И.Чинбат:1942 онд маршал Х.Чойбалсан эмэгтэйчүүд цэргийн алба  хаах тухай зааврыг батлан гаргаж байсан түүхтэй

2019-03-18

Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн  Аюулгүй байдлын сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн тэнхимийн дэд профессор, доктор И.Чинбаттай Монголын зэвсэгт хүчинд эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн хувь нэмрийн тухай ярилцлаа.

 -Батлан хамгаалахын салбарт Монголын эмэгтэйчүүд ямар хувь нэмэр оруулсан байдаг бэ?

-Монголын түүхэнд төр улс тусгаар тогтнох үйл хэрэгт  Монголын үе үеийн эмэгтэйчүүд өөрсдийн хувь нэмрээ харамгүй оруулсан байдаг.   Монгол эмэгтэйчүүд улс орныг батлан хамгаалах хүчийг бэхжүүлэх зорилгын дор эвлэлдэн нэгдэж гол төлөв цэргийн анги, байгууллагын ар талын хангалт төдийгүй нам, засгийн бодлого, зорилтыг ухуулан таниулах ажилд өргөнөөр хамрагдаж ирсэн түүхтэй.   Бидний сайн мэдэх Д.Сүхбаатарын гэргий Н.Янжмаа нь 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалаас төрөн гарсан нийгэм, улс төрийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд тэргүүлэн оролцож байсан байдаг.

-Цэргийн ангийн итгэлтэй ар тал болж явсан ямар түүхэн эмэгтэйчүүдээс байв. Ер нь цэргийн ангийн ар тал болно гэдэг асар их хариуцлагатай ажил биз дээ?

-Цэргийн хувцас хунарыг оёх, хэрэгслийг нь бэлтгэх, хоол ундааг нь таслахгүй байх зэрэг бүх л ар талын ажлыг эмэгтэйчүүд эх оронч сэтгэлээр гүйцэтгэж ирсэн. 1921 оны хувьсгалын үеэр цэргийн хувцас болон улаан тугийг оёсон Д.Мядагмаа, Сэлэнгэ, Цэндээхүү, Санжийн авгай Бадамдарь, Цэнд-Аюуш, Чунаг, Чулуун зэрэг арваад эмэгтэйчүүдийг нэрлэж болно.Д.Мядагмаа өөрийн дуртгалдаа “Бидний арав гаруй эмэгтэйчүүд Сүхбаатарын зааж өгснөөр цэргийн туг оёсон. Тэр туг нь ухаа хамбан дээр хоёр эгнээ үсэгтэй, дундаа соёмбо тэмдэгтэй, гонзгойдуу хэлбэртэй байсан” гэж бичин үлдээсэн нь бий.

Мөн Бүх цэргийн зөвлөлийн 1924 оны илтгэлд “цэргийн хувцас хунар ба хэрэгсэл зэргийг эсгэж оёх үйлдвэрийн ангид 300-гаад монгол бүсгүйчүүд оёх ажил үйлдэж буй” гэж бичигдсэн байдаг. Харин 1942 онд маршал Чойбалсангийн цэргийн хүчинд эмэгтэйчүүд цэргийн албыг хаах тухай зааврыг батлан гаргаснаар Монголын эмэгтэйчүүдийн батлан хамгаалах үйлс тэмцэл урьд өмнөх үеэс илүүтэй идэвхжсэн гэж үздэг.  Энэхүү зааварт “19-30 насны бие эрүүл чийрэг, хүүхэдгүй эмэгтэйчүүд нэг  жил тусгай мэргэжлийн сургуулийг хийсний дараа шалгалт өгөн жинхэнэ татлагын ажилд орох, цахилгаан мэдээчин, машины бичигч, машины жолооч, тогооч, угаалгын газруудад хөдөлмөрлөж болох, давхар биетэй болсон тохиолдолд цэргийн албанаас бүрмөсөн халагдах…” гэх мэтээр нарийвчлан зааж өгсөн байдаг.

 -БНМАУ-ын баатар  цолыг  хүртсэн анхны эмэгтэйчүүд болох Түвдэнгийн Бор, Г.Цэнд нар ямар гавъяа гүйцэтгэсэн хүмүүс вэ?

-1932 оны “Зэвсэгт бослого” гарахад Түвдэнгийн Бор, Цэнд гэсэн хувьсгалч эмэгтэйчүүд олон талын эр зориг, эрдэм ухаан шаардсан ажлуудад томилогдон нэр төртэйгөөр гүйцэтгэж ирсэн. Гэвч харамсалтай нь тухайн хүнд, бэрх цагийн үеэр дайсны талд олзлогдож, хэрцгийгээр амиа алдсан юм. Цусаараа улсынхаа тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсныг нь үнэлэн 1971 онд Т.Борыг, 1974 онд Г.Цэндийг “БНМАУ-ын Баатар” хэмээх цолоор нэхэн шагнасан.  Тухайн үед “БНМАУ-ын баатар” хэмээх цолоор цусан гавъяа байгуулсан эх оронч хүмүүсийг шагнадаг байсан.  Т.Бор, Г.Цэнд нар нь яахын аргагүй Монгол улсын батлан хамгаалах  салбарт хувь нэмрээ оруулсан, эх оронч, баатарлаг эмэгтэйчүүд мөн.

Ярилцсан Г.Сүрэн (www.gereg.mn)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ