Д.Шүр:Нойрон дунд амьсгал тасалдах, хурхирах, хөл үечлэн хөдөлж,өдөр нойрмоглож байвал нойрны эмгэгтэй гэсэн үг

2019-03-28

Монголд анх удаа Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт  нойрны эмгэгийг оношилж, эмчлэх олон улсын стандартад нийцсэн төв нээгдсэн. Нойрны төвийн үйл ажиллагаа болон нойргүйдэх эмгэг монголчуудын дунд ямар төвшинд байгаа талаар тус төвийн эмч Д.ШүРЭНТЭЙ ярилцлаа.

-Нойрны эмгэгтэй болсноо хэрхэн мэдэх вэ?

-Нойрон дунд болон унтаж байх үед амьсгал тасалдах, хурхирах, хөл үечлэн хөдлөх, нойргүйдэх, эсрэгээрээ өдрийн цагаар хэт нойрмоглох шинж илэрнэ. Мөн хөнгөн болон гүн нойрны үеийн дагуул эмгэгүүд буюу парасомни болох нойрсох үедээ явах, ярих, идэх, шүдээ хавирах, шөнийн айдас, нойрны саажил, дүйнгэтэж сэрэх зэрэг олон эмгэгийг нэрлэж болно. Парасомни гэдэг нь унтаж эхлэх үед, унтаж байх үед, эсвэл сэрж байх үед үүсдэг бие махбодын үйлдлүүд юм.

Жишээлбэл, хөл үечлэн хөдлөх гэдэг нь унтаж байхад хөл нэгэн хэмнэлтэйгээр үе үе татваганаж хөдөлснөөс олон дахин нойрноос сэрэх, улмаар гүн унтаж чадахгүй байдал архгаар үргэлжилснээр нойрны чанар муудах, нойргүйдэх сөрөг талтай.  Нойрны дагуул эмгэгүүдийг хөнгөн болон гүн нойронд илэрч байгаагаар нь нүдний хурдан хөдөлгөөнт нойр, хурдан хөдөлгөөнт бус нойрных гэж ялгадаг. Нүдний хурдан хөдөлгөөнт нойронд илэрдэг зан төрхийн эмгэг гэж байдаг. Энэ үед гэнэтийн, хэвийн бус үйл хөдлөл хийж, чанга түгшүүртэй дуу авиа гаргах,  заримдаа инээх, дуулах, исгэрэх, уйлах, толгойгоороо юм цохих, гараа савчих, орноосоо унах гэх мэт ер бусын өвөрмөц зан төрхийг харуулдаг.

-Нойронд амьсгал тасалдах гэхээр ноцтой сонсогдож байна. Манай улсад төрлийн эмгэг хэр их илэрч байна вэ. Энэ эмгэгийг хэрхэн эмчлэх боломжтой вэ?

-Эмчилгээний хэд хэдэн арга байдаг. Энэ нь хүнд, хөнгөний зэргээс шалтгаалдаг. Хүнд, хөнгөний зэргийг нойрны олон үйлдэлт бичлэг (Полисомнографи)-ийн багажаар тодорхойлдог. Хөнгөн үед байрлал засах эмчилгээ, хүндэвтэр зэргийн үед амны нэмэлт төхөөрөмж зүүлгэдэг, хүнд зэргийн үед буюу амьсгал тасалдлын индекс 20-оос дээш гарсан тохиолдолд CPAP буюу эерэг даралтат тогтмол агаарын эмчилгээ хийдэг.  CPAP эмчилгээг хүнд зэргийн үед заавал хийх хэрэгтэй бөгөөд тогтмол хийх шаардлагатай болдог. Амны нэмэлт төхөөрөмжийг хувиараа хэрэглэдэг хүмүүс байдаг. Гэхдээ Монголд төдийлөн хэрэглэж дадаагүй байна, хиймэл шүд шиг тухайн хүнд тохируулан хийдэг гэсэн үг. Аманд нэмэлт төхөөрөмж байрлуулснаар эрүү, хэл зэрэг амьсгалын дээд замын бусад бүтцийг зөв хэлбэрт оруулж, доод эрүүг урагш нь татаж өгснөөр хурхирах, амьсгал тасалдахаас сэргийлнэ.

-Нойрны эмгэг юунаас болж үүсдэг вэ. Хэдэн насанд ихэвчлэн тохиолддог вэ?

-Нойрны эмгэг анхдагчаар болон хоёрдогчоор үүсч болно. Хоёрдогчоор үүсэхэд эрсдэлт хүчин зүйл их нөлөөлнө. Жишээлбэл, нойронд амьсгал тасалдах эмгэг үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлд илүүдэл жин, чихрийн шижин, хүзүүний тойрог, бүсэлхийн тойргийн хэмжээ, гүйлсэн булчирхайн томрол зэрэг нь нөлөөлөхөөс гадна амьсгалын дээд замын төрөлхийн хэвийн бус анатомын бүтэцтэй байх (доод эрүү нь жижиг, том хэлтэй, булчингийн сулралтай, хүүхэн хэл унжуу байх/ зэргээс шалтгаалж нойронд амьсгал тасалдах эмгэг үүсч болно. Хөл үечлэн хөдлөх эмгэгийн үед цусан дахь микроэлементийн дутагдал ялангуяа төмрийн дутагдал зонхилох хүчин зүйл болох жишээтэй.

Нойргүйдэл нь ихэвчлэн хоёрдогчоор үүсэх бөгөөд биед илрэх өвчний улмаас мөн сэтгэл санааны байдал, гэнэтийн цочирдол, төрсний дараа, тархи судасны эмгэгүүдийн үед үүсэх жишээтэй. Дээрх нойрны эмгэгүүдээс болоод шөнийн цагаар байнга сэрвэлзэж сэрснээс архаг нойргүйдэлд хүрэх ч тохиолдол байна.

Нойрны дагуул эмгэгүүд болох орондоо шээх, шүдээ хавирах, нойрондоо ярих, шөнийн айдас, хурхирах, хөл хөдлөх гэх мэт эмгэг нь элбэг тохиолддог. Бага насанд хэвийн үзэгдэл мэт боловч насанд хүрээд цаашид үргэлжлэн илэрч, тодорхой муу үр дагавруудыг дагуулж байвал эмгэг гэж үзэж нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай.

-Манай улсад нойрны эмгэг хэр элбэг байдаг вэ. Энэ төрлийн судалгаа байдаг уу?

– Нойрны эмгэгүүдийг судалсан тархалтын судалгаанд 2015 онд монголчуудын  32 хувь нь нойронд амьсгал тасалдах эмгэгт өртөх эрсдэл өндөр байна гэсэн асуумжийн судалгаа байна. Тоо баримт авч үзвэл 2017 онд нийт 1.500.000 өвчлөл бүртгэснээс 2352 тохиолдлыг нойргүйдэл гэдэг оношоор бүртгэсэн байна. Өнгөрсөн онд 1.600.000 өвчлөлд 20 мянга гаруй нь нойргүйдэлтэй гэсэн оношоор бүртгэгдсэн байна. Бид ихэнх нойрны эмгэгийг хэвийн мэт хүлээн авдаг боловч байнга тогтмол илэрснээс болж нойрны чанар болон амьдралын чанарт сөргөөр нөлөөлж буй тохиолдолд эмчид хандах нь зөв.

-Нойрны эмгэгүүд хүндэрсэн тохиолдолд хүний биед ямар хор хөнөөл учруулах вэ?

-Нойрны эмгэг хүний биед ноцтой хүндрэл учруулдаг.  Нойронд амьсгал тасалдах эмгэгийн үед шөнө амьсгал удаан хугацаагаар тасалдаж цусанд хүчилтөрөгчийн хэмжээ байнга багассанаас бие эрхтэнд цусан хангамжийн дутагдал үүсч даралт тогтмол ихсэх, зүрх судасны эмгэг, зүрхний шигдээс, тархинд цус хомсрох, харвалт үүсэх, сэтгэн бодох, тани мэдэхүйн чадвар буурах,  цаашилбал шөнийн нойр чанаргүй байснаас өдрийн цагаар нойрмоглох, авто осолд өртөх эрсдэл өндөрсдөг.

Унтаж байхад хөл нь үечилж хөдлөөд байхаар байнга сэрж нойрны чанар алдагдана, гүн нойрны хэмжээ багасна, аажмаар нойргүйдэлд хүргэх аюултай. Нойрны эмгэгүүдийн гол үр дагавар нь нойрны чанарыг бууруулж байдагт оршино. Олон жилийн турш чанаргүй муу унтсанаар бусад өвчний суурь болдог. Нойрны эмгэгүүд хүний эрүүл байх үндэс суурийг алдагдуулж байна гэсэн үг.

Нойрны төвийн оношлогооны аппратаар өдөрт хоёр хүн оношлуулах боломжтой

-Нойрны төв өдөрт хэдэн хүнд үйлчилдэг вэ?

-Нойрны олон үйлдэлт бичлэгийн хоёр багажтай тул өдөрт хоёр хүнд нойрны бичлэг хийх боломжтой.  Эмчилгээний гурван CPAP багажтай.  Үүгээр зөвхөн нойронд амьсгал тасалдах эмгэгийг эмчилнэ.  Манай төвд хэвтэн эмчлүүлэх боломжгүй. Эмч нар амбулаториор үзлэг хийж, шаардлагатай тохиолдолд нойрны лабораторид нойрны бичлэгт орох цаг товлоно. Нойрны бичлэгт орохоор ирсэн үйлчлүүлэгч орой ирж нойрны лабораторид унтаад өглөө гэртээ харина гэсэн үг.

-Нээлтээ хийснээс хойш танай төвд иргэд хэр хандаж байна вэ?

-Иргэд их хандаж байгаа боловч манай төвийг нойргүйдлийн төв, хэвтүүлэн эмчилдэг тасаг нэгжтэй, аль эсвэл ямар нэг багажид оруулаад унтуулдаг гэх мэт ташаа ойлголттой байна. Бидэнд хэвтүүлэн эмчилдэг тасаг нэгж байхгүй, нойргүйдлийг эмчлэхгүй, унтуулдаг ямар нэг төрлийн багаж тоног төхөөрмж байхгүй. Бид нойрны эмгэгийг оношилдог нойрны олон үйлдэлт багажийн тусламжтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Гаднын орнуудад ч нойрны төв бол Полисомнограцийн багажид тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг.

-Иргэд танай төвөөр хэрхэн үйлчлүүлэх боломжтой вэ. Төлбөр  нь багагүй өртөгтэй гэж сонссон?

-Олон үйлдэлт нойрны бичлэгийн оношилгоо өндөр өртөгтэй. Гэхдээ манай төвийн хувьд даатгалаар  хөнгөлж, эмчлүүлэгчээс тодорхой хэмжээний мөнгөн төлбөр авч зохицуулж байна. Ер нь олон үйлдэлт бичлэгийн оношилгоонд орох заалт гэж бий. Тухайн өвчтөнийг эмч үзээд тэрхүү заалтад тохирсон бол энэ бичлэгээр оношилдог.

-Нойр эмчлэх, оношлох багажийг  хаанаас оруулж ирсэн бэ?

-Бидэнд нойр эмчилдэг багаж байхгүй гэж түрүүн хэлсэн. Оношилгооны багажийг Австри, Герман улсаас Австрийн долоон сая еврогийн хөнгөлөлттэй зээл хэрэгжүүлэх төслийн хүрээнд авсан. CPAP багажийг Япон улсын Койка медикал компани болон БНХАУ-ын Hypnus брендийн багажийг авсан. Төлбөр мөнгөний хувьд өртөг өндөртэй багажууд. Тиймээс оношилгооны төлбөр өндөр байна.

-Боловсон хүчнийг хэрхэн бүрдүүлсэн бэ. Дотооддоо бүрдүүлэх боломж бий юү?

-Хоёр эмч, гурван сувилагч ажиллаж байна. Манай эмч, техникчид ХБНГ Улсын  Мюнс­терийн их сургуулийн эмнэлгийн нойрны төв, Японы Эхими их сургуулийн эмнэлгийн нойрны төв, Австрийн Инссбрукийн Их сургуулийн эмнэлгийн нойрны төвд тус тус дадлага хийж мэргэжил дээшлүүлсэн.

-Таны хувьд аль улсад очиж туршлага хуримтлуулсан бэ?

-Герман, Японы нойрны төвд мэргэжил дээшлүүлсэн.

-Гадаад оронд нойрны төвөөр үйчлүүлэгчид хэр олон байдаг бол?

-Миний мэдэхээр нойрны анагаах ухаан харьцангуй залуу салбар боловч хөгжөөд нэлээд олон жил болсон тул үйл ажиллагаа нь жигдэрсэн, тогтмол бөгөөд тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. Жишээлбэл, Германы Мюнстерийн их сургуулийн нойрны төв нойрны долоон өрөөтэй, нэг өрөөнд нэг л ортой. Тасралтгүй, өдөр бүр үйлчлүүлэгчтэй байдаг. Тэднийх ойр, хөрш залгаа хэд хэдэн мужийн үйлчлүүлэгчдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг томоохон төв юм.

-Гүйцэд гүн нойроор унтах нь хүний биед хэр ач холбогдолтой вэ?

-Насанд хүрсэн хүн шөнийн 7-8 цаг чанартай сайн унтах ёстой. Мэдээж чанартай нойр бол хамгийн сайн эм.

-Нойргүйдлээс урьдчилан сэргийлэх боломж хэр байдаг вэ?

-Нойрны эрүүл ахуйг сахих хэрэгтэй. Орой 22.00 цагт унтсан бол өглөө 06.00 цагт сэрж байх нь чухал. Жишээлбэл, унтах цагтаа ажиллаж болохгүй. Хүн эрүүл байхын тулд нойрны эрүүл ахуйг чанд сахих хэрэгтэй.  Мөн хүүхдэд багаас нь нойрны дэглэмийг сахиулж сургах нь маш чухал. Эцэг эхчүүд бид хүүхдийнхээ насанд тохирсон цагаар хүүхдээ зөв цагт хангалттай унтуулах хэрэгтэй. Хүүхдээ хэт оройтож унтуулаад орой сэрээснээс нойр хойшлох хам шинж үүсч бие махбодийн хөгжил хэвийн бус явах, өвчлөмтгий, цочромтгой болох, цаашилбал насанд хүрсний дараа нойрны асуудалтай, нойрны олон төрлийн эмгэгт өртөх эрсдэлтэй болох аюултай.

Д.Сүрэн

 

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ