С.Зоригийг хөнөөсөн хэргийг эрүүдэн шүүж, тулган хүлээлгэсэн тухай бичлэгийг ЗГ-ын гишүүдэд үзүүлэхийг прокурор зөвшөөрөөгүй гэв

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн материалтай холбоотой асуудлыг нууцын зэрэглэлтэй хэлэлцлээ. Хэрэг шалгах явцад яллагдагч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэсэн мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд өчигдөр мэдэгдсэн билээ.

Харин Засгийн газрын хуралдаанаар яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн нууцын зэрэглэлтэй бичлэгийг Засгийн газрын гишүүдэд танилцуулах байжээ. Гэвч прокурор энэхүү бичлэгийг Засгийн газрын гишүүдэд үзүүлэхийг зөвшөөрөөгүй гэсэн мэдээллийг өглөө.

Энэ асуудлыг Шадар сайд Ө.Энхтүвшингээс тодруулахад “С.Зоригийн хэрэгтэй холбоотой мэдээлэл сонслоо. Энэ ажиллагаа хэрхэн явагдсан, хууль ёсны дагуу байсан эсэх талаар л мэдээлэл солилцлоо. Ц.Нямдорж сайд болон Тагнуулын ерөнхий газрын дарга нар хуралдаанд мэдээлэл өгсөн. Ялангуяа яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзэх гэсэн боловч прокурорын зүгээс зөвшөөрөөгүй. Ер нь бол энэ бичлэгийг гишүүдэд болон олон нийтэд ил болгох ёстой. Энэ бичлэгийг ил болгох, үзэх ёстой гэсэн шийдвэр гаргасан” гэлээ.

Ийнхүү Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэрэг хүлээлгэхийн тулд эрүүдэн шүүсэн гэх нууц бичлэгийг Засгийн газар болон иргэдэд ил үзүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын гишүүд үзээд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ