Ө.Энхтүвшин: Онцгойгийнхон яаж ажиллах ёстой вэ гэдгийг үлгэрлэн үзүүллээ

2019-03-13

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ЭКО АЛТАН ЗААМАР” компанийн уурхайд хөрсний нуралт үүссэний улмаас дөрвөн ажилтан нурангид дарагдаж амь насаа алдсан.

Энэхүү ослын газарт ОБЕГ-ын 36 албан хаагч есөн өдрийн турш хүнд нөхцөлд ажиллан осолдсон иргэдийн цогцсыг гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн билээ. Ослын үеэр ажилласан ОБЕГ-ын албан хаагчдыг өнөөдөр Шадар сайд Ө.Энхтүвшин хүлээн авч уулзлаа. Тэдгээр албан хаагчдын тал нь Архангай аймагт үүрэг биeлүүлэхээр явсан учир Шадар сайдтай уулзахаар 18 алба хаагч хүрэлцэн иржээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Юуны өмнө та бүхэнд баяр хүргэе. Та бүхэн сайн ажиллалаа. Өргөсөн тангарагтаа үнэнч ажиллалаа. Онцгойгийнхон яаж ажиллах ёстой вэ гэдгийг үлгэрлэн үзүүллээ. Гал, ус, зуд тархалт, салхи шуурга, өвчин дэгдэлт, ган гачиг бүх зүйлд ч та бүхэн нэн тэргүүнд явж байдаг. Ийм гавъяа байгуулсан учраас та бүхний нэр хүнд ард түмний дунд их өндөр бий. Төрийн байгууллагыг иргэд шүүмжилдэг ч онцгойгийнхны нэр хүнд их өндөр байдаг. Энэ нэр төрөө үргэлж хадгалж яваарай.

ЭКО АЛТАН ЗААМАР-ын осол хоёрдугаар сарын 28-нд гарсан. 10 дахь хоногтоо сүүлийн хүний цогцсыг олсон. Би эрэн хайх ажиллагаа явуулж байгаа газар өөрийн биеэр очиж, та бүхнийг ямар хүнд нөхцөлд яаж ажиллаж байгааг харсан. Мөсөн доогуур усан дотор л ажиллаж байна. Мөн хана нурах маш их эрсдэлтэй байсан. Гэтэл та бүхэн айсан шинжгүй үнэхээр ажлаа нэн тэргүүнд тавин ажиллаж байсан чинь бахархал төрүүлж байсан.

Зөвхөн энэ удаа ч биш өмнө нь ч ийм зориг гаргаж байсан. 2017 онд Отгонтэнгэрт болсон эмгэнэлт явдлын үеэр, олон газар болсон түймэр, зудын үеэр ч та бүхэн маш сайн ажилладаг. Дөнгөж сая би Монгол Улсын Ерөнхийлөгчид та бүхний гавъяаг танилцууллаа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд та бүхэнд баяр хүргэж байгааг уламжлаарай гэсэн. Энэ үүргийг сайн гүйцэтгэж, эх орныхоо өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, үлгэр жишээ ажиллаж байгаа та бүхнийг шагнах хүсэлтээ Ерөнхийлөгчид өгсөн.

Ерөнхийлөгч тодорхойлолтоо оруулаад ир бушуухан шагная гэдэг хариултаа ч өгсөн. Бидэнд анхаарах зүйл нэлээн харагдаж байна. Хувцас хэрэглэлийн хувьд тааруухан байна. Шинэ техник машин авч байгаа ч аврагчдын ажиллах нөхцөл, аврах хэрэгсэл, хувцас хэрэглэл сайжруулж, нэмэгдүүлэх талаар онцгой анхаарах хэрэгтэй байна. Тиймээс энэ саналаа Т.Бадрал генерал оруулаад ир. Бэлэн байдлыг бүрэн хангах тал дээр анхаарна.

Та бүхний цаашдын ажилд өндөр амжилт хүсч, бүх талаар дэмжиж ажиллах болно. Та бүхний байгуулсан гавъяаг төр мэдэж байгаа.

Аваар осолтой тэмцэх зэвсэг хэрэгсэл, хувцас хунар, хангалтыг сайжруулах чиглэлд 2019 онд анхаарч ажиллана. Гамшгаас хамгаалахад Монгол Улс хөрөнгөд гар татахгүй ” гэлээ.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Энэ салбарт ажиллаж байгаа аврагч, гал сөнөөгчид нэн тэргүүнд явж байдаг. Энэ хүмүүсээс Монгол Улсын төр шагналаа огт харамладаггүй. Байнга харж үздэг. ОБЕГ-ын үйл ажиллагаа аврагчдын нуруун дээр явж байдаг” гэв.

Ингээд ослын үеэр ажилласан аврагчдыг шагнуулах хүсэлтээ Шадар сайдад өглөө. Уг хүсэлтийг уулзалтын дараа Шадар сайд Ө.Энхтүвшин Ерөнхийлөгчид өгнө гэлээ.

“Онцгой байдлын үндэсний аврах бригад”-ын аврагч Ж.Баяртогтох “Онцгойгийнхны хувцас, техник хүрэлцээ муу байна. Жишээ нь шумбалт хийлээ гэхэд аврагчид нэг хувцасаа ээлжлээд өмсдөг. Тиймээс гүний шумбалтын хувцсыг сайжруулаад өгөхөд анхаарах хэрэгтэй байна. Архангай аймгийн Өгий нуур суман дээр гүний шумбалтын сургуулилт хийж байгаа 20 албан хаагч дундаа дөрвөн л шумбалтын хувцастай байна. Энэ бол жишээ. Энэ үеэр дуудлага ирвэл ард нь багаж, техник хэрэгсэл муу үлдэж байна” гэлээ.

Харин техник, хэрэгсэл юу юу дутуу байна. Ямар ямар багаж техник хэрэгсэл хэрэгтэй байгаагаа жагсаагаад Засгийн газрын хуралдаанд оруулаад ир хэмээн Шадар сайд Ө.Энхтүвшин ОБЕГ-ын дарга Т.Бадралд үүрэгдсэнээр уулзалт өндөрлөлөө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ