• Иргэдийн хэрэглээний зээлийг орлогын 60 хувиар тооцож олгохоор болов

    2019-03-21

    Монголбанкны  Мөнгөний бодлогын хорооноос  “Бодлогын хүүг хэвээр хадгалах, тэтгэврийн зээлээс бусад хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд  хязгаарыг шинэчлэх тухай” шийдвэр гаргажээ.Энэ тухай Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан тэргүүтэй албаны хүмүүс хэвлэлийн бага хурал хийв.

    Ингэснээр бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах, банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх тэтгэврийн зээлээс бусад хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 60 хувиар шинэчлэн тогтоох шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь иргэн цалингийн зээл авлаа гэхэд цалингийн 100 хувиар тооцож зээл өгдөг байсан бол дөрөвдүгээр сарын 1-нээс цалингийн хэмжээний 60 хувиар тооцож зээл олгодог болжээ.Иргэд зээлийн дарамтад өртөж,зээлээ сунгах зэрэг үзэгдэл хавтгайрсан тул ийм шийдвэр гаргасан байна.

    “Жилийн инфляци 2019 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд 6.9 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 7.9 хувьтай байна. Инфляцийн хэлбэлзэл нь шатахуун, мах болон хатуу түлшний үнийн өөрчлөлтөөр голлон тодорхойлогдож байгаа бол эрэлтийн шалтгаантай суурь инфляци харьцангуй тогтвортой байна. Энэ онд эдийн засгийн идэвхжил үргэлжилж, инфляци зорилтод түвшний орчимд тогтворжих хандлага хэвээр байна. Мөнгөний бодлогын хороо инфляцид нөлөөлж буй эрэлт, нийлүүлэлтийн болон гадаад хүчин зүйлс, тэдгээрийн цаашдын төлөв, бизнесийн идэвхжилийг харгалзан бодлогын хүүг энэ удаад хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ. Цаашид дотоод эрэлт үргэлжлэн хүчтэй тэлэх тохиолдолд мөнгөний бодлогын хүүг өсгөх шаардлага үүсч болзошгүй.

    Тэтгэврийн зээлээс бусад хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг бууруулж, 60 хувиар тогтоох шийдвэр нь сүүлийн жилүүдэд хурдацтай өсч, өндөр түвшинд хүрсэн хэрэглээний зээл, иргэдийн өрийн дарамтыг цалингийн өсөлттэй уялдуулан аажмаар бууруулах зорилготой юм.

    Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн шийдвэр нь инфляцийг зорилтот түвшний орчимд тогтворжуулах, макро эдийн засгийн болон санхүүгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалах зорилттой нийцэж байгаа болно” хэмээн Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэлд дурджээ.

    Эх сурвалж:Монголбанк

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ