Ц.Элбэгдоржийн хадам дүү Х.Болдбаатар: Би одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын жолооч байсан. Би тэр хүний оймсыг угааж, гутлыг нь тосолж явсан

Эрүүгийн цагдаагийн газраас гуравдугаар сарын 19-нд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд нэгжлэг хийсэн. Түүний өрөөнд 1000 гаруй уран зураг байсан бөгөөд 30 гаруй нь дэлхийн болон Монголын үнэт уран зураг байсан тухай зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж буй юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй дээрх мэдээлэл нь үнэнд нийцэхгүй болохыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн билээ.

Тэгвэл яг одоо Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэрийн дүү Х.Болдбаатар энэ талаар мэдээлэл хийлээ.  Тэрбээр “Гуравдугаар сарын 19-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс  над руу утасдаж таны уран зургийн архивыг шалгах гэсэн юм гээд ярьсан. Би учрыг нь тодруулахад Их тэнгэр цогцолбор, Маршал цогцолбороос алга болсон уран зургууд танай архивт байж магадгүй байна гэж хэлсэн. Тэгээд би хуулийн дагуу нэгжлэг хийх зөвшөөрөл байгаа эсэхийг тодруулсан. Гэвч цагдаагийн байгууллага нэгжлэг хийж эхэлснээс хойш нэг цаг гаруйн хугацаа өнгөрсний дараа Хан-Уул дүүргийн прокурорын зөвшөөрөл ирсэн. Дүрслэх урлагийн бүтээл сонирхогчдын маш олон зургийг хадгалдаг манай архив руу 5-6 орчим цагдаа орж үзсэн. Үзлэгээр алга болсон гэх зургуудтай ойролцоо 10 зургийг авч явсан. Би иргэнийхээ хувьд архиваа үзүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гуайн  ажлын өрөөнд нэгжлэг хийж зургийг авсан мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ташаа мэдээлэл гарсан. Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэгийн архивт цагдаа нар нэгжлэг хийсэн.

Үзлэг хийж байгаа хүмүүс нь зураг мэддэггүй. Ардын зураач Б.Чогсом гуайг авчирсан. Манай архивыг үзэхдээ мэргэжлийн бус хүмүүс ажилласан. Би өөрөө ч тэдэнд мэдээлэл өгсөн. Би алдагдсан зураг уу үгүй юу гэдгийг мэдэхгүй.

Би анхны цалингаараа Юндэн Нансалмаа хоёрын зургийг худалдаж авч байлаа. Ер нь анхны цалингаасаа л зураг цуглуулж эхэлсэн дээ. Тухайн үеийн Улаан-Од сонинд томилогдсон жижигхэн дэслэгч байхад нь эгчийнхээ нөхөртэй анх 1988 онд танилцаж байлаа.

Бид хоёрын сонирхол нэг. Би 1989 оноос хойш бизнес хийж эхэлсэн. Сүүлийн 10 гаруй жил барилгын салбарт ажиллаж байна. Би одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын жолооч байсан. Би тэр хүний оймсыг угааж, гутлыг нь тосолж явсан. Хувь заяаны тохиолоор хоёр Ерөнхийлөгчтэй их ойр явлаа” гэлээ

” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ