Л.Гансүх: “Шударга бусын хонгилд хэлмэгдэгчдийн холбоо” ТББ байгуулснаа зарлаж байна

Гэрэл зургийг MPA.mn

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх асан Лүймэдийн Гансүх цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Л.Гансүх “Намайг энэ сарын 11-нд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орсноос хойш 10 гаруй хоногийн хугацаанд найз нөхдөөр маань дамжуулан  Ц.Элбэгдорж, Б.Хурц нарын байгуулсан шударга бусын хонгилд хэлмэгдсэн гэх зургаан хүн уулзлаа. Энэ хүмүүс өөрсдөд нь учирсан зовлонгоо ярьж, зарим нь хамтраад энэ хонгилыг нураах талаар ярьж, зовлонгоо шийдэхэд зөвлөгөө тусламж үзүүлэхийг хүссэн. Энэ хүмүүсийн хэлснээр таньж мэдэх хэлмэгдсэн гэх дахиад 20-30 хүн цаана нь байгаа гэсэн.

Тийм учраас би энэ хонгилд хэлмэгдэж, бүх шатыг нь туулсан хүнийхээ хувьд, УИХ-ын гишүүн байсан хүний хувьд хонгилыг нураахад, цаашид ийм явдал давтуулахгүйн тулд, холбогдох хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулахад зохих хувь нэмрээ оруулахын тулд зарим нэг хүмүүстэй нийлж “Шударга бусын хонгилд хэлмэгдэгчдийн холбоо” ТББ байгуулж буйгаа зарлаж байна. Энэ байгууллагад шударга бусын хонгилд хэлмэгдсэн бүх хүмүүсийг хамтран ажиллахыг урьж байна.

Манай байгууллага дараах гурван зорилгыг тавьж ажиллана.

  1. Хонгилын хохирогч болж, бизнес, лиценз үндсэн хөрөнгөө дээрэмдүүлсэн, хилсээр шийтгүүлж, шоронд орсон болон хохирохоос бусад төрлийн ял эдэлсэн хүмүүсийн эрх ашгийг хамгаалж, шүүхээр цагаатгуулж, хохирлоо олж авахын тулд хамтран ажиллана.
  2. Шүүх, прокурор, АТГ, Тагнуул, цагдаад шургалсан Хонгилын гишүүдийг илчлэх, холбогдох арга хэмжээг оногдуулах талаар төр засгийг шахаж ажиллана.
  3. Хонгилыг бий болгохгүйн тулд холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахад дуу хоолойгоо хүргэж, УИХ-ын тодорхой бүтцүүдтэй тулж ажиллана.

Бидэнтэй shudargabus.khongil@gmail.com хаягаар холбоо барьж, ямар асуудалд орсноо явуулаарай. Бид утсаар огт холбоо барихгүй.

Мөн шударга бусын хонгил гэдэг чинь олон улсын хэллэгээр бол мафи юм. Өчигдөр би УИХ-ын чуулган дээр Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-ын гишүүд хэрхэн эсэргүүцэж баг зүүсэн үйл ажиллагааг явуулж байгааг хараад үнэхээр харамсаж суулаа.

Тэгэхээр хууль хүчний байгууллагуудын мафийн бүлэглэлийг нэг өдрийн өмнө ч болтугай задлах хэрэгтэй. Уг нь бол энэ хүмүүс өөрсдөө өргөдлөө өгөөд салбал хойч үед нь хэрэгтэй байгаа юм.

Зарим хүмүүсийн хэлээд байгаа гурван хүнийг өөрчлөхийн тулд гурван хуульд өөрчлөлт оруулах нь буруу гэдэгтэй санал нэг байгаа ч  энэ мафийн бүтцийг нэг цаг ч ажиллуулж болохгүй гэх итгэл үнэмшилтэй байна. Энэ хонгилд 10 хүрэхгүй хүн бий. Тэд бүгд удирдлагууд нь тул хүчээр авч хаяхгүй л бол болохгүй.

Систем нурах гээд байна гэж яриад байхыг ойлгохгүй байна. Харин ч төрийн гурван өндөрлөг энэ цаг үед өөрсдийнхөө хариуцлагыг ойлгож байгаад баярлалаа. Дуу хоолойгоо хүргээд, энэ хуулийг явуулж байгаа хүмүүст баярлалаа гэж хэлэх байна” гэж мэдэгдлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ