Маш муухай бичлэг үзсэнийхээ дараа УИХ-ын 40 гишүүн ҮАБЗ-д онцгой эрх олгов 

Хуулийн байгууллагын удирдлагуудыг ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу чөлөөлдөг болох хуулийн төслийг УИХ-ын 40 гишүүний 82.1 хувийн саналаар баталлаа. Ингэснээр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Прокурорын тухай хууль,  Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт орж, ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан тохиолдолд эдгээр хуулийн байгууллагын бүх шатны удирдлагыг сольж өөрчилж байх болов.

Өөрөөр хэлбэл, ҮАБЗ буюу  Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар шүүгч,прокурор, АТГ-ын удирдлагыг хугацаанаас нь өмнө огцруулахаар санал гаргах эрхтэй болов.

Хуулийн төслийг батлахын өмнө уг хуулийн төслийг дэмжиж УИХ-ын гишүүн Ж.Батзандан үг хэлс эн бөгөөд тэрбээр Монголын хууль хяналтын байгууллага яргын машин болсон бичлэг үзсэн тухай ярив. Энэ нь С.Зориг агсны хэрэгт холбогдон ял авсан хүмүүсийг хэрхэн эрүүдэн шүүж буй тухай. УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ярьснаар, хэрэг хүлээлгэхийн тулд толгой дээр нь  өтгөн, шингэнтэй ус асгаж, ээжийнх нь хашаа руу цогцос шидэж байгаа бичлэг үзжээ. Тиймээс тэрбээр ҮАБЗ хууль хяналтын байгууллага дээр онц дэглэм тогтоож, гартаа авах цаг нь болсон гэв.

Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан  энэ өдрүүд  аймшигтай, эмгэнэлтэй байгааг хэллээ.  Мөн  хууль тогтоогч 75 гишүүн ард түмнээс уучлалт гуйх ёстойг хэлээд  “Хүмүүсийг тамласан хүмүүс хуулийн дагуу хамгийн дээд ялыг хүлээх ёстой. Гэхдээ Монгол Улсыг хуулийн засаглалгүй болгож мэдэх хуулийг баталж болохгүй. Ярилцаж байгаад энэ хуулийг дэмжсэн ч чоно борооноор гэдэг шиг юм болох вий” ГЭВ. Эрүүдэн шүүсэн гэх нөхцөл байдал батлагдвал ҮАБЗ хуулийнхныг чөлөөлөх нь зөв,гэхдээ хуульт засаглалыг үгүй хийх хууль баталж болохгүй гэлээ.

Хууль батлагдах явцад эдгээр хоёр гишүүнээс өөр хүн үг хэлсэнгүй, хууль батлагдлаа. Уг хуулийг батлахаас өмнө С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт холбогдсон хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг гишүүд үзсэн. Тэд гарч ирээд хэвлэлийнхэнд

  • Б.Содномдаржаагийн өрөөнд онц хүнд гэмт хэрэгтэн болон Амгаланбаатарыг хамт байлгаж, тэд Б.Содномдаржааг шөнөжин унтуулахгүй тамлаж байгааг,
  • Т.Чимгээгийн өрөөнд шөнө онц хүнд гэмт хэрэгтэн  Ц.Амгаланбаатар   орж, дарамталж буй бичлэг
  • Толгой дээр нь өтгөн,шингэнтэй ус асгаж байгаа бичлэг үзсэнээ ярив.

УИХ-ын гишүүн,Шадар сайд Ө.Энхтүвшингийн хэлснээр,маш муухай,даралт ихтэй хүн үзмээргүй бичлэг байсан байна.

Ийнхүү аймшгийн кино шиг эрүүдэн шүүж байгаа бичлэг үзсэн УИХ-ын 40 гишүүн ҮАБЗ-ийн гурван гишүүнд онцгой эрх өгсөн хуулийг батлав.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ