• Ахмад геологич Ц.Цэнд-Аюуш: Миний үед Цагаан суваргыг зэсийн 1 сая 200 мянган тоннын нөөцтэй гэж тогтоосон

    2019-03-19

     

    Утга учиртай амьдралынхаа бүх л үеийг геологийн салбарт зориулан ажиллаж байгаа ахмад геологич Цээхүүгийн Цэнд-Аюуш гуайтай ярилцлаа. Ховд аймгийн Чандмана сумын уугуул Ц.Цэнд-Аюуш гуайг багад нутагт нь  геологийнхон гэж их гоё хүмүүс явдаг байж. Тэгээд л геологич болно гэж мөрөөдсөөр мөрөөдлөө биелүүлж, улсад 40 гаруй жил ажиллажээ. Цагаан суварга, Асгат зэрэг томоохон ордуудыг нээхэд гавьяа зүтгэлтэй ажилласан түүнийг салбарынхан нь “Зэсийн Цэнд-Аюуш” гэдэг.Эрэл хайгуулын магистр цолтой,Зэсийн ордын эрэл хайгуулын мэргэшсэн геологич  тэрбээр өдгөө “ММНС” компанид зөвлөхөөр ажиллаж байна.

    -Геологийн салбарт 40 жил ажилласан Тантай ярилцаж байгаадаа баяртай байна.  Таны хувьд энэ салбартай анх яаж холбогдов?

    – Би Ховдын гаралтай  хүн. Намайг бага байхад манай нутагт геологичид гэж польш, чех улсууд их явдаг байсан. Польшууд гэж бавайсан сахалтай, хувцаснаасаа ч болдог байсан уу, их өндөр өндөр гоё өвөрмөц улсууд ирдэг байв. Тэгээд л би боддог байлаа. Ерөөсөө геологич больё доо гэж… Янз бүрийн чулуу судалдаг, энд тэнд очиж юм их үздэг их л гоё хүмүүс санагддаг байсан.  Аймгийн төвд арав төгсөх жил манай дээр хуваарь ирэхэд геологич гэж байсангүй. Харин ураны хайгуул гэсэн хуваарь ирснийг нь авсан. Тэгээд Орост очсон чинь уран гэдэг чинь нууц байдаг учраас монголчуудыг, ер нь л гадаадыхныг сургадаг ч үгүй болж таарсан. Нэгэнт уранаар сурж болохгүй болсон учраас ашигт малтмалын, тэр дундаа метал ашигт малтмалын эрэл хайгуулын ангид орж суралцсан даа. Хайгуул гэхээр газар дор юу байна, түүнийх нь нөөцийг бодоод, хайгуулыг нь хийж, цэвэр үр ашгийг нь тооцож өгдөг мэргэжил юм.  Геологи бол дотроо их олон янз шүү дээ. Геологийн зураглал, эрэл, хайгуул гээд гурван үндсэн шаттай. Зөвхөн геологийн зургийг нь зохиодог зураглалын геологи, эрлийн геологи гэхэд энд зэс, алт байж магадгүй гэдгийг тэмдэглээд явчихдаг. Хайгуул гэхээр орд нь хэр их хэмжээтэй юм, хэдэн жил ашиглах зэрэг техникийн тооцоог хийж улсад эдийн засгийн үр ашгийг нь тооцон улсад хүлээлгэж өгдөг зэрэг өөр өөрийн онцлогтой мэргэжлүүд.

    Оросод хэдэн жил сураад сургуулиа төгссөн бэ?

    -Ер нь бол нэг сургуульд таван жил суралцана.  Бидний хувьд нэмж нэг жил хэлний бэлтгэлд суусан. Монголоос арван жилээ төгсөөд шууд очихоор олигтой юм байхгүй шүү дээ. Хэлийг бол нэг жилийн дотор овоо сурсан  шүү.

    -Төгсөөд Монголдоо ажилласан уу?

    -1975 онд сургуулиа төгсч ирээд л зэс, молибдены том орд Цагаан суваргын  хайгуулын ажилд оролцож, 1976 оноос урьдчилсан хайгуулын ажлыг биечлэн удирдаж,хэтийн төлөвийг тогтоосон. Бидний ажлыг тэр үед яам хурлаараа оруулж, онц дүн тавиад цаашид тэнд нарийвчилсан хайгуул хийх шийдвэр гаргаж байсан. Төрийн шагналт геологич Мягмар, Монгол улсын хөдөлмөрийн баатар Нямдорж гээд мундаг улсууд Цагаан суваргад ажилласан.  Анх  тэгэж Цагаан суварга дээрх хайгуулын ажилд оролцож, ажил мэргэжлийнхээ амтанд орсон доо. Тэгээд л тэрнээс хойш дандаа хайгуулаар л явсан.  Ер нь нэг орд газарт  3-5  жил ажилладаг. Дээд тал нь таван жил ажиллана.  Цагаан суварга дээр таван жил ажилласан даа.

    -Цагаан суваргыг анх  нээж, хайгуул эхэлсэн нь Танаас өмнө гэсэн үг үү? 

    -1960  хэдэн онд Цагаан суваргын орд дээр Хурц гуай оюутан байхдаа ажиллаж  байсан юм билээ.  Тухайн үед геологич  мэргэжилтэй хүн  тоотой хэдхэн  байсан. Ч.Хурц гуай  1963 онд билүү дээ, бараг ганцаараа геологич мэргэжил эзэмшээд ирж байсан гэдэг. Маний үед геологичид их цөөхөн байсан. Одоо олшроод бараг 2000-аад геологичид байна гэв үү дээ.  Би 1970  хэдэн онд Цагаан суваргад анх очсон.  Намайг очихоос өмнө геологийн зураглал, эрэл нь хийгдсэн байсан. Би урьдчилсан хайгуул гээд хайгуулын нөөцийг нь бодоод, хэмжээг нь тогтоогоод, улсад эдийн засгийн үр ашгийг нь тооцож өгдөг үе шатан дээр нь очиж ажилласан. Түүнээс Цагаан суваргын ордыг өмнө нь илрүүлчихсэн байсан. Цагаан суварга дээр их олон үеийн, олон геологич нар ажилласан байдаг.  

    -Таныг ажиллаж байх үед оросууд олон байв уу,тэнд?

    -Тэр үед Оросгүй геологи анги, экспедиц гэж байгаагүй. Харин ганцхан Цагаан суварга дээр л дан монгол геологичид ажилласан байдаг. Монгол Монголдоо Чехэд төгссөн Төрийн шагналт Төмөр , бас Польш, Болгар, Орост төгссөн нэг нэг геологич, Монголд төгсссөн хоёр гээд газар газраас цугласан инженерүүд… .  Их өвөрмөц бүрэлдэхүүнтэй ажиллаж байлаа шүү дээ.

    Цагаан суварга бол зэс,молибден, тодорхой хэмжээгээр алт, мөнгөтэй гээд яг л хоёр дахь Эрдэнэт гэсэн үг.

     1985-1986 онд  Цагаан суваргын үр ашгийг тооцоолоод, гарцаагүй  ашигтай юм байна гэдгийг тооцож дуусгасан. Тэр үед геологийн салбар  их мөнгөтэй байж. Өрөмдлөг,газар доогуур гүний малталтаар гэх мэтээр нөөцийг давхар, давхар баталгаажуулдаг байлаа.  

    -Тэр үед геологи хайгуулын ажилд ЗХУ-аас хөрөнгө мөнгө,арга зүй,техникийн туслалцаа их үзүүлдэг байсан биз дээ?

    -Тухайн үед манай Геологийн яамны 50 хувь нь Оросууд л байлаа шүү дээ. Зөвхөн монголчуудаас бүрдсэн геологичид  Цагаан суварга дээр ажилласан нь бараг хамгийн анхных болов уу.

    -Таван жилийн турш Цагаан суварга дээр нийт хэдүүлээ ажиллаж байв?

    -Ер нь геологич нар бол дөрөв, тавуулаа ажиллана даа. Тэнд геологичдоос гадна өрөмдлөгчид, уулын малтагчид,дээж авагчид, топо зураг зурагчид, геофизикийнхэн,геохимийнхэн гээд олон нарийн мэргэжилтэй,нийтдээ ойролцоогоор 300-гаад хүн ажиллана. Геологич хүн өөрөө наад зах нь хими,физик мэддэг байх шаардлагатай. Техник бол амархан. Нэг л удаа араа шүдийг нь мэдээд авчихвал болчихно. Геологи бол тийм биш. Нэг юмны хажуугаар өдөрт хэд хэд явахад л 100 метр тутамд өөрчлөгддөг. Зүгээр нэг хайнга хийгээд явчихна гэвэл яасан ч болохгүй. Тухайн хүнээс их  няхуур, гярхай байдлыг шаарддаг ажил.

    -Тухайн үед Цагаан суваргын ордыг ямар нөөцтэй гэж тогтоож байсан бол. Сүүлд ашиглаж эхлэхэд нөөц ижил байсан болов уу?

    -Ер нь бол зэсийн нэг сая хоёр зуун мянган тонны нөөцтэй гэж ярьдаг. Миний үед л тэгж тогтоосон байдаг. Яахав тонны зөрүү гарах байх л даа. Гэхдээ  тэр бол геологит  юу ч биш. Түүх сонирхуулж ярихад говьд байж сураагүй хүн учраас Цагаан суваргад ажиллахад эхэндээ жаахан хэцүү байсан.  Зундаа 40 градус, хөрсөн дээрээ 50 градус хүрдэг учраас өдөр бол яваад ажиллахад маш хэцүү. Орой, өглөөний сэрүүнээр л амжиж ажиллах хэрэгтэй.  Би өөрөө Алтай нутгийн Ховдын гаралтай хүн. Уул усаа хараад сурчихсан байдаг байх.  

    -Эрдэнэтийг бол жинхэнэ Оросууд нээж өгсөн байх?

    -Оросуудаас өмнө 1970-аад онд Чехүүд ажиллаад, илрүүлсэн. Улс төрийн хувьд болж өгөөгүй байх. Тэгээд Чехүүдийн дараа Оросууд гүйцээж ажилласан. Эрдэнэт гэдэг нэрнээсээ л дээр үеэс мэдэгдэж байсан юм байна лээ. Яг геологийн ажил бол 1970-аад оноос эхэлсэн. Геологи гэдэг чинь их зовлонтой. Тодорхой тодорхой үе шатуудыг бага багаар хийгээд, тэндээсээ үр дүн гаргаад тайлагнаад дараачийнхаа үе шат руу орно. Бараг арваад үе шаттай ажил хийгдсэний эцэст ашиглана.

    -Социализмын үед нөөцийг нь тогтоосон томоохон зэсийн ямар ямар ордууд байдаг вэ?

    -Завханы Завхан-Мандал суманд байдаг зэсийн Оюутолгой орд руу нэг  их шуурч, хүч хаясан. Илрүүлээд, нөөцийг нь тогтоосон боловч Эрдэнэт, Цагаан суварга шиг том байж чадаагүй учраас ашиглаагүй. Орд ашиглах нь дэд бүтэц, зам тээвэртэй салшгүй холбоотой. Зам дагуу л анхаарлаа төвлөрүүлээд байгаа болохоос Монголын энэ уудам нутгийн хаана юу байгааг  гүйцэт судалж дуусаагүй. Гэхдээ социализмын үед Оросуудын тусламжтайгаар нэлээд хайгуул хийсэн.   Тэр үеийн Оросууд одоогийн Оросуудыг бодвол чадалтай ч байж, чин сэтгэлээсээ ч ажилладаг байж. 30,40 жилийн өмнө хийсэн тайланг нь харж байхад их  нямбай, сэтгэлээсээ хийсэн байдаг. Одоо хам хум гээд л хаячихаж байна.

    -Геологи хайгуулын салбар  шүүмжлэлд их өртөж байна. Одоо орчин үеийн  стандарт мөрдөх үү, хуучин Оросынхоороо л явдаг уу?

    -Одоо бол яг тийм тодорхой юм  үнэндээ байхгүй. Дээр үед бол яг стандартын дагуу, үе шат шатаар нь хийдэг байсан.  Одоо бол хэдэн цаас аваад л,гялс нөөцийг нь бодоод л салахын түүс болдог болсон. Дээр үеийн Оросууд тийм чадвартай, эсвэл хүмүүс нь тийм сэтгэлээсээ ч байсан юм уу,нэг чулууг чинь барьж аваад эргүүлж тойруулаад л, жижиг лүүпээр хараад л суудаг байсан. Одоо бол сансрын зурагнаас хараад л энэ нэг ийм чулуу шиг байна гээд харчихдаг болсон. Нөөц тогтооход харин  нарийн шаардлага тавьдаг учраас харьцангуй гайгүй. Зарим үе шат нь хаягдах, зургаар, сургаар хийгдэх тохиолдлууд байгаад байгаа.

    -Таныг зэсийн Цэнд-Аюуш гэдэг юм билээ. Цагаан суваргаас өөр ямар ордууд дээр ажиллаж байв?

    -Оюутолгой, Баян-өлгий, бас нэг Сэлэнгэд байдаг гээд жижиг,жижиг ордууд зөндөө бий. Тэдгээр ордууд  харьцангуй жижиг учраас тайланг нь бичиж өгөөд л явдаг.

    -Асгатын мөнгөний орд дээр хайгуул хийсэн түүхээсээ хуваалцаач?

    -Асгатын орд чинь ёстой домог байгаа юм. Анх Оросууд геологийн судалгааны ажлыг нь хийгээд илрүүлээд, тэмдэглэсэн байдаг. Дараа нь ямар ч  гадаадын мэргэжилтэнгүйгээр дан монголчууд хайгуулыг нь хийсэн. Миний хувьд 1980-1986 онуудад ажилласан.Тэр чигээрээ шовх шовх уул учраас 30-аас доош насныхан л ажиллана уу гэхээс, түүнээс дээш насныханд бол их хэцүү. Өвөл бол өвдөг хүрсэн цасан дунд бойтоглоод явж өгөхгүй учраас их ядарна. Асгатын орд  тэр шовх уулнуудыг нэвтэлж гарсан тогтоцтой, сайн ажиглабал их тодорхой харагдана. Геологи чинь   газар үлдээж болдоггүй, бүгдийг  нүдээр харах ёстой учраас тэр өндөр уулын оройд  заавал гарна. Тэнд ажилласан геологичид ихэнх нь уулын спортын  мастерын болзол хангасан байдаг. Дан ганц  мөнгөний орд гэж дэлхийд бараг байдаггүй. Зэс, цагаан тугалга, хар тугалга зэрэг ховор металлуудыг агуулсан ордууд байдаг. Асгатын мөнгөний ордын зэс, мөнгө, алт, цайр тугалга гэсэн таван элементийн формациас мөнгө нь их өндөр агуулгатай. Дан мөнгөний агууламжийн хувьд дээр үед л дөрвөн мянган тонн гэдэг байсан. Одоо бол өссөн байх.

    -Асгатын мөнгөний ордын тогтоц хэцүү учраас ашиглахад  хүндрэлтэй гэдэг. Гэхдээ ашиглана гээд л яриад байгаа. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

    -Монголчууд  дангаараа ашиглаж чадахгүй. Оросууд болохоор цаанаасаа машинаар давхиад л ороод ирэх боломжтой. Монголын тал болохоор уул давж, хөндий гаталж байж очно. Асгатыг Орос, Герман гээд олон улсууд сонирхож байна. Нэгэнтэй нь хамтарч байж л ашиглана. Хамгийн гол нь тэнд хар тугалга, цайр, цагаан тугалга, алт, зэс , мөнгө гээд бүгд байна л даа.  Тэр том ордын хайгуулын ажил одоо хүртэл дуусаагүй байгаа. Тодорхой хэмжээнд хэсэгчлээд л нөөцийг нь тогтоож байгаа. Бүгдийнх нь нөөцийг тогтооно гэвэл зардал замбараагүй гарна. Геологийн ажил өөрөө зардал ихтэй. Тэнд ажиллах 300 400 хүн, машин техник, зам засвар зэрэгт ордыг ашиглалтад оруулах  хүртэл уул хаданд зүгээр л мөнгийг хаяж байна гэж ойлгож болно.

    -Хил дамнасан орд гэхээр тал нь Оросын талд байна уу?

    -Хилийн зурвасын нэг тал нь Монголынх, нөгөө тал нь Оросынх. Гэхдээ Монголд 90 хувь нь, Оросын талд ядуувтар 10 хувь нь байгаа гэж ойлгож болно. Оросууд гэхдээ тэрэнтэйгээ нухалдаад л, бүр хэдэн зуун км ухчихсан байгаа.

    -Асгатын  мөнгөний ордны хайгуул одоо ч гэсэн үргэлжилж байгаа гэсэн үг үү?

    -Хайгуул хийж л байгаа. Хайгуулаа  хийнгээ ашиглаад явдаг практик бий. Хайгуул, ашиглалт хоёр зэрэг дуусдаг. Энэ бараг л тийм л практикаар явах байх. Хайгуул хийж дуусахыг хүлээнэ гэвэл мөдгүй.

    -Томоохон ордуудын хайгуулын ажлыг хийсэн 1970,1980-аад онд улсын төсвийн хэдэн хувийг геологийн салбарт зарцуулдаг байв?

    -Ер нь их мөнгө сайн хаядаг байсан. Би төсвийн талаар сайн мэдэхгүй. Гэхдээ тэр үед маш их мөнгийг, жилд бараг  тэрбум төгрөгийг зарцуулж байсан.  Асгатын мөнгөний орд дээр биднийг  таван жилийн хугацаанд ажиллахад 100 сая төгрөг бол элбэг гарсан байх.

    -Та Оросоос сургуулиа төгсч ирээд л хөдөө арваад жил ажиллачихсан байна. Хэдийд нь гэр бүлтэй болов?

    -Оюутан байхдаа хүүхдүүдийнхээ  ээжтэй танилцаж байсан. Цагаан суварга дээр томилогдож очихдоо хамт татаж аваад л явсан. Ер нь намайг дагаад л яваад байсан хэрэг, хөөрхий минь. Уг нь бол хөгжимчин  хүн шүү дээ.  Намайг дагаад юун хөгжимчин байхав, геологийн гар ажиллагаа их шаарддаг дээж бутлагч гэх зэргээр  янз бүрийн ажлуудыг хийсэн дээ.

    -Ардчилал,зах зээлийн нийгэмд ороод 29 жил болж байна. Мэдээж хүний эрх чөлөө, ардчилал гээд сайн нь байдаг ч социализмын үед жамаараа хөгжиж байсан салбарууд уналтад орсон гэж үздэг. Таны бодлоор геологийн салбар уруудсан уу, хөгжсөн үү?

    -Төлөвлөгөөтэй явна гэдэг чинь  их зөв. Бид нэг хэсэг төлөвлөөгөөгүй явчихсан. Тэгэж жаахан дураараа загнасан ардчиллын эхний 10 жилд хэрэгтэй ч юм хийсэн байх, хэрэггүй ч юм их хийсэн байх. Хувийн компаниуд ордуудыг  хулгайгаар зөвшөөрөлгүй ашиглах явдлууд их гарсан. Одоо бол харьцангуй жигдрээд, дэг жаягтай явж байна. Энэнээс өөр арга байхгүй.   Ганц харамсалтай юм нь ашиглалтын дараа байгаль дэлхийгээ сэндийчсэн чигээр нь хаях үзэгдэл хавтгайрсан.   Монголчууд юмыг нь авсан бол болоо гэсэн байдлаар хандаад байх шиг. Үүн дээр л  хяналтын, мэргэжлийн байгууллагууд шаардлагаа сайн тавих хэрэгтэй. Социализмын үед бүх юм их хатуу зарчимтай байсан учраас   ухсан газраа буцаагаад хэвийн байдалд нь оруулаад акт үйлдээд хүлээлгэж өгдөг байсан. Одоо тийм юм байдаг юм уу, бүү мэд.

     -Та улсад ажилласаар байгаад л тэтгэвэртээ гарсан уу?

    -Тэгсэн. Тэтгэврээ бол нилээн дээр тогтоолгосон. Тэхдээ одоо  ажилласаар л байна.

    -Та хэдэн хүүхэдтэй вэ. Та мэргэжлийг өвлөж авсан хүүхэд байна уу?

    -Дөрвөн хүүхдийн хоёр том нь Цагаан суваргад ажиллаж байхад төрсөн болохоор Цагаанбаатар, Цагаандорж, Дорноговьд төрснийг нь Доржбаатар гэж нэрлэсэн байдаг. Миний мэргэжлийг өвлөж авсан хүүхэд гэвэл бараг л байхгүй. Манай охин нь л арай ойрхон байж магадгүй. Кадастр, маркшейдер мэргэжилтэй оюутан цагаасаа намайг дагаж геологийн салбарт ажилласан.

    Туршлагатай ахмад геологичийн хувьд мэргэжил нэгтэй залуучуудад юу хэлмээр байна?

    -Юм асуувал асуусан бүрт нь хэлээд л өгдөг. Одоо гэхдээ юм асуудаг хүн их ховор болсон. Заагаад өгөхөөр анзаарахгүй. Хүн ер нь эзэмшсэн мэргэжилдээ дуртай л байх хэрэгтэй. Дургүй ламд сахил хүртээнэ гэдэг шиг дургүй л бол хэчнээн сайн заагаад ямар ч нэмэргүй. Геологи бол байгаль орчинтой харьцаж байгаа учраас сэтгэлээ зориулмаар маш сайхан ажил гэдгийг хүн болгон мэдрэхгүй л байна.

     Т.Үлэмж

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ