• Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хууль Үндсэн хууль зөрчих үү

    Өчигдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүд тэр дороо хэлэлцэгдэж эхэлсэн нь шуугиан дагуулаад байна. Тэдгээр нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай болон прокурорын тухай, авлигатай тэмцэх тухай хуулийн төслүүдэд оруулах нэмэлт өөрчлөлтүүдийн тухай хуулиын төслүүд юм. Эдгээр нэмэлтийг оруулснаар ҮАБЗ-ийн гишүүд бүх шатны шүүхийн тэргүүнүүд, улсын ерөнхий прокурор болон түүний орлогчид, АТГ-ын дарга, дэд дарга нарыг түдгэлзүүлэх, чөлөөлөх асуудлыг санал болгох тухай юм. Энэхүү хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжээд байна.

    Уг хуулийн төсөл УИХ-д орж ирмэгц нэгэнт хоёр тал болон “байлдаж” байгаа Монголын улстөр, хуулийн салбарынхан нэгнийгээ хардаж сэрдээд эхэллээ. Одоогийн төрийн гурван өндөрлөгийг анхнаас нь дэмжиж ирсэн хүмүүсийн хувьд уг хуулийг нэн яаралтай баталж хуулийн байгууллагад үүссэн алдаа завхрал, хэн нэгний гар хөл болдог байдлыг таслан зогсоох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж байна. Харин уг төслүүдийг эсэргүүцэж байгаа нөхдүүдийн тухайд Үндсэн хуульд халдаж байна, зөрчиж байна хэмээх аж.

    Энэхүү хуулийн төслүүдийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д оруулж ирсэн нь мэдээж шалтгаантай. Тухайлахад, хэдэн жилээр сүр дуулиан болсоор ирсэн төрийн томоохон албан тушаалтнуудтай холбоотой хэргүүд шийдэгдэхгүй, тэр хүмүүстэй хуулийнхан нийлж МАНАН-таж ирсэнтэй холбоотой.

    Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ХХБ тэргүүтэн авсан асуудал дээр гэхэд шүүх илт тэдний талд шийдвэр гаргасан гэж Засгийн газар болон улстөрчид үзсээр буй. Энэ асуудал дээр УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, шүүгч Х.Идэр нарт хариуцлага тооцохыг хүссэн бичгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт илгээсэн.

    Мөн төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван хүнд ял оноохдоо 1937 оных шиг эрүүдэн шүүж ял оноосон хэмээх асуудал гарч ирж, Хууль зүйн сайд Ц.Нямдорж уучлалт гуйсан. Тус хэрэг дээр ажилласан гүйцэтгэх ажилтнуудыг цагдан хорьж шалгаж байгаа ч, хэргийг шийдвэрлэсэн шүүхийнхэн болоод ялласан прокурорынхныг яаж ч чадахгүй байгаа. Энэ мэтээр дурдвал олон шалтгаан байгаа учир ҮАБЗ ийм хуулийн төслүүд санаачилж өргөн барихыг Ерөнхийлөгчид даалгасан тухай Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдрийн чуулган дээр хэлнэ лээ.

    Тэгвэл уг хуулийн төслүүд батлагдвал Үндсэн хууль зөрчинө хэмээн хуульчид, УИХ-ын хуульч гишүүд үзэж байгаагаа илэрхийлсэн. Тэдгээрт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хариулт өгөхдөө “Шүүгчийн шийдсэн хэрэгтэй холбогдуулан хариуцлага тооцох асуудал ярихаар шүүхийн хараат бус байдалд халдсан асуудал үүсээд байгаа юм.

    Шүүгч насаараа томилогддог учир одоогийн хуулийг ерөнхийд нь хадгалж байгаа. Жишээ нь, Салхитын ордтой холбогдсон найман шүүгчийн асуудал сүүлийн гурван жил үргэлжилж байна. Тэдгээр шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг прокурорын байгууллагаас оруулж ирнэ гэсэн ч одоо болтол байхгүй. Тэгэхээр жишээ нь энэ асуудал дээр зөвхөн прокурорыг харахгүйгээр ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу асуудлыг оруулж ирж болох юм. Үндсэн хууль болон салбар хуулийн дагуу томилгоо хийдэг байгууллага албан тушаалтанд санал болгохоос биш шууд томилгоо хийхгүй. Нөгөө байгууллага нь эрх мэдлийнхээ хүрээнд томилгоо хийх учраас Үндсэн хууль зөрчихгүй” хэмээж байсан.

    Мөн УИХ-д олон удаа сонгогдсон гишүүд тухайлбал Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан нар хуулийн байгууллагатай холбоотой ийм асуудлууд энэ удаад л яригдаж байгаа юм биш. Олон жил яригдаж ирсэн, тиймээс ийм хуулийн төсөл санаачилсан нь зөв. Харин Үндсэн хуульд яаж нийцүүлэхээ сайн ярилцаж шийдэх хэрэгтэй гэлцэж байлаа.

    Мөн УИХ-ын гишүүн Хууль зүйн сайд Ц.Нямдорж ч эдгээр төслийг Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд Үндсэн хуульд нийцэхгүй гэж байна. Нийцүүлээд батлуулаарай гэв.  Энэ бүгдээс харахад Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль Үндсэн хуультай зөрчилдөж байгаа юм байна. Харин түүнд нийцүүлж батлах юм байна гэдэг нь ойлгогдож байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ