Ө.Энхтүвшин: Эрдэнэт үйлдвэрийг барьцаалсантай холбоотой төлбөрийг төлөх асуудлаар хийж байгаа хэлцэл сайн явж байна

“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлууд маргаан дагуулсаар буй. Өчигдөр Засгийн газар Эрдэнэтийг 100 хувь төрийн өмч хэмээн баталгаажуулж тус үйлдвэрийг Улсын үйлдвэрийн газар болгох тогтоол гаргалаа. Харин 49 хувийнхан үүнийг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандах нь тодорхой юм.  Харин Эрдэнэт үйлдвэрийг “Стандарт” банкны барьцаанд тавьсан хэргээс болж арбитрын шүүхэд унаж 100-аад сая ам.долларын өрөнд ороод байгаа. Үүнийг  51 хувийг банкны барьцаанд тавьсан хэмээх нь буруу юм. Эрдэнэт үйлдвэрийг бүхэлд нь барьцаалсан хэрэг юм.  Засгийн газраас энэ төлбөрийг хэрхэн төлөх, Монгол Улс, “Эрдэнэт” үйлдвэрт хохирол багатайгаар хэрхэн зохицуулах боломжтойг судлах, хамтран ажиллах ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин ахалж байгаа. Шадар сайдаас уг асуудлыг тодрууллаа.


-“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьснаас бид олон улсын Арбитрын шүүхийн шийдвэрээр ялагдаж, өр төлбөрт орсон. Засгийн газар энэ асуудалд анхаарахгүй байна гэх шүүмжлэл яваад байгаа. Ажлын хэсэг ажиллаж байгаа юм байна?

-Засгийн газар энэ асуудлаар гурван сарын өмнө ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг одоо ч ажиллаж байна. Мэдээж хүү, торгууль нэмэгдээд байхад Засгийн газар нь мэдэхгүй, ажиллахгүй суугаад байна гэж байхгүй шүү дээ. Гэхдээ ажлын хэсгийн талаар ямар нэг мэдээлэл өгөхөд хүндрэлтэй байна. Яагаад гэвэл хоёр талын хэлцэл явж байгаа үед мэдээлэл өгөх нь сайн талаас илүү сөрөг нөлөөтэй байдаг.

-Үйлдвэрийн данснаас сар бүр зөвхөн хүүнд их хэмжээний төлбөр төлөөд эхэлсэн гэсэн мэдээлэл яваад байна л даа?

-Үйлдвэрийн данснаас төлбөр хийж байгаа зүйл огт байхгүй. Сар бүрийн хүү, төлбөр тооцоог хийж байгаа. Төлбөр тооцоог хийхгүй байснаас хүү, төлбөр нэмэгдэж байгаа гэдгийг манайх хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй.

-Ер нь төлбөр төлөх боломжтой хувилбарыг юу гэж харж байгаа вэ, ажлын хэсэг?

-Нэгэнт олон улсын шүүхийн шийдвэр гарсан учраас дахиж давж заалдах боломжгүй. Тиймээс нөгөө талтай хэлэлцээр хийх ёстой.  Ажлын хэсэг “Эрдэнэт” үйлдвэр, Монгол Улсад хамгийн хохирол багатайгаар шийдэх удирдамж өгсний дагуу ажлын хэсэг ажиллаж байна.

-Хохирол багатай гэхээр ямар нэг өр төлбөр төлөхгүйгээр шийдэх боломжтой гэсэн үг үү?

-Ажлын хэсгийн ажил маш амжилттай явж байна. Боломжууд ч харагдаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ