• Н.Энхбаяр: Цагдаагаар дарамтлуулж миний амыг үдэх гэж байна, би амаа үдүүлэхгүй

    МАХН-ын дарга Н.Энхбаяр намын гишүүдийнхээ хамт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр гуравдугаар сарын 18-ны өдөр C1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо ярьсан зүйлсийнх нь төлөө түүнийг цагдаагийн байгууллагад дуудаж, дарамталсан тул мэдээлэл хийж байна гэв.

    МАХН-ын дарга Н.Энхбаяр “МАХН ард түмэнд, хэвлэл мэдээлэлд нээлттэй мэдээлдэг. “Эрдэнэт”-ийн 49%-ийн луйврын асуудлыг баримттай, эзэнтэй нь ярьснаас болж луйварт оролцсон хүмүүс эргэж худал гүжирдэж дайрах, эсвэл гэм буруугүй болж харагдахын тулд хууль шүүхийн байгууллагыг ашиглах болсон тул илчлэх нь зөв гэж үзсэн. Хууль, шүүх тэдний гар хөл болж, биднийг  хэлмэгдүүлж, манай нам руу дайрч байна гэж болгоомжилж байна.

    Учир нь 2016 оны сонгуулийн санал хураах өдрийн өмнө МАХН-ын Сонгуулийн штабын ерөнхий менежерээр ажиллаж байсан Э.Эрдэнэжамъян 60 тэрбумын асуудлыг гаргаж ярьсныхаа төлөө гурван шатны шүүхээр явж, торгуулж, шийтгүүлж, хохирогч болсон.

    “Эрдэнэт”-ийн 49%-ийн луйвар болсон талаар мэдээлэл өгсөн Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ нар мөн л үнэнийг хэлснийхээ төлөө хохирсон. Ч.Сайханбилэг, З.Баянсэлэнгэ хоёулаа гарын үсэг зурсан тогтоолоор Ч.Сайханбилэг буруугүй үлдэж,  З.Баянсэлэнгэ буруутан болсон.

    С.Ламбаагийн гаргасан шийдвэрийн төлөө Ц.Оюунбаатарт ял өгөх шүүх хурал яг одоо болж байна. Үнэнийг хэлэх тогтолцоог хааж байна.

    Одоо намайг гүжирдэх гэж байна. Үнэнийг ярьсны төлөө цагдаа нь дууддаг. Цагдаа, шүүх, прокурорыг яаж ажилладгийг би сайн мэднэ. Мэдүүлэг авчихаад, “Мөрдөн байцаалт явж байгаа тул та юу ч ярьж болохгүй” гэж миний амыг үдэх гэж байна. Би тэгж амаа үдүүлэхгүй.

    Үнэхээр шударга юм бол эхлээд “Эрдэнэт”-ийн 49%-аа тогтоо. Үнэхээр шударга юм бол “ждүчин” УИХ-ын гишүүдийнхээ бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгаад, үнэн мөнийг нь тогтоочихоод намайг дууд.

    “Эрдэнэт”-ийн 51%-ийг яагаад одоо болтод цагдаагийн байгууллага шалгахгүй байгаа юм бэ. Үүнийг тухайн үед С.Баярын захиа даалгавраар хийсэн байж магадгүй гэж хардаж байгаа. 51%-ийг барьцаанд тавьснаас болж 100 гаруй сая долларын өрөнд унаад байгааг ярьсны төлөө цагдаа намайг дуудах ёсгүй.

    Өнөөдөр хууль шүүхийн байгууллага ажлаа хийж чадахгүй байна. Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёроо та бүхэн хууль шүүхийн байгууллагыг шинэчлэх ажлаа хийж чадахгүй байна. Цагдаа намайг дуудаж байгаа нь шинэ МАНАН үүсч байгаа юм болов уу гэж би хардаж байна.  Намайг дуудна гэж би бодоогүй. Тиймээс ард түмэн сэрэмжтэй байх хэрэгтэй.

    Прокурорын байгууллагын Сагсайн тухай би ярьсан бол үнэн. Хүмүүсийн хувь заяагаар тоглож, намайг Сагсайдаж ялсан хүн. Тэр хүний бичлэг байгаа. Би өөрөө үзээгүй ч маш олон эх сурвалжаас сонссон.

    Бидэнд ухрах, алдах юм байхгүй. Хамаг өмчөө булаалгасан, орон шоронд орсон, үхэхээс бусдыг үзлээ.

    “Ждүчид”-ээ шалгах хэрэгтэй. УИХ-ын 40 гаруй хүн холбогдсон бол гишүүдийн 50 гаруй хувь нь ямар нэг асуудалтай болчихоод байна. Тэд шалгуулаагүй байж хууль батлах эрхтэй юу?” гэлээ.

    МАХН-ын Түмтийн дарга Ж.Эрдэнэжамьяан Ё.Сагсай прокурорын талаарх бичлэгийг бидэнд хүмүүс авчирч өгсөн. Шаардлагатай бол энэ бичлэгийг олон нийтэд үзүүлж болно. Гол нь бид ичиж байгаа байхгүй юу. Энэ бол дөнгөж өчигдөр яригдсан асуудал биш. Шүүх прокурор болохгүй байгаа тухай бид өмнө нь олон ярьсан ч яриад л ял авсан” гэв.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ