• МАН-ын бүлэг АТГ-ын удирдлагуудын томилгооны асуудлыг хойшлуулах шийдвэр гаргалаа

    УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцжээ. С.Зоригийг хөнөөсөн хэрэгт яллагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн эсэх асуудлаар ХЗДХ-ийн сайдын мэдээллийг сонсчээ. Мөн УЕП-ын орлогч, АТГ-ын дарга, дэд дарга нарын томилгооны асуудлыг хэлэлцсэн аж.

    МАН-ын бүлэг гурван шийдвэр гаргажээ. Нэгдүгээрт, эрүүдэн шүүсэн асуудлыг буруушааж, хүний эрхийг зөрчсөн, ардчилсан нийгэмд байж болшгүй асуудал байна. Тиймээс эрүүдэн шүүсэн бичлэгийг олон түмэнд ил болгох нь зүйтэй гэж үзэж, Засгийн газарт чиглэл өгч, Засгийн газар шийдвэр гаргах хэрэгтэй гэж үзсэн. Уг хэрэг дээр УИХ-аас ажлын хэсэг гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Хууль хүчний холбоотой асуудлыг судалж, шалгаж үзэх нь зүйтэй. Түүнчлэн эрүүдэн шүүсэн асуудлыг ҮАБЗ-ийн хурлаар яаралтай хэлэлцүүлэх хэрэгтэй гэж үзлээ.

    Хоёрдугаарт, УЕП-ын орлогчийн бүрэн эрхийн хугацаа дууссан. Тиймээс шинэ УЕП-ын орлогчийг томилохдоо УИХ-тай зөвшилцөх ёстой. Гэхдээ энэ асуудлыг түр хойшлуулах нь зүйтэй гэж үзсэн.

    Гуравдугаарт, АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа дууссан хэмээн Ерөнхийлөгч солих саналаа хүргүүлсэн. Тиймээс дараагийн дарга нарыг томилох хэрэгтэй болоод байгаа. Улмаар хоёр хүний нэр ирүүлсэн. Гэхдээ ХЗБХ өмнө шийдвэр гаргаж, бүрэн эрхийнх нь хугацаа  дуусаагүй байна. Тиймээс өргөн барьсан хоёр хүний асуудлыг хэлэлцэх боломжгүй байна гэсэн шийдвэр гаргасан байсан. Энэ шийдвэрийн талаар ярилцаад өнөөдөр Үндсэн хуулийн цэц дээр АТГ-ын дарга, дэд даргын хугацаатай холбоотой асуудлаар маргаан үүсчихсэн явж байгаа юм байна. Тиймээс эрх зүйн хувьд маргаантай байгаа асуудлыг УИХ яаралтай шийдэх шаардлагагүй байна гэж үзэж, АТГ-ын дарга, дэд даргын асуудлыг хойшлуулах шийдвэр гаргасан” гэлээ.

    Дараа нь тэд сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв. 

    -С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх ялтнуудыг эрүүдэн шүүсэн бичлэгийг ил болгоно гэлээ. Тэгэхээр прокурорын зөвшөөрөлтэй юу. Хэзээ ил болгох вэ? 

    -Ойрын үед ил болгоно. Энэ бол Засгийн газрын хуралдаанаар шийдэх асуудал. Гэхдээ УИХ, ХЗБХ энэ асуудлаар ойрын үед яаралтай хэлэлцэж, тодорхой чиглэл гаргана гэж бодож байна.

    -Прокурорын асуудлыг хойшлуулсан шалтгаан юу вэ? 

    -Нэр дэвшигчийг судлах хэрэгтэй байна. Мөн С.Зоригийн хэрэгтэй холбоотой эрүүдэн шүүсэн гэх асуудлыг эхлээд шийдэх хэрэгтэй байна.

    -АТГ-ын удирдлагуудад ямар хүмүүс оруулж ирсэн юм бэ? 

    -АТГ-ын дарга, дэд даргад сошиалаар санал авсан хүмүүсийн нэрийг оруулж ирсэн. Томилгооны асуудлыг Үндсэн хуулийн цэцээс дүгнэлт гартал УИХ хэлэлцэх боломжгүй гэж үзлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ