Тухайн иргэн харьяалал харгалзахгүйгээр интернэтээр захиалаад хаанаас ч авах боломжтой бөгөөд өөрөө болон тухайн иргэний хамаарал бүхий этгээд цахим үнэмлэхийг нь очиж авах боломжтой болсон бөгөөд удахгүй шуудангаар гэрт нь болон ажил дээр нь шууд хүргүүлэх үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа хэмээлээ.
Цахимаар захиалахдаа мэдээллээ үнэн зөв бөглөөд 43500 төгрөг төлөөд захиалгаа баталгаажуулснаас хойш Улаанбаатар хотод хүлээн авах бол 3-5 хоног, хөдөө орон нутагт 10 хоногийн дараа цахим үнэмлэхээ гар дээрээ авах аж.
Өнгөрсөн онд 224,000 гаруй иргэн иргэний үнэмлэх захиалж авсны 40 хувь нь дахин захиалга болон хаясан гээсний улмаас авчээ. Тиймээс эдгээр иргэдийн чирэгдлийг багасгаж байгаа нь энэ.
Анх удаа иргэний үнэмлэх авч буй иргэд үнэмлэхийг онлайнаар захиалах боломжгүй. Мөн 25, 45 настайд дахин шинэчилж иргэний үнэмлэх авахдаа онлайнаар захиалахгүй. Эдгээр тохиолдлуудад хурууны хээг дахин авах учраас заавал УБЕГ дээр биеэр очно. Бусад тохиолдолд онлайнаар захиалж болно.
Гадаад паспортыг онлайнаар захиалах үйлчилгээг хэзээ нэвтрүүлэх талаар хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна. Энэ ондоо багтаан уг үйлчилгээг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаагаа ч хэллээ.
Иргэний цахим үнэмлэхийн чип дээр доорх таван мэдээлэл агуулагддаг байна.
- Иргэний байнгын оршин суугаа хаяг
- Төрсөн газрын мэдээлэл
- Хурууны хээ
- Цахим гарын үсэг
- Иргэний үнэмлэхийн дугаар
Цахим иргэний үнэмлэхийн шинэ загварыг гаргаад байгаа бөгөөд шинэчилсэн загварыг баталчихвал хаягийг чипэн дээр хадгалж, ил бичихгүй болох аж. Мөн иргэн бүрт байдаг регистер, иргэний үнэмлэх, ЭМД-ын гэх мэт нийт 10 орчим дугаарыг бүгдийг нь чип дотор агуулж, иргэний үнэмлэх дээр ганцхан улсын бүртгэлийн 12 оронтой дугаарыг ил бичихээр төлөвлөж байгаа тухай ч ярьлаа.
Регистерийн дугаарыг нь хараад тухайн хүний нас, төрсөн газар, хүйсийг мэдэх боломжтой. Тиймээс энэ дугаарыг ил бичихгүй байх шийдэл яригдаж буй аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй