Ц.Нямдорж: Өнөөдөр зарим хүн их сандарч байна, энэ бичлэгийг хүмүүст үзүүлэх хэрэгтэй

Өнөөдөр 09.00 цагаас болон 14.00 цагаас товлогдоод байсан ч ирц хүрэхгүй гэсэн шалтгаанаар хуралдаж чадахгүй байсан ХЗБХ-ны хуралдаан үдээс хойш хуралдлаа.

Хуралдааны эхэлмэгц ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “С.Зориг агсны хэрэгт яллагдсан этгээдүүдийг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг хаалттай хуралдаад үзүүлж болж байна. ЗГХЭГ-аас үзүүлэхэд бэлэн” гэв.

Хуралдаан даргалагч Ш.Раднаасэд “Хэлэлцэх асуудалтай холбогдолгүй асуудал хэлэлцэхгүй. Санал хураалтад нөлөөлөхүйц бичлэг үзүүлэх гээд байгаа юм уу” гэж асуудлаа.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Гишүүд үзье гэсэн болохоор үзүүлэх гэж байна. Бид ажлаа хийсэн гэдгээ л хэллээ” гэхэд,

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Л.Оюун-Эрдэнэ гишүүнд талархаж байна. Гэхдээ үүнийг чуулганы нэгдсэн хуралдаанд үзье. Энэ бол зөвхөн байнгын хорооны гишүүдийн асуудал биш”

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Чуулганы хуралдаанд нийт гишүүдэд үзүүлсэн нь дээр. Эрүүдэн шүүсэн нь үнэн ч юм уу, монтаж хийсэн ч юм уу гэж бодож байгаа. Өнөөдөр зарим хүн их сандарч байна. Энэ бичлэгийг хүмүүст үзүүлэх хэрэгтэй. Бичлэгийг үзүүлсэнээр хууль хяналтын байгууллагынхан цаашдаа иймэрхүү зүйл хийхээ больж, ард түмэнд өөрийгөө хамгаалах мэдрэмж бий болно” гэлээ.

Ийнхүү Байнгын хороон дээр уг бичлэгийг үзэх эсэх талаар санал хураахад гишүүдийн 83.3 нь татгалзсанаар чуулганы хуралдаанд үзүүлэхээр боллоо.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ