• О.Магнай:Монгол Улс ШХАБ-д элсэхийг Ардчилсан нам зөвшөөрөхгүй

    Ардчилсан намаас дөрөвдүгээр сарын 5-нд буюу хаврын чуулган нээлтээ хийх өдөр Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулахаар болсон тухай УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан болон нарийн бичгийн дарга О.Магнай нар мэдээлэл хийлээ.

    Дөрөвдүгээр сарын 5-ны жагсаалаар ЖДҮХС, 60 тэрбум, ШХАБ-ын асуудлуудын талаар байр сууриа илэрхийлэх юм байна.

    УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Нэгж жилийн богино хугацаанд ард түмний орлогыг нэмэгдүүлсэн, бодитойгоор эдийн засгийг өсөлтийг нэмэгдүүлсэн бодлогын шинжтэй үйл ажиллагааг явуулах ёстой

    УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

    • Амлалт хангалтгүй байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд тогтмол өссөн үзүүлэлттэй эдийн засаг нь МАН-ын бодлоготой ямар ч холбоогүй.  Энэхүү эдийн засгийн өсөлт нь хувийн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа, гадаад зах зээл дэх экспортын бүтээгдэхүүнүүдийн үнэ өссөнтэй холбоотой.  Эдийн засаг ийм өсөлттэй байхад вальютынхаа ханшийг 600 төгрөгөөр алдаж, инфляцийн төвшинг 9.4 болгож 8.3 хувиар нэмэгдүүлсэн. Үүний дүнд иргэдийн өдөр тутам хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний үнэ 23 хувиар өссөн байна. 2016 оны сонгуулиар МАН, төрөөгүй хүүхэд хүртэл 15 сая төгрөгийн өртэй шүү гэж айлгаж байгаад ялсан.  Харин түүнээс хойш, ямар нэгэн байдлаар томоохон бүтээн байгуулалт хийгээгүй байж нэг хүнд ногдох өрийн хэмжээ 23 сая 341 мянга 250 төгрөг болж өссөн байна. Ардчилсан намын авсан гурван тэрбум ам.долларын зээлээр маш олон бүтээн байгуулалт хийсэн. 3000 гаруй км зам тавьсан, онгоц худалдаж авсан, Дулааны цахилгаан станцуудыг хүчин чадлыг нэмсэн, сумдын өрх болгонд цахилгааныг хүргэх ажлыг хийсэн. Тэгтэл үүнтэй дүйцэхүйц нэг ч ажил хийгээгүй хирнээ Засгийн газрын өрийг дөрвөн тэрбум 400 сая ам.доллараар өсгөчихсөн байж байна. Энэ хугацаанд бараг өр төлбөр төлөгдөөгүй. Мөн Засгийн газар Ардчилсан намд л хариуцлага тооцох талаар ярьснаас биш урагшаа харсан бодлогын томоохон ажил хийсэнгүй. Бодлогын томоохон ажил хийгээгүй учраас иргэдийн гар дээр эдийн засгийн өсөлт бодитоор очоогүй.
    • МАН татварын хэмжээг нэмэхгүй гэж амласан боловч зөвхөн нэг удаагийн чуулганаар л гэхэд долоон төрлийн татварыг нэмсэн.  Аймаг, дүүргийн, нийслэлийн Иргэдийн хурал нь газрын төлбөрийн хэмжээг тогтмол нэмж байна. Шат, шатандаа иргэдийн халааснаас хулгайлах үйл ажиллагаа явуулж байна. Ирэх жил гэхэд сонгууль руугаа яваад орчих учраас жил гэсэн энэхүү богинохон хугацаанд ард түмний орлогыг нэмэгдүүлсэн, бодитойгоор эдийн засгийг өсөлтийг нэмэгдүүлсэн бодлогын шинжтэй үйл ажиллагааг явуулах ёстой гэж үзэж байна.
    • Их хурлын 65 гишүүн 65-уулаа 60 тэрбумын схемийн дүнд гарч ирсэн хүмүүс. 60 тэрбумын хүмүүс төрийг яаж ч хувааж идэж болно гэж үзэж байгаагийн нэг жишээ бол ЖДҮ-гийн асуудал байгаа. М.Энхболдод авсан арга хэмжээ нь Ардын намын зүгээс хариуцлага тооцсон гэж үзэж байгаа бол эндүүрэл шүү гэж хэлье. Хэдий өнөөдөр Ардчилсан нам цөөхүүлээ болж, бүлэггүй болж байгаа ч гэсэн илүү хариуцлага тооцуулахын тулд улс төрийн тэмцэл, жагсаалаар хөндөж, улс төрийн гол сэдэв болгох нөхцөл байдалд хүрч байна.  60 тэрбумын асуудлаар Ардчилсан намыг дэмждэг гэсэн шалтгаанаар 35 000 төрийн албан хаагчдыг халсан.  Тэдгээр хүмүүсийнхээ эрх ашгийг хамгаалахын төлөө тэмцэнэ.  Хэдэн хуулийн байгууллагын дарга нарыг солихгүй л бол хувьсгал явахгүй нь гээд байгаа бол хурдан соль. Дарга нараас нь айгаад байгаа бол би тэр хуулиудыг чинь бүгдийг нь санаачлаад өгөе.

    Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай:Ардчилсан нам Монгол улсыг ШХАБ-д  элсэхийг зөвшөөрөхгүй

    О.Магнай:

    • Эрх баригчид  ЖДҮХС-тай холбоотой гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хамгаалж байгааг бүгд харж байгаа. ШХАБ-д орохыг дэмжсэн байр сууриа илэрхийлсэн байгаа гишүүд ЖДҮ-ээс зээл авсан гишүүд байна. ЖДҮ, ШХАБ хоёр хоорондоо холбоотой.  Х.Болорчулуун,Д. Сумъяабазар, Л.Оюун-эрдэнэ, Л.Болд,Я. Содбаатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар, Их хурлын дарга Г.Занданшатар  нар Монголоо Шангхайд худалдая гэж ярьж байгаа.  ЖДҮХС-гаас авсан зээл жижиг, дунд үйлдвэрт зориулагдаагүй, зориудаар 950 саяар нь хүмүүст авч өгсөн байгаа юм. Ингэж өгсний цаад зорилгыг Ардчилсан намын зүгээс Монгол улсыг ШХАБ-д зарах зорилготой байж магадгүй гэж үзэж байна. Өнөөдрөөс зуун жилийн өмнө Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг нэр бүхий ноёд худалдаж байсан.  Тэгвэл түүнээс зуун жилийн дараа буюу өнөөдөр эрх чөлөө,тусгаар тогтнолыг худалдах нөхдүүдээр МАН-ын эрх барьж байгаа нөхдүүд тодорч гарч байна. Ардчилсан нам Монгол улсын ШХАБ-д элсүүлэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй. ШХАБ-д элсэхийн эсрэг ард түмнийгээ бидэнтэй нэгдэж дөрөвдүгээр сарын 5-нд жагсаж, тэмцээсэй гэж хүсч байна.

    АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан:

    • Баянзүрх дүүрэг дээр нөхөн явагдсан сонгуулийн нөхөн сонгууль зарласан, улмаар зохион байгуулсан үйл ажиллагааг  хууль бус гэж үзэн, шүүхэд хандсан учраас Ардчилсан нам оролцоогүй. Баянзүрх дүүргийн 10,19 дүгээр тойргийн нөхөн сонгуулийн дүн мэдээг энд дарж үзнэ үү.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ