• Оффшорт бүртгэгдсэн Швейцараас Т.Аюурсайхан нэхэж байсан баримтаа л авч иржээ

    С.Баярцогтын оффшорт нээсэн таван  дансны асуудал дахин  шуугиан дагууллаа. Тэдгээр дансны хуулгыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан  Швейцариас авчирсан хэмээн мэдэгдсэн нь ёстой л гал дээр тос хийсэн мэт шуугианыг дэвэргэв.  УИХ-аас Нийтийн албанд  хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар Оффшорын эсрэг гэгдэх хуулийг 2017 оны дөрөвдүгээр сарын 13-нд баталсан.  Тухайн үед Ж.Эрдэнэбатын Засгийн газар хуулийг баталснаас хойш бүтэн дөрвөн сарын дараа оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийг баталсан байдаг. Гэвч сайд нараас санал авах шаардлагатай гэж үзэн хойшлуулсаар аравдугаар сарын 2-нд 244 тоот тогтоолын хавсралт болгож, 49 улсыг оффшор бүсэд хамруулан баталсан.

    Гэвч УИХ-ын гишүүн  Т.Аюурсайханы ахалдаг Оффшорын эсрэг бүлгэмээс дээрх жагсаалтыг эсэргүүцэж,шинэчлэн батлах шаардлага хүргүүлсэн. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын гаргасан дээрх жагсаалтад оффшор бүсэд хамаарахгүй 11 улсыг нэмсэн атлаа нэн тэргүүнд оруулах ёстой Панам, Сингапур, Швейцар, Люксембург, Хонконг зэрэг 13 улсыг оруулаагүй байна.  Ингээд 2017 оны арванхоёрдугаар сарын 6-нд У.Хүрэлсүхийн Засгийн газар 326 дугаар тогтоолоор оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчлэн баталсан юм.  У.Хүрэлсүхийн Засгийн газрын  шинэчилсэн жагсаалтад Арабын нэгдсэн Эмират, Ботсвана, Бруней, Мальта, Ирланд, Куракао, Люксембург, Макао, Малайз, Монако, Монтсеррат, Самоагийн Тусгаар улс, Сингапур, Хонконг, Швейцар зэрэг улсыг нэмж оруулсан. Ийнхүү Швейцарь зэрэг улс Монгол улсын хувьд оффшор бүсээр бүртгэгдсэн  байдаг.

    УИХ дахь Оффшорын эсрэг бүлгэмийн тэргүүлэгчийн хувьд Т.Аюурсайхан  Швейцарийн холбогдох албадад мэдээлэл авахаар хандаж байж. Манай хууль хяналтынхан ч хандсан байна. Тэгээд л УИХ-ын даргын айлчлалд багтаж явахдаа уг данснуудын хуулгыг авч иржээ. Үүнд буруу юм алга.

    Б.Пүрэвдорж, О.Баасанхүү нарын тухайд оффшорын талаар мэдэхгүй байж юм ярьсан хэмээн Т.Аюурсайхан хэлсэн нь ч үнэний хувьтай. Мөн байнга худлаа ярьж ирсэн С.Баярцогт “Т.Аюурсайханаас өмнө би өөрөө дансны хуулгаа АТГ-т авчирч өгсөн” хэмээн мэдэгдлээ.

    С.Баярцогт худлаа ярьдаг гэдгийг монголчууд нийтээрээ мэднэ. Панамын баримт анх задарч С.Баярцогтын нэр гарч ирэхэд тэрбээр ганц сая ам.доллар л дөрвөн  найзынхаа хамт хийсэн гэж мэдэгдэж байлаа. Харин дараа нь үүнийг мэдлэггүйгээсээ болсон гэж тайлбарласан. Гэтэл өнгөрсөн жил илэрсэн баримтаар С.Баярцогт бүр есөн  сая евро оффшорт хадгалсан байсан нь тогтоогдсон гэдэг. Мөн өнгөрсөн жил мэдэгдсэнээр С.Баярцогт Оюутолгойг “Айвенхоу Майнз” эзэмшиж байх үед хувьцааг нь авч,улмаар  “Рио Тинто”-д зарагдан хувьцаа нь гурав  дахин өсөхөд зарж ашиг олсон нь тодорхой болсон.

    ОФФШОР БҮСЭД ХАМААРАХ ГАДААД УЛС,ТҮҮНИЙ НУТАГ ДЭВСГЭРИЙН ЖАГСААЛТЫГ ЭНДЭЭС УНШИНА УУ.

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ