Тактикийн нэгээхэн хэсэг нь ҮАБЗ-д 70 хувийн эрх мэдэлтэй болох. Тиймээс өөрийнхөө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилуулж, ҮАБЗ-д давуу саналтай болов.Ингээд шүүх, прокурор, АТГ-ыг даргыг сольж, хуулийн байгууллагууд дахь шинэчлэлээ эхлүүлэх алтан боломж ирээд байна. Мэдээж Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-ийн нэг гишүүн учраас хамтраад л ажиллаж буйгаас МАНАН талынхны яриад байгаа шиг  бүх давуу эрх Х.Баттулгад оччихсон хэрэг огтоос биш юм.  Одоо ҮАБЗ-өөс шийдвэрүүд гарч, эрх мэдэлтэй цөөхөн хүнд үйлчилдэг байсан хуулийн системд цэвэрлэгээ хийнэ. Үүнд ҮАБЗ-д 70 хувийн эрхтэй У.Хүрэлсүх 70 хувийн эрхээрээ л нөлөөлнө гэсэн үг. Click To Tweet Түүнийг муу юм хийхгүй, муухай хүмүүсийг аваачихгүй гэдэгт итгэж болно. Мэдээж гүйцэтгэх засаглалын тэргүүн учраас байнга ил гараад л “би ийм юм хийчлээ” гээд байж болохгүй.  Харин  ҮАБЗ-ийн гишүүний хувьд шударга ёсыг тогтоох бүрэн эрх У.Хүрэлсүхийн гарт улам бүр лав ирээд байна. Тэр анхнаасаа л шударга ёсны төлөө төр,засаг,намаа  хөдөлгөж,нийгмээ хүртэл сэрээсэн билээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ