• Д.Гангабаатар:Нам хэрэггүй,эрх мэдлийг нэг зөв хүний гарт өгье гэх нь Үндсэн хуулийн үнэ цэнийг бууруулах аюултай

     #ЗҮГ ЧИГ

    “Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн үндсэн асуудал” олон улсын эрдэм шинжилгээний II хурлын эхний хуралдаан МУИС-ийн номын санд  өнөөдөр боллоо. Уг  хурал дээр  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, Хууль зүйн ухааны доктор Д.Гангабаатар “Улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг Үндсэн хуулиар зохицуулах нь” сэдвээр илтгэл тавьсан.

    Доктор Д.Гангабаатарын илтгэлд  өгүүлснээр, Монгол улсын Үндсэн хуулийг өөрчлөх төсөлд улс төрийн намтай  холбоотой хэд хэдэн зохицуулалт орж иржээ. Тухайлбал,

    • 1-д Нам иргэдийн улс төрийн хүсэл зорилтыг илэрхийлэхэд оролцож, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулна.
    • 2-д Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан, эсвэл бусад хуулийг зөрчсөн бол Улсын дээд шүүх хуульд заасан үндэслэлээр намыг тараах хүртэл хариуцлага тооцно. Нам нь өөрийн үндсэн үйл ажиллагааг сулруулах эсвэл устгахыг оролдсоныг Үндсэн хуулийн цэц тогтоосон бол уг намыг татан буулгасанд тооцох хувилбар мөн шинэчлэгдсэн байдлаар тусгагджээ.
    • 3-д Намын үйл ажиллагаа, санхүүжилтийн үндсэн зарчим, журам, ил тод байдал, төрөөс санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх бололцоог хуулиар тогтооно гэх мэт заалтуудыг Үндсэн хуулийн төсөлд оруулах санал явж байгаа аж.

    Харин илтгэгч Д.Гангабаатарын хувьд, улс төрийн намын асуудлыг  Үндсэн хуулиар зохицуулах шаардлагатай юу, бусад улс орнуудын хувьд  ямар туршлага байна вэ зэрэг асуудлаар судалгаа хийх шаардлагатай аж.Учир нь улс төрийн намын асуудлыг  Үндсэн хуулиар зохицуулах тухай  судалгаа  Монгол улсын хэмжээнд байхгүй. Харин   намын санхүүжилттэй холбоотой зохицуулалтын талаар судалгаанууд тодорхой хэмжээгээр хийгджээ. Улс төрийн нам гэдэг нь эрх чөлөөт ардчилсан тогтолцооны салшгүй хэсэг болохын хувьд Үндсэн  хуулийн төвшинд зохицуулагддаг туршлага дэлхийн улс орнуудад бий аж. Тухайлбал,1947 онд Итали, 1949 онд Германд    Үндсэн хуулиараа зохицуулж иржээ. Харин одоо Европ тивийн хувьд дөрвөөс бусад  ул улс төрийн намыг Үндсэн хуулиараа зохицуулдаг байна.

    Доктор Д.Гангабаатарын хувьд улстөрийн намыг  Үндсэн хуулиар зохицуулах дараахь  зайлшгүй шаардлагууд байгаа гэв.

    • Үндсэн хуулиар намыг зохицуулах нь ардчилсан дэглэмд намын гүйцэтгэж байгаа үүрэг, орон зай, статусыг институцийнх нь хувьд хүлээн зөвшөөрч буй хэрэг.
    • Үндсэн хууль нь үнэт зүйлсийг, зарчмыг зохицуулдаг учраас ердийн хуулиас ялгаатай.
    • Нам төрөөс санхүүжилт авдаг байх асуудлыг Үндсэн хуулиараа зааж өгсөн улс орнууд олон бий.  Намын санхүүжилтийн тодорхой хэсгийг, эсвэл бүхэлд нь төрөөс  гаргах нь хувь хүмүүс, гаднын этгээдийн өгсөн хандивтай холбоотойгоор үүсдэг авлига, бусад дагалдах сөрөг үр дагавраас сэргийлэх ач холбогдолтой.
    • Намын асуудлыг Үндсэн хуулиар зохицуулснаар ардчиллын эсрэг, Үндсэн хуулийн дэглэмийн эсрэг нам гарч ирэхээс сэргийлнэ.
    • Улс төрийн намын ажиллагаа шүүхийн хяналтад байх ёстой. Ялангуяа ардчилсан дэглэм , Үндсэн хуулийн зарчмын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа намын үйл ажиллагааг таслан зогсоох, хариуцлага тооцох эрхийг намын үйл ажиллагааг Үндсэн хуулиараа зохицуулснаар олж авах боломжтой.
    • Монгол улсын хувьд улс төрийн намыг Үндсэн хуулиараа зохицуулдаг болох гол учир шалтгаан нь намуудын улс төрийн санхүүжилт юм.

      Улс төрийн намыг Үндсэн хуулиар зохицуулахад хэрэглэдэг дараахь гурван гол агуулгыг Үндсэн хуулийн нэмэлт,өөрчлөлтийн төсөлд тусгаад байгаа аж.

    1. Намыг төрөөс санхүүжих баталгааг нь Үндсэн хуулиндаа тусгаж өгөх. Үндсэн хуулиар нам бол иргэдийн төлөөлөл гэдэг статусыг нь заавал баталгаажуулах ёстой. Улстөрийн нам нь төр болон иргэдийг холбох гүүр болж байдаг учраас бусад сайн дурын үндсэн дээр байгуулагддаг эвсэл, холбооноос ялгаж үзэх хэрэгтэй.
    2. Парламентад суудалтай намуудад чиглэсэн Үндсэн хуулийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Засгийн газарт намаар дамжиж  ордог учраас тусгайлсан заалтууд Үндсэн хуулинд орох ёстой.
    3. Үндсэн хуулиндаа намыг харилцааг зохицуулах ёстой. Намын үйл ажиллагаа,мөрийн хөтөлбөрт тавигдаж буй хяналтыг Үндсэн хуулийн төвшинд бий болгох хэрэгтэй. Хязгаарласан заалтуудыг Үндсэн хуулинд оруулах замаар эрх мэдлээ урвуулан ашиглахаас сэргийлэх, улмаар ардчиллыг хамгаалах болно. Ардчиллын үнэт зүйлсийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг нам төрийн эрх мэдлийг гартаа авахаас сэргийлэх боломж бүрдэнэ.

    Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт,өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх үед  сумын сонгуульд  намыг оролцуулахгүй байх санал ихээр гарчээ.  Намын санхүүжилт, хандивын асуудалтай холбоотой үүссэн албан тушаал наймаалцах асуудал ил болсноор иргэдийн дунд нам бол ямар ч хэрэггүй байгууллага гэсэн хандлага газар авсан байна.  Гэвч дэлхийд   намыг оролцуулахгүйгээр ардчилсан тогтолцоог хэрэгжүүлж буй улс орон байхгүй гэв.

    “Нам  хэрэггүй, харин эрх мэдлийг зөв хүний гарт төвлөрүүлье гэсэн хэт туйлшрал нь Үндсэн хуулийн үнэ цэнийг бууруулах аюултай. Тийм учраас Үндсэн хуулинд намын мөн чанар, статусыг нарийвчилсан заалт зайлшгүй оруулах хэрэгтэй” гэж доктор Д.Гангабаатар хэлэв.  Үндсэн хуулиараа улстөрийн намын статусыг хуульчилсан дэлхийн  120 улс  байдаг ажээ.

    #ЗҮГ ЧИГ

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ