• Музейн газрыг битгий зар, Ё.Баатарбилэг сайдаа

    -Оронд нь газрыг нь барьцаалаад, гадны мэргэжлийн байгууллагуудтай хамтраад музейгээ босго оо”

    Өчигдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Хотын төвийн байршилтай ашиглалтын шаардлага хангахаа больсон музейнүүдээ төрийн өмчийн газар руу шилжүүлээд дуудлага худалдаанд оруулаад олсон санхүүжилтээрээ шинэ музейн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх боломжийг бид судалж байна” хэмээн мэдэгдлээ.

    Мөн тэрбээр “Монголд өнөөдөр музейн зураг төсөл хийдэг мэргэжлийн архитектор байхгүй байна.  Учир нь Монголд өнөөдөр ашиглагдаж байгаа музей, театрын барилгуудын зураг төслийг дандаа гадны уран бүтээлчдээр хийлгэсэн байдаг. 1990 оноос хойш Монгол Улсад үндэсний хэмжээний театр, музей баригдаагүй. Тиймээс энэ жил ядаж театр, музей хоёрынхоо зургийг нь бэлэн болгоод төсвөө тодорхой болгохоор зорьж байна.

    Байгалийн түүхийн музейн шинэ барилгыг Солонгосчуудын тусламжаар барина гэдэг мэдээлэл явсан байдаг. Гэтэл үүнийг судлаад үзтэл 100 хувь тусламжаар бус тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээлээр барих асуудал яригдсан байдаг. Бидний одоо барьж байгаа бодлого бол байгаль, түүх гэх мэт бүх зүйлээ нэг дор үзээд гарчихдаг нэг том цогцолбор музейтэй болох нь зөв юм гэсэн зорилго тавин ажиллаж байна” гэлээ.

    Монгол улс тэр дундаа нийслэл Улаанбаатар хот урлаг, соёлын байгууллагууд цөөнтэй. Өмнөх зууны үед байгуулсан хэдэн сүмийг музейн зориулалтаар ашигладаг. Мөн 60-70-аад онд байгуулсан хэдэн театр, музейтэй тухай мэргэжлийн хүмүүс шүүмжилдэг. Уг нь сайдын хэлснээр музейнүүдийг нэгтгэх биш харин ч тус тусад нь төрөлжүүлээд томоохон барилга байшинтай болгоод өгмөөр байгаа юм. Манай улс үлэг гүрвэлийн өлгий нутаг гэгддэг. Тиймээс ч нөгөө “Батаар”-ын хэргийн үеэр гадаад руу гаргасан хэдэн арван үлэг гүрвэлийн ясыг буцаан авчирсан. Манай говьд ил гараагүй үлэг гүрвэлийн дурсгал асар их байгаа. Гэтэл ганц байсан Байгалийн түүхийн музейн байшин нь ашиглалтын шаардлага хангахгүй болж үүдээ хаагаад зургаан жилийн нүүр үзээд буй. Гэтэл өнөө хүртэл тус музейн хуучин барилгыг ч буулгаагүй, шинийг нь барих хөрөнгө мөнгө ч сураггүй байгаа.

    Тэгвэл хөрсөн доороо, хөрсөн дээрээ ч асар их археологийн ховор, үнэ цэнэтэй дурсгал ихтэй Монгол улсад хэдэн 10 жил яригдсан ч ганц Археологийн музей байгуулах асуудал шийдэгдсэнгүй. Ийм байтал МУИС-ийн археологи, антропологийн анги дүүргэсэн сайдтай болсных салбартаа сайхан музейтэй болох яриа хөөрөө ч гарсан. Гэтэл Ё.Баатарбилэг сайд тэс өмнөө юм ярьж суух.

    Өнгөрсөн хугацаанд тус музейн шинэ байрыг Солонгос улсын тусламжтайгаар барих боллоо гэсэн мэдээлэл явж сүүлдээ монголчууд барих газраа олж чадахгүй байгаа гэх болсон.

    Байгалийн түүхийн музейн газрыг олигтойхон ашиглаж чадвал хангалттай том музей барьчих боломж бий. Гэтэл дуудлага худалдаанд оруулна гэх нь хачирхалтай. Төрийн ордны баруун хойно байх уг газрын үнэлгээ хэдэн арван тэрбумд хүрэх нь тодорхой. Хэрвээ үнэхээр сэтгэл нь байгаа бол хаанаас ч хөрөнгө мөнгө босгож болно л доо. Жишээ нь гадаадын томоохон судалгааны хүрээлэнгүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулаад музейн барилгаа барих мөнгийг гаргуулаад оронд нь судлаачдыг нь музейдээ судалгаа хийлгэдэг ч юмуу.

    Ингээд музей барих мөнгө нь хүрэхгүй бол газрыг нь 50 жил, 100 жилээр барьцаалаад орлогоороо төлөх ч юмуу янз бүрийн арга олж болно. Гэтэл газрыг нь зарчихаад шинэ музейн газар олох гээд явах нь инээд хүргэсэн явдал. Тиймээс Ё.Баатарбилэг сайдаа газрыг нь зарахаас өөр аргаар музейгээ барих асуудлыг судлаач хэмээн хүсэх хүн олон байгааг танд дуулгая.

    2019.03.29

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ