Баянзүрх дүүрэгт багахан хэмжээний “дайн” болсоны эцэст Засаг даргад Э.Бат-Амгаланг нэр дэвшүүллээ

Баянзүрх дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.03.29/ нийслэлийн төр захиргааны байранд буюу Хангарьд ордонд боллоо. Тус хурлаар Төлөөлөгчдийн бүрэн эрх, Баянзүрх дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх, Тэргүүлэгчдийг өөрчлөх тухай гэсэн  гурван асуудлыг хэлэлцэв.

Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшин ялалт байгуулсан Б.Галцог, Г.Доржпалам нарыг дүүргийн Сонгуулийн хорооноос ирүүлсэн “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон” гэх тогтоолыг үндэслэн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрлөө.

Тус дүүрэгт МАН олонх болсон учир Засаг даргад Э.Бат-Амгаланг нэр дэвшүүлж, улмаар батламжлуулахаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд өргөн бариад байна.

Баянзүрх дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаан Хангарьд ордонд болсон шалтгаан нь өнөөдөр өглөө дүүргийн ЗДТГ-ын байранд ИТХ-ын хуралдааныг хийх гэсэн боловч АН-ын төлөөлөгчид хуралдаа ирээгүй зогсохгүй МАН-ын төлөөлөгчдийг төр захиргааны байранд нэвтрүүлэхгүй хүч түрэн дайрч, хурал хийх бололцоо олгосонгүй.  Тодруулбал, АН-ын гишүүд дүүргийн гадна болон дотор талд олноороо жагсаж,  хууль бус үймээн самуун дэгдээж эмх замбараагүй байдлыг бий болгосон юм.

БЗД-ийн сонгуулийн хорооны 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 тоот тогтоолоор ИТХ-ын 10, 19-р тойргийн дахин сонгуулийн ирц, үр дүнг танилцуулбал:

10-р хороо 2647 сонгогч буюу 56,8% 19-р хороо 3850 сонгогч буюу 53,8%-ийн ирцтэйгээр сонгууль хүчин төгөлдөр болж өнгөрсөн. Үүнээс МАН-аас 10-р тойрогт нэр дэвшсэн Г.Доржпалам 1460 буюу 55,2%-ийн санал, 19-р тойрогт нэр дэвшсэн Б.Галхүү 2029 буюу 52,7%-ийн санал авч ялалт байгуулсан байна.

2012 оноос эхлэн Баянзүрх дүүргийг АН удирдсан бөгөөд нийслэлийн хэмжээнд хөгжлөөрөө хоцрогдсон, хогондоо дарагдсан дүүрэг гэж олон нийтээс шүүмжлэл хүлээсээр багагүй цаг хугацааг үдсэн юм.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ