• Хэнтийн нөхөн сонгууль угтсан Н.Энхбаярын улстөрийн хөлд чирэгдэх хүний тоо өдөр бүр өснө

    Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт ирэх зун болох нөхөн  сонгууль угтсан улстөр өрнөж эхлээд байна. Д.Гантулгыг хормойн асуудлаар УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзахаас өөр аргагүй байдалд оруулсан тэр цагаас уг нөхөн сонгуульд хэн хэн санаархаж байгаа нь тодорхой болсон. Сөрөг хүчин болох АН , УИХ-д суудалтай МАХН энэхүү тойрогт хүч хаях сонирхлоо аль эрт илэрхийлсэн.

    Үнэхээр ч Хэнтийн нөхөн сонгууль анх 2018 онд зарлагдаж байх үед эрх баригч нам, тэр дундаа дарга У.Хүрэлсүхэд ашиггүй байдал харагдаж байлаа.  Тэгвэл энэ хооронд болж өнгөрсөн үйл явдлууд У.Хүрэлсүхийн улстөрийн рейтингийг өндөрт өргөж одоо бол тэрбээр рейтингээрээ бүх улстөрчдийг тэргүүлж байгаа. Тиймээс МАН-аас Хэнтийд У.Хүрэлсүх л ялах магадлалтай гэцгээж эхэлсэн.  Гэвч У.Хүрэлсүх  Ерөнхий сайдын албыг хашиж буй учир  сонгуульдаад явж байх цаг зав багатай. Хямарсан эдийн засгийг илааршуулах ажил нь энэ цагт тасалдвал ирэх жилүүдийн том сонгуулиудад ороход нь сөрөг оноо авчирна.  Тиймээс Хэнтийд Ерөнхий сайд нэр дэвшинэ гэдэг нь хийсвэр, боломж муутай ,хардлага төдий зүйл. Харин өндөр рейтингтэй түүний нэр хүндэд түшиглээд  Хэнтийчүүдийн дундаас төрсөн хэн нэг улстөрчийг нэр дэвшүүлэхэд нэлээд бодитой өрсөлдөгч байх нь дамжиггүй юм.

    АН-ын тухайд УИХ-ын гишүүн асан Д.Гарамгайбаатар, Хэнтийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар, Н.Алтанхуягийн зөвлөх асан Д.Хүдэрбаатар нарын нэр дуулдаж байна.  Эднээс Н.Гарамгайбаатарын хувьд “Чингис” бондын мөнгө, Хөгжлийн банкны зээлийн асуудлаар албан тушаалын гэмт хэргээр АТГ-д шалгагдаж байгаа учир нэр дэвших эрх олдохгүй байж мэднэ. Харин Д.Хүдэрбаатар нь сүүлийн үед бямба гариг бүрт Сүхбаатарын талбай дээр цуглах болсон “Хэвтүүл” хэмээх хөдөлгөөнийг удирдагсдын нэг болоод байгаа. Түүний хувьд дахин нэг нэр дэвшээд өрсөлдөх сонирхолтой байгаа нь нууц биш. Мөн Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар ч энэ удаа дахин хүрд эргүүлэхийг хүсч байгаа гэлцэнэ.

    МАХН-ын дарга, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын тухайд уг тойрогт нэр дэвшин их улстөрд дахин орж ирэхээр нөхөн сонгууль болох нь тодорхой болсон тэр үеэс л санаархсан. Одоо нөхөн сонгуулийн хугацаа дөхөх тусам түүний хийх улстөр улам бүр хүчийг авч байна. Н.Энхбаяр “намайг болон манай намын хамтран зүтгэгчдийг хэлмэгдүүлэх ажиллагаа явсаар байна” хэмээх асуудлыг байнга ярих боллоо. “Цензургүй яриа” нэвтрүүлгээс эхлээд тэрбээр өөрийгөө болон намын нөхдөө хэлмэгдэж байгаа хэмээн ярихын сацуу зарим шүүгч, прокуроруудыг өөрийг нь хэлмэгдүүлэхэд оролцсон хэмээн шууд зарлав. Тухайлахад прокурор байсан Ё.Сагсайг тэрбээр шууд 1937 оны хэлмэгдүүлэгч ногоон малгайтан мэт аашилсан тухай ярьж, улмаар бичлэг задлан “порно прокурор” нэр зүүлгэсэн. Цаашлаад баахан шүүгчдийг нэр заан намайг хэлмэгдүүлэхэд оролцсон хэмээн ярьж нийгмийн ухамсарт нэгэнт суугаад буй хууль хяналтынхан тэр дундаа шүүх, прокурорынхон МАНАН-гийн гар хөл болдог хэмээх асуудлыг хөөргөдөж нэр хүндээ өсгөхөөр шийдсэн нь ойлгомжтой байна.   Мөн Н.Энхбаяр “2016 оны сонгуулийн санал хураах өдрийн өмнө МАХН-ын Сонгуулийн штабын ерөнхий менежерээр ажиллаж байсан Э.Эрдэнэжамъян 60 тэрбумын асуудлыг гаргаж ярьсныхаа төлөө гурван шатны шүүхээр явж, торгуулж, шийтгүүлж, хохирогч болсон.“Эрдэнэт”-ийн 49 хувийн луйвар болсон талаар мэдээлэл өгсөн Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ нар мөн л үнэнийг хэлснийхээ төлөө хохирсон. Ч.Сайханбилэг, З.Баянсэлэнгэ хоёулаа гарын үсэг зурсан тогтоолоор Ч.Сайханбилэг буруугүй үлдэж,  З.Баянсэлэнгэ буруутан болсон.

    С.Ламбаагийн гаргасан шийдвэрийн төлөө Ц.Оюунбаатарт ял өгөх шүүх хурал яг одоо болж байна. Үнэнийг хэлэх тогтолцоог хааж байна” хэмээж байгаа юм.

    Мөн МАНАН-гийн толгойлогч гэгдсэн Ц.Элбэгдорж, М.Энхболд, Д.Эрдэнэбилэг нартай холбоотой асуудлыг ч гарган тавьсаар байна. Энэ бүхнээс харвал Н.Энхбаярын рейтингээ өсгөхийн төлөөх улстөрийн акцид өртөж, хөлд нь чирэгдэх хүний тоо өдөр ирэх бүр өсөх нь тодорхой байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ