• Зориг агсны хэргийн хамсаатан гэх талийгаач Отгонбаатарын ах Б.Нэргүй: Дүү нас барснаас 5,6 жилийн дараа 80 настай ээжээс минь янз бүрийн юм асуудаг болсон

    2019-03-29

    Өнөөдөр сэтгүүлчдэд С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр ялын дээд хэмжээ авсан хүмүүсийг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзүүлсний дараа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж  мэдээлэл хийлээ.Ингэхдээ тэрбээр  Зоригийн хэрэгт сэжиглэгдэж байгаад гэртэйгээ шатаж нас барсан  Б.Отгонбаатарын төрсөн ах Б.Нэргүйг дагуулж иржээ. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Т.Содномдаржаа,Т.Чимгээ нараас уучлалт гуйсан шигээ Б.Отгонбаатарын ар гэрийнхнээс ч мөн уучлалт гуйв.  Тэрбээр 1998 оны үеэс С.Зориг агсны хэрэгт сэжиглэгдэж байгаад 2006 онд гэр бүлийн хамт гэртэйгээ шатаж нас баржээ. Өөрөөр  хэлбэл, Б.Содномдаржаа,Т.Чимгээ,талийгаач Б.Отгонбаатар нарыг  хамсаатнууд гэж хуулийнхан үзжээ.  Хамсаатан нь  үг алдах гээд байсан учраас Т.Содномдаржаа,Т.Чимгээ нар түүнийг гэртэй нь шатааж алсан гэж үзээд, үүнд мөн холбогдуулан ялласан байна.

    Хэвлэлийн бага хурлын үеэр Б.Нэргүй:

    Дүү мааны 2006 онд гэр бүл, хоёр хүүхэдтэйгээ шатаж, нас барсан. Завхан аймгийн цагдаа цахилгаанаас үүссэн хэрэг гээд хаагдсан. Тэгээд явж байтал тав, зургаан жилийн дараа нэг өдөр манай 80 настай ээж дээр сүү талх барьж ирсэн хүн  бид нарыг байхгүй байхад орж ирээд л, манай дүүгийн талаар, танайх энэ байшинд байдаг уу гээд л янз бүрийн юм асуудаг.  2012 оны үеэс тэгж асууж эхэлсэн. Амгаланбаатар, Содномдаржаа, Чимгээг баривчилсан үеэс юм байлгүй дээ. Манай эмэгтэй Хишгээ дүү, ээж хоёрыг маань асууж, шалгадаг. Бид нарыг гараад л явчихсан хойгуур энэ хүмүүс очдог. Бид нарыг байсан тохиолдолд хэн ч ирдэггүй байсан. Миний дүү шүүх хуралд орсны дараа 2017 онд нэг ярилцлага өгсөн байдаг. Өөр ямар нэгэн байдлаар бид ярьж байсангүй. Бид нарыг ярьж болохгүй гэж хэлдэг байсан.

    Өмнөговьд байж байгаад Эрдэнэтэд ирээд байж байхад тагнуулын газрынхан манай эмэгтэй дүүгээс танай ах Нямжаргал хаана байна, өчигдөр Өмнөговиос ирсэн байна, хаана байна гэж манай дүүгээс асуусан. Манай дүү намайг ирснийг мэдээгүй байхад тэр хүмүүс мэдчихсэн байдаг тохиолдол байдаг.  Манай дөрвөн дүүгийн шарилыг хөндсөн, шинжилгээ хийсэн. Тэр үед биднийг дандаа хохирогч гэсэн байдлаар л явж байсан болохоос биш Зориг гэдэг хүнийг алсан, орооцолдсон гэж нэг ч хүн хэлж байгаагүй. Тэр шүүх хурал болсон өдөр манай эмэгтэй групд байдаг дүүг оролцуулсан. Яагаад биеэ хамгаалж чадах биш,манай хөгждлийн бэрхшээлтэй дүүг шүүх хуралд оруулсныг мэдэхгүй. Та нар хоорондоо ч юм ярьж болохгүй шүү гэдэг гарын үсгийг л байнга зуруулдаг байсан. Сайд уучлалт хүсч байгаад тааламжтай байна. Би энийг маш их хүсч байсан. Манай ээж одоо нэг нойрны эмгүй хонох байх даа гэж бодож сууна.

    ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

    Яагаад талийгаач Б.Отгонбаатар энэ хэрэгт орооцолдсон ерөнхий санааг нь би хэлье. Тэр хэрэг гарахаас 3 хоногийн өмнө орцонд орж явсан чинь талийгаачийн гэрийг нэг хүн асуусан гэж хэлээд  18 жилийн дараа хувцасных нь өнгөөр хүртэл хэлж байна шүү дээ. 18 жилийн дараа тэр асуусан хүн нь мөн байна л гэсэн л ийм л юм байгаа. Өөр юм байхгүй. 18 жилийн дараа байтугай долоо хоногийн өмнө ямар өнгийн хувцас өмссөнөө санах уу, санахгүй.  Тэрэнд чинь бүр өнгөөр нь ярьсан байгаа юм чинь, тэмээний ноосон цамцтай байсан, энэ нөхөр яг мөн байна гээд..Орой зочид буудалд орж ирсэн чинь гаднаас нэг хүн орж ирсэн чинь хөмсгөө засаагүй эмэгтэй байсан гээд л.Яахлаараа ч, харанхуй, гэрэл муутай, 23 цагийн үед очсон хүний хөмсгийг нь харчихдаг юм байгаа юм. Энэнээс ч аюултай юмнууд байгаа. Нэг гуталны өнгө, үдээс хоёрын асуудал яригдаад. Тэгээд хоёр хүний ярьсан юм хоёр талаас таараад.Нэг нь Чимгээгийн нөхөр Бямбасүрэн л дээ. 1998 оны Цагаан сарын дараа урагшаа яваад хүрэн өнгийн, үдээстэй гутал авчирч Чимгээд өгсөн гэсэн мэдүүлгийг Бямбасүрэнг 14 хоног хорихдоо ингээд гаргаад авчихсан.  Зочид буудлын хүний мэдүүлэгтэй нь тааруулсан мэдүүлэг гаргаад авч байгаа царай нь. Болхи гэж жигтэйхэн.

    СЭТГҮҮЛЧИЙН АСУУЛТ:

    Худлаа юмыг мянга ярихаар үнэн болдог гэдэг шиг. Яг үнэндээ одоо таны ярьж байгаа юмнуудад итгэх хэцүү байна. Эрх мэдэл авсан хүн болгон л иймэрхүү байдлаар ханддаг болж харагдаж байна. Саяны бичлэг дээрх эрүүдэн шүүж байгаа хүмүүс өөрсдийнхөө тэр эрүүдэн шүүж байгаа ажиллагааг олон нийтэд мэдэгдүүлэхгүй байхын тулд камер зоосон байгаа нь сонирхолтой байна л даа. Таныг яаж тайлбарлахаас шалтгаалах байх. Хэрвээ энэ бүхэн үнэн юм бол таны 20 жилийн хугацаанд Хууль зүйн сайд байсны хувьд ажлын дүн ч гэж хэлж болох юм,үнэхээр ийм ялзарчихсан байгаа юм бол…?

    -Чи хаанаас явж байгаа бил ээ?

    -“25 дугаар суваг телевиз”-ийн Даваа

    ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

    Аан, би чамайг мэднээ, мэднэ. Ийм юм яриад яваад байдгийг чинь. Захиалгатай ийм юм ярьдгийг нь чинь би мэднэ шүү дээ.

    Би айлган сүрдүүлэлт, тарчлаан зовоохын эсрэг ёс суртахуун, философитой хүн. Би ямар нэгэн оноо цуглуулах гэж энэ ажлыг эхлүүлээгүй. Намайг ерөнхийлөгчид нэр дэвших гэж байна гэж баахан ярьсан. Би өөрөө Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэдгээ мэдэхийн дээдээр мэдэж байсан шүү дээ.  Итгэнэ үү, байна уу, тэр бол чиний асуудал. Би чамайг тагнуул дээр ирж энэ юмыг үзсэн гэдгийг чинь, хамгаалах үүрэгтэй гэдгийг чинь мэднэ шүү. Ийм юмыг ярьж хэрэггүй л дээ. Энэ бол Монгол хүний эрхийн асуудал. Дахиж ийм хөрс шороон дор хийгээгүй хэргийнх нь төлөө тамалж зовоодог зүйлийг байлгаж болохгүй ээ.

    Уржигдар Элбэгдорж гарч ирээд л алуурчдыг Нямдорж хамгаалдаг, бахархдаг гээд л юм ярьж байсан биз дээ. Элбэгдоржид энэ ямар хамаа байсан юм, хуулийнхны шийдсэн асуудал.   Надад асар их сэжиг төрсөн шүү.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ