• Далай лам 1959 онд явснаас хойш 2018 он гэхэд Түвдийн ДНБ 191 дахин нэмэгдсэн гэв

    БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Хэвлэл мэдээллийн албаны энэ сарын 27-нд нийтэлсэн “Агуу их үсрэнгүй хөгжил: Түвдийн ардчилсан өөрчлөлтийн 60 жил” цагаан ном гарчээ. Уг номонд Хятадын эрх баригчид Дээрхийн гэгээнтэн XVI Далай ламыг Төвдөд феодалын хамжлагат системийг хэвээр үлдээхийг зорьж, шинэчлэл хийхийг хүсэхгүй байна гэж шүүмжиллээ.

    Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Дэнзэн Гочоо 1959 онд Хятадын эрх баригчдын эсрэг зэвсэгт бослого явуулж, бүтэлгүйтсэний дараа Төвдөөс зугтан гарсан билээ. Үүнээс хойш тэрбээр хамтран зүтгэгчдийн хамт Энэтхэгийн Дармсала хотод амьдарч байгаа юм. “Төвдийн хөөгдмөл Засгийн газар” энэ хотод үйл ажиллагаагаа явуулдаг. Далай лам улс төрийн албан тушаалаасаа огцрохоо 2011 оны гуравдугаар сард мэдэгдсэн боловч энэ нь Бээжин болон түүний хооронд үүссэн маргааныг зөөлрүүлээгүй юм. Хятадын эрх баригчид түүнийг салан тусгаарлах үзэлтэнд тооцсон хэвээр байгаа аж.

    “Төвдөд хэдэн зуун жилийн турш шашин, феодалын хамжлагат систем ноёрхсон бөгөөд 1959 онд ардчилсан шинэчлэл хийгдэх хүртэл олон сая хүн харгис хэрцгий хандлага, дарлал мөлжлөгөд өртөж байсан юм” хэмээжээ.

    Цагаан номд “Сүм шийдэд ХКН хичээнгүй арга барил хэрэгжүүлж, хуйвалдааныг эсэргүүцэх, Феодалын онц эрх, Феодалын ноёрхлыг эсэргүүцэх ажиллагаа өрнүүлж, сүм хийдийн Феодалын онц эрх ба ноёрхлын дүрмийг туйлбартай устгаж, улс төрийн нэгдэлтэй байдлыг хэрэгжүүлэн, улс төр шашныг тусгаарлаж, шашнаар халхавч болгож буй хуйвалдах этгээд, хувьсгалын эсрэг этгээдэд эрс цохилт өгсөн” хэмээн дурджээ.

    Цагаан номонд бичсэнээр, “шашин шүтлэгийн эрх чөлөөтэй бодлогыг баримтлан, иргэдийн шашин шүтэхэд эрх чөлөөтэй байх эрхийг баталгаажуулж, сүм хийдийн ардчилсан удирдах дүрмийг хэрэгжүүлэв. Ардчилсан өөрчлөлтийн явцад олон лам нар, гэлэнмаа нар шар шувталж хар болсон байна. Ардчилсан өөрчлөлтийг биелүүлсний дараа Түвдэд 553 сүм хийд, 7000 гаруй лам гэлэнмаа хэвээр үлдэж, тухайн нутгийн иргэдийн шашны амьдралын эрэлт хэрэгцээг үндсэндээ хангав” гэжээ.

    Мөн энэхүү цагаан номд Түвдийн өөртөө засах орныг хэрхэн хөгжүүлснээ ч дурджээ. Тэнд “2018 онд ТӨЗО-ны ДНБ-ний хэмжээ нь 1959 оны 191 дахинтай тэнцсэн” гэжээ.

    “1959 онд Түвдийн хөдөө аж ахуй салбарын нэмүү өртөг 128 сая юань байсан бол 2018 онд 13 тэрбум 414 сая юаньд хүрсэн. 1959 онд үр тарианы ургац 182 мянга 900 тонн байсан бол 2018 онд 1 сая 49 мянган тоонд хүрсэн байна. 60 жилийн өмнө Түвдэд бараг л ямар ч аж үйлдвэр байсангүй бол 2018 он гэхэд аж үйлдвэрийн нэмүү өртөг 11 тэрбум 451 сая юаньд хүрсэн. Түүнчлэн Түвдийн үйлчилгээний салбар түргэн хөгжиж, 2018 онд давхацсан тоогоор 33 сая 687 мянга 300 жуулчин хүлээн авч, 49 тэрбум 14 сая юанийн ашиг орлого үүдэж, 100 гаруй мянган малчин аялал жуулчлалаар орлогоо нэмэгдүүлсэн байна. Мөн 2018 оны эцсийн байдлаар Түвдийн авто замын нийт урт 97 мянга 800 километрт хүрсэн” гэж онцолжээ.

    “60 жилийн турш Түвдийн үндэстнүүдийн ард түмний амьжиргааны нөхцөл тал бүрээр сайжирч, аз жаргалын индекс ихээр дээшилсэн юм. 2018 онд Түвдийн хот суурины оршин суугчдын хүн тутмын зарцуулж болох орлого 33 мянга 787 юаньд хүрч, хөдөө орон нутгийн иргэдийн хүн тутмын зарцуулж болох орлого 11 мянга 450 юаньд хүрлээ. 1959 онд Түвдийн нийт хүн ам 1 сая 228 мянга байсан бол 2018 онд 3 сая 438 мянга 200 болсноос 90 гаруй хувь нь Түвд үндэстэн болно. 1959 онд Түвдийн хүн амын дундаж наслалт 33.5 байсан бол өдгөө 68.2 болсон байна. 60 жилийн өмнө Түвдийн хүн амын 95 гаран хувь нь боловсрол хүртдэггүй байсан бол 2017 онд ТӨЗО-д нийтдээ хүүхдийн 1239 цэцэрлэг, 806 бага сургууль, 132 дунд сургууль, их дээд 7 сургуультай болж, 2012 оноос 15 жилийн заавал сурах насны төлбөргүй боловсролын бодлого хэрэгжүүлсэн юм. Өдгөө ТӨЗО-д эм эмчилгээний 1547 байгууллага үйл ажиллагаа явуулснаар чөлөөлөгдсөний эхэн үед жирэмсэн эхчүүдийн эндэлт 5000/100000 байсныг 2017 онд 102/100000 болтол буруулж, нярай хүүхдийн эндэлт 430‰ байснаа 10.38‰ болон буурсан байна. 2017 онд ТӨЗО-ны нийт 74 шяний 60-аас дээш насны хүмүүсийг бүгдийг өндөр насны үндсэн тэтгэлэгт хамрагдсан бол 2019 оны 1-р сарын 1-нээс хот суурины ядуу амьдралтай иргэдийн амьжиргааны баталгааны тэтгэлгийг жил бүр 9600 юань болгож, хөдөө орон нутгийнхыг жилд 4450 юань болгон нэмэгдүүлсэн” хэмээсэн байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ