АН яагаад онц их хурлаа цуцлав

АН-ынхан гурав хоногийн өмнө зарласан онц их хурлаа цуцаллаа.  Тус нам ирэх дөрөвдүгээр сарын 4-нд намын онц их хурлаа зарлаад байсан билээ.  Энэхүү их хурлаараа улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлыг хэлэлцэж, улс төрийн бүх аргаар тэмцлээ үргэлжлүүлэх болно” гэдгээ мэдэгдэж байсан ч  цуцалжээ.

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ “МАН хоёр дахь удаагаа төрийн эрх мэдлийг хууль бусаар авах үйлдэл хийж байна. 2016 оны сонгуулиар 60 тэрбумын схем зохиож, 65 суудал авч, төрийн эрх мэдлийг авсан. Үүнийгээ Ерөнхий сайд нь ч хүлээн зөвшөөрсөн байгаа. Мөн  Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслөөр төрийн эрхийг авах гэж байна. Ардчилсан Нам Үндсэн хууль, ардчиллынхаа үнэт зүйлийн төлөө тууштай тэмцэх болно” хэмээн тэр өдөр мэдэгдэж байсан билээ.

Тэгвэл АН яагаад Их хурлаа цуцалсан тухай таавар олноороо нисч эхэллээ. Монгол улсын улстөрд байгаа хэн бүхэн хоёр тал болоод “нүдэлдэж” байгаа энэ үед АН-аас нэр дэвшин Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын тэргүүлсэн тал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарын тал хэмээн хоёр хуваагдсан.

Тэгвэл АН-ын одоогийн удирдлага болох С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар МАНАН-гийн талд орсон хэмээгдэж буй. М.Энхболдыг огцруулах үед ч, одоо ч уг байр сууриа хамгаалж буй тэд хэт сэтгэлийн хөөрлөөр мэдэгдэл хийсэн учраас бэлтгэлгүй байсан. Тиймээс Онц их хурлаа цуцалсан гэх хүмүүс байна.

Мөн АН нь “шударга бусын хонгил” байгуулсан МАНАН-д үйлчилж байгаа учраас намаа тэдний савраас салгана хэмээн цагтаа Ерөнхий сайд, АН-ын дарга асасн Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа өгөөд буй. Н.Алтанхуягийг АН-ын залуучуудын зарим нь дэмжиж байгаа нь тодорхой болсон.

Тиймээс С.Эрдэнэ нар Онц их хурал хийлээ гэхэд тэдний улстөрийн тоглоомонд унаж хурал нь хурал биш болно гэж айсан гэх хүмүүс ч байна. Ийнхүү АН Онц их хурлаа зарлаад цуцалсан явдлыг тойрсон шоолсон баалсан хүмүүс олширч байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ