“Азийн шилдэг 50 ресторан”-ыг Сингапурын “Odette” тэргүүлэв

2019 оны “Азийн шилдэг 50 ресторан”-нд шагнал гардуулах ёслол 3-р сарын 26-нд Макаод болсон байна. Азийн олон орноос ирсэн дээд зэрэглэлийн алдарт тогоочид, рестораны салбарын шилдгүүд цуглаж, энэ оны Азийн хамгийн нөлөө бүхий 50 рестораны нэрсийг зарлалаа.

Сингапурын “Odette” ресторан 2019 оны “Азийн шилдэг 50 ресторан”-ыг тэргүүлсэн бол Макаогоос хоёр ресторан шилдэг 50-д багтсан нь 2018 оныхоос нэгээр нэмэгджээ. Хятадын Шанхайн нэгэн ресторан 6 дугаарт, Хонконгийн 9 ресторан, Хятадын Тайванийн 3 ресторан жагсаалтад багтсан байна.

Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн Аялал жуулчлалын товчооны дарга Вэнь Чихуа “Аялал жуулчлалын хотын хувьд Макаог дэлхийн аялал жуулчлалын төв болгон бүтээн байгуулахаар хичээж байгаа бөгөөд орон нутгийн хоолны баялаг соёл, рестораны соёл нь хотын чухал агуулгын нэг болсон юм” гэжээ.

“Азийн шилдэг 50 ресторан”-ны шагнал гардуулах ёслолыг энэ онд Макаод хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. “Азийн шилдэг 50 ресторан” арга хэмжээг зохион байгуулагч Уильям Дрю “Макаод дахин ирсэндээ баяртай байна. Азийн болон дэлхийн олон орноос хүрэлцэн ирсэн тогоочид, хэвлэл мэдээллийнхэн, хоолны хорхойтнууд энэ боломжийг ашиглан Макаогийн соёл, түүх, хоолны соёлын талаар улам гүнзгий ойлголттой болно” гэсэн байна.

“Азийн шилдэг 50 ресторан” арга хэмжээ нь бизнесийн William Reed мэдээллийн хэрэгсэл 2002 оноос эхлэн зохион байгуулсан “Дэлхийн 50 шилдэг ресторан” арга хэмжээнээс үүсэлтэй бөгөөд Азийн бүс нутгийн шилдэг ресторануудыг урамшуулдаг юм. Шагналт байрт тодорсон нэрсийг 300 гаруй гишүүнтэй шүүгчдийн комиссын санал хураалтаар сонгон шалгаруулж, гишүүн нэг бүр нь сүүлийн 18 сарын дотор очиж байсан өөр өөр рестораны тухай мэдрэмж, сэтгэгдлээ үндэслэн хамгийн шилдэг гэсэн ресторанаа сонгодог байна. Хяналтын комисст Азийн олон орны шүүмжлэгч, тогооч, рестораны эзэд, хоолны хорхойтнуудын төлөөлөл багтсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ