• Ч.Хүрэлбаатар:Яамдыг тендерээс салгах ажлыг Тендерийн хуулийн нэмэлт,өөрчлөлтөөр хийнэ

    2019-03-18

    УИХ-ын гишүүн,Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай www.gereg.mn –ийн сэтгүүлч ярилцлаа.

    Ээлжит бус чуулганаар Татварын багц хуулийн өөрчлөлт яригдах гэж байна. Энэ  хуулийн шинэчилсэн найруулга  дэлхийн жишигтэй ойртсон гэж байгаа.Энэ талаарх  тодорхой жишээ хэлж өгнө үү.  ОУВС-гийн хөтөлбөртэй  ямар нэг байдлаар уялдаж байгаа юу?

    -Татварын багц хуулийн төслөөр  УИХ-ын гишүүн Баттөмөрөөр ахлуулсан ажил хэсэг УИХ дээр ажиллаж байгаа. УИХ-ын ажлын хэсэг  Сангийн яам болон татварынхан нэлээд сайн хамтран ажиллаад явж байгаа. Бид үнэхээр татарын хуулиа олон улсын жишигтэй нийцүүлэх шаардлагатай. 2017 онд Европын холбооноос Монгол улсыг хар жагсаалтад оруулсан. Монгол улсад хэрэгжиж байгаа одоогийн татварын хууль нь мөнгө угаах, татвараас зайлсхийх байдлыг бий болгоход нөлөөлдөг, өөрөө  олон улсын жишигт нийцэхгүй байна гэсэн заалттайгаар хар жагсаалтад оруулсан.  Татварын суурийг багасгах, ашгийг шилжүүлэх зэрэг Global Forum, WEBS олон улсын байгууллагуудаас тавигддаг үндсэн зарчмуудыг энэ татварын багц хуулийн шинэчлэлдээ оруулж өгсөн.

    Энэ нь ямар ач холбогдолтой юм бэ гэхээр үндэстэн дамнасан компаниуд энд тэнд компаниуд байгуулж, хоорондоо гүйлгээ хийж төлөх ёстой татвараа багасгадаг асуудлыг зохицуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа гэсэн үг.   Бид WEBS байгууллагатай Монгол улсын уул уурхайн салбарт гурван жилийн хугацаанд хамтарч ажиллахаар тохиролцоод, сургалт зохион байгуулах, мэдээлэл солилцох ажлууд хийж  байна. ОУВС-тай татварыг бүрэн татаж авах, хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ярьж,тохирсон зүйлс байгаа. Тэд бүгд тусгагдсан байгаа.

    -Худалдан авах ажиллагааны тухай хуульд ямар өөрчлөлт орох гэж байгаа вэ?

    -Тендерийн тухай хуулиар бол аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээс авдаг татварын хувь хэмжээг буулгах,   жижиг нь нэг, томчууд нь дөрвөн удаа тайлан гаргадаг болгох, зардалд орох хувь хэмжээг нь нэмэгдүүлэх гэсэн өөрчлөлтүүдийг  оруулж байгаа.  Өөрөөр хэлбэл, шударгаар татвараа төлөөд явж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжсэн,  татвараас зайлсхийдэг аж ахуйн нэгжүүдэд тооцох хариуцлага нь илүү чангарч байгаа гэж ойлгож болно.

    -Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах ямар заалтууд орж байгаа вэ?

    -Худалдан авах үйл ажиллагаан дээр хамгийн гол нь өрсөлдөөнийг бий болгож, улмаар өрсөлдөөнд ямар компаниуд орж, шийдвэр яаж гарав гэдэг хэсгийн мэдээллийг ил болгох шаардлагатай байгаа. Олон нийтэд нээлттэй болгох уу, эсвэл тендерт орсон компаниудад ил болгох уу гэдэг асуудал байгаа. Үүнийг шинэ хуулиар журамлаж өгөхөөр төсөлд оруулсан. Энгийн болгох, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих заалтуудыг оруулж өгч байгаа. Урьд нь хамгийн хямд үнэтэйг нь сонгодог учраас техник, чанарын асуудал нь орхигдоод байна гэдэг асуудал гардаг. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар техникийн шаардлагыг хангасан байх,   хамгийн бага үнэтэй  байх гэсэн хоёр  тусдаа хоёр заалт үйлчилж байгаа. Гэтэл шалгаруулахдаа  хамгийн бага үнэтэй гэсэн заалтаа бариад явчихдаг. Шинэ хуулийн төслөөр  чанар, стандарт, техникийн шаардлага хангасан байна, хамгийн хямд үнэтэй гэсэн хоёр заалтыг нэг заалтад нэгтгэн оруулж өгсөн. Дээр нь тендер авчихаад ажлаа хугацаанд нь хийдэггүй, эсвэл бага үнээр авчихаад үнийг нь өсгөдөг, чанаргүй гүйцэтгэдэг компаниудын жагсаалтыг  ил зарладаг болохоор хуульд өөрчлөлт оруулж байна.Энэ бол нэг талаас ил тод болж байгаа зүйл,нөгөө талаас татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулж буй нэг хэлбэр.

    -Яамд бодлого гаргадаг газар. Гэтэл тендер, лиценз зөвшөөрөл өгч,эргээд энэ нь авлигын нэг шалтгаан болоод байна уу даа гэж хардаг. Үүнийг өөрчлөх үү?

    -Үнэхээр тийм.  Яамдуудыг тендерээс салгах заалтыг хуулийн төсөлд оруулж өгсөн.  Уг нь яамд  бодлогоо гаргаад явж байх ёстой байтал нэлээд тооны тендер зарладаг, эргүүлээд тендерийн маргаантай холбогддог, түүнтэй холбоотой улстөржилт ихээр явагддаг. Тийм учраас тусад нь нэг агентлаг байгуулахаар зааж оруулж өгсөн. Худалдан авах ажиллагааны тусгай агентлаг байгуулагдаж, үйл ажиллагаа, худалдан авалт нь  ил тод, олон нийтийн оролцоог хангасан, цахим худалдан авалтыг зохион байгуулдаг байх шаардлагатай. Урьд нь тусдаа ийм агентлаг байж байгаад 2016 онд татан буугдсан.Одоо бол хавсрага маягтай ажиллаж байгаа.

    -Сангийн яамнаас тусгай сангуудад шалгалт хийгээд,долоон санг татан буулгаж,зарим сангуудыг нэгтгэх шийдвэр гаргасан.Энэ ажил хэзээ хэрэгжих вэ?

    -Засгийн газрын тусгай сангуудтай холбоотой хуулиудад өөрчлөлт оруулах ёстой.   Сангийн яам холбогдох яамдуудтай хамтраад хуулийн төслүүд дээр нь ажиллаж байна.

    -Өнөөдрийн байдлаар улс орны эдийн засгийн байдал яг ямар байна вэ.Өрийн дарамтыг 60 хэдэн хувиар бууруулсан гэж та мэдэгдсэн. Гэтэл эсрэгээр өрийн дарамт нэмэгдсэн гэж шүүмжилж байгаа шүү дээ?

    -Тоон дээр тоглож шүүмжилж байгаа зүйлүүд байгаа.Монгол Улсын нийт өрийг яриад байгаа. Засгийн газрын нийт өр бол тусдаа. Түүнээс биш Оюутолгойд  хөрөнгө оруулалт хийгдээд, тэнд үүсч буй төрийн эзэмшлийн өрийг ярихгүй штээ. Засгийн газрын төсөв,санхүүжилтийн өр биш шүү дээ. Эсвэл  Монголбанкны своп хэлэлцээрээр БНХАУ-тай  үүссэн өр,  Хөгжлийн банкны гэх мэтийн  өрүүд бол  Засгийн газрын тавьсанд өрөнд  орохгүй шүү дээ.   Хүмүүс гэтэл энэ бүх өрийг нийлүүлээд , Засгийн газар өрийн хэмжээгээ буулгасан гэсэн чинь яасан бэ гэж яриад байгаа.

    Засгийн газрын өрийн хувьд нэлээд хэмжээний өр дарагдаж, дотоодын нийт бүтээгдэхүүний 74,4 хувиас 61,9 болж буурсан.

    Сангийн сайдаар томилогдсоноосоо хойш миний хувьд гадаадад бонд гаргаагүй, арилжааны банкуудаас нэг ч төгрөгийн  зээл аваагүй. Дээр нь   2019 оны эхний хоёр сарын байдлаар төсөв ашигтай гарсан. Ийм ашигтай байж байхад зээл авна гэж байхгүй.

    -Ерөнхий сайд Монгол Улсын эдийн засгийг сэхээнээс гарч, энгийн тасагт шилжлээ гэж зүйрлэдэг. Тэгэхээр өнөөгийн эдийн засгийн байдал маань эмнэлгээс гарах хэмжээнд оччихсон байна уу?

    -Эдийн засаг эмнэлгээс гарчихсан шүү дээ. Хэрвээ бид өдөр тутмын гүйлгээгээ хийж чадахгүй, зээл аваад яваад байвал эдийн засаг хүнд байна гэсэн үг. Энгийн төсвийн орлогыг л аваад үзэхэд төлөвлөж байснаас төсөв давж биелээд, ашигтай байгаад, ямар нэгэн зээл авалгүйгээр гүйлгээ хийгдээд явж байна. Мөн Монгол улсын зээлжих зэрэглэл нэмэгдсэн зэрэг үзүүлэлт нь эдийн засаг сайжирч байна л гэсэн үг. Төсвийн орлого бүх салбарт, бүх аймгийн хэмжээнд нэмэгдсэн байгаа нь эдийн засаг идэвхжиж байгаагийн том илэрхийлэл.

    -ОУВС-гийн хөтөлбөр энэ жил хэрэгжээд, ирэх жилээс гарна. Тэр үеэс хойш улс эдийн засгаа  өөрөө  аваад явчих чадвартай болно гэж ойлгож болох уу?

    2020 оны дөрөвдүгээр сард бид ОУВС-гийн хөтөлбөрөөс  гарах ёстой.Тэгээд Монгол Улс эдийн засгаа өөрөө аваад явах бүрэн боломжтой.

    -Ээлжит бус чуулган эхлэх гэж байна. Өнгөрсөн жилийг бодвол  улстөржилт аядуу, зөөлөн байх болов уу гэсэн хүлээлт байгаа. Улс төрийн нөхцөл байдал маань эдийн засагтаа эерэг өөрчлөлт авчрахаар байна уу?

    -Дэлхий нийтээрээ улс төр нь тогтвортой байж эдийн засаг нь өсөж, дэвждэг жамтай. “Өнгөрсөн хугацаанд  болсон үйл явдлын хувьд зөвхөн улс төрийн тогтворгүй байдал гэхээсээ илүү Монголын нийгэмд шударга ёсыг бий болгох гэсэн үйл явдал байсан.Тэрнээс биш хүмүүс хоорондын маргаан, мэтгэлцээн байсан гэж миний хувьд бодохгүй байгаа.  Алсдаа Монгол улсад хэрэгтэй, эргээд эдийн засагт эерэгээр нөлөөлөх зүйл хийгдсэн гэж үзэж байгаа.

    Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Энхболд улсын төсвөөр хайгуул хийгдсэн бүх ордыг төрийн мэдэлд авна гэж ярьж байгаа. Энэ асуудлаар Засгийн газар ямар байр суурьтай байгаа вэ?

    -Засгийн газар энэ дээр ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байгаа. Засгийн газар дээр яригдаагүй асуудал. Тэр хүний хувийн санал юм байна гэж ойлгосон.

    Гааль,татварын шинэчлэлийн жил гэж танай яамнаас 2019 оныг зарласан. Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэж байна вэ?

    –  Сангийн яамны хувьд 2019 оныг гааль, татварын шинэчлэлийн жил гэж үзэж байна. Татварын хууль батлагдах асуудал хүлээгдэж байгаа.Гэхдээ Татварын хуулийг хэрэгжиж эхлэхийг хүлээхгүйгээр  нэлээд  ажлыг хийхээр төлөвлөсөн. Гаалийн хувьд улсын баялаг БНХАУ руу зургаан боом дамжин гардаг.Эдгээр  зургаан боомтоор  гарч байгаа ашигт малтмалаа бүрэн хянаж чаддаг болохоор   бүрэн камержуулалтын системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мэдээллийг бодитой, түргэн шуурхай гаргадаг болохоор ухаалаг   системийг   нэвтрүүлэх шаардлагатай. Ер нь гарч байгаа баялгийнхаа чанарт нийцсэн татвар ногдуулахын тулд олон улсын стандартад нийцсэн гаалийн лабораторийг бий болгож, тээврийн хэрэгсэл болгоноос дээж авдаг тогтолцоог нэвтрүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Дээр нь  импортоор орж ирж байгаа  нефьт бүтээгдэхүүний чанарын асуудал яригддаг. Мөн  бага үнэтэй оруулж ирсэн учраас гээд татвар бага төлдөг үзэгдэл бий. Тиймээс дөрвөн боомт дээр нийт долоон нефьт бүтээгдэхүүний лабораторийг байгуулахаар төлөвлөсөн.  Тэнд хэн нэгэн хүн дураараа аашлах явдал байхгүй болно гэсэн үг.Гаалийн бүх боомтуудыг холбосон нэгдсэн удирдлагын систем бий болж, гарч байгаа бүх баялаг, автомашины хэрэгсэл нэг төв дээр хянагдаж байдаг тогтолцоог бий болгох гол ажлуудаа 2019 онд хийж дуусгахаар ажиллаж байна.

    -Машинаар тээвэрлээд гарч байгаа нүүрсний дор юу байгааг мэдэх боломжтой гэж ярьж байгаа. Энэ шинэчлэлээ 2019 онд бүрэн дуусах уу?

    Тээвэрлэгдэж байгаа нүүрсний дор юу байгааг тодорхойлох чадвартай рентген аппаратуудыг бүх боомт дээрээ 2019 ондоо багтааж байршуулна. Эдгээр гаалийн шинэчлэлийн ажлуудыг гурван эх үүсвэрээр хийнэ. Нэгдүгээрт, улсын төсвөөс 60 тэрбумыг төсөвлөсөн. Хоёрдугаарт,   Ерөнхий сайдын 2018 оны дөрөвдүгээр сард хийсэн айлчлалаар шийдэгдсэн  БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хийнэ.  Гуравдугаарт Азийн хөгжлийн банкны төслөөр санхүүжүүлнэ.

    -Өмч хувьчлалын асуудал УИХ-аар шийдэгдээгүй учраас 2019 онд өмч хувьчлалаас орлого орж ирэхгүй гэж ойлгох уу?

    Засгийн газар өмч хувьчлалын үндсэн чиглэлийг УИХ-д өргөн мэдүүлсэн байгаа.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ