• АН хуваагдлын босгон дээр ирлээ

    2019-03-15

    Өнгөрсөн жил гаруй хугацааг эрх баригч МАН-ынхан хоорондоо тэмцэж өнгөрөөсөн. Тэд 60 тэрбумаар төрийн албыг наймаалах гэсэн болон МАНАН-тсан хүмүүсээсээ салах тэмцэл явуулсан. М.Энхболд, Д.Хаянхирваа, Су.Батболд нарын гол хүмүүсийг нь албан тушаалаас буулгаж, заримыг нь намаасаа хасаад одоогоор байдал намжаад буй.

    Тэгвэл энэ удаа АН-ынхны хоорондоо тэмцэлддэг хууч сэдрээд хаваагдахын даваан дээр ирээд байна. Тэнд МАН-ынхан зодолдож байхад АН-ынхан түүгээр явсан гайг үүгээр дуудав гэгч болсон мэт нийгэмд харагдаж буй. Гэхдээ МАНАН дэглэмд нам хамаарахгүй, харин тухайн намуудыг удирдаж байсан нөхдүүд эрх ашгаар нэгдсэн хэрэг л дээ. Тиймээс МАНАН гээд байгаа хэрэг.

    МАНАН-г өмөөрсөн АН-ын одоогийн удирдлагууд УИХ дээр У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагахгүй хэмээх санал өгсөн Ж.Батзанданг намаасаа хассан бол Л.Болд, Д.Мурат нарын сонгогдох эрхийг 4 жилээр хассан. Үүнд шарлахсан Л.Болд АН-ын гишүүнээс болоод УИХ дахь бүлгээсээ татгалзсанаар тус нам одоо бүлэггүй болсон. Тэгвэл үүнтэй зэрэгцээд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар “Нэгдсэн Монгол” хэмээх хөдөлгөөн байгуулаад МАНАН-тай, түүнтэй холбоотой намынхаа дарга нартайгаа үзээд эхэлчихсэн.

    Эрдэнэтийн 49 хувийг Оросоос авах үед Монгол улсын Засгийн газрыг давуу эрхээс нь татгалзахад хүргэсэн хэмээн тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд, одоо АН-ын УИХ дахь бүлгийн дарга асан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, тухайн үед мөн сайд асан, АН-ын дарга С.Эрдэнэ нарыг АН-ынхан өөрсдөө буруутгаад эхэллээ.

    УИХ-ын дарга, АН-ын дарга асан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэхүү 49 хувийг мэдээгүй гэлээ. Түүгээр ч үл барам Д.Эрдэнэбат нарыг АН-аас явуулах тухай ч ярьж байна. Энэ сацуу АН-ын залуу гишүүд С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарын намын удирдлагууддаа хариуцлага тооцох тухай яриад эхэллээ.

    С.Эрдэнэ нар сүүлийн үед хөөмтгий болсон. Тухайлахад С.Баярцогтын асуудал яригдаж эхлүүт түүнийг намаасаа хөөсөн бол өнгөрсөн 12 сард Ж.Батзанданг хөөсөн. Мөн Ерөнхийлөгчийн зөвлөх Пүрэвдавааг бас хөөсөн. Харин одоо С.Эрдэнийг өөрийг нь АН-ын даргаас хөөх сонирхол олон хүн төрөх болж.

    Ер нь ч С.Эрдэнийг АН-ын даргаар тодрох үед Б.Баабар гэхэд л “даргыгаа шоронд эргэж байх гэж байгаа юм бол С.Эрдэнээг дарга болгоё” хэмээж байсан. Мөн тухайн үед үндэсний хэмжээний намыг С.Эрдэнэ шиг хүн удирдаж чадах уу гэх яриа ч хүчтэй байсан. С.Эрдэнэтэй Н.Алтанхуяг ч биш хотынхон тухайлахад Э.Бат-Үүл ч хүчийг үзэх нь тодорхой болоод буй. Ийнхүү АН дотор томоохон үл ойлголцлууд үүсч тус намд хуваагдал гарч мэдэхээр болоод байна.

    АН-ын түүхээс харахад иймэрхүү үл ойлголцлууд заавал хуваагдаж, салж дуусдаг. 1996-2000 онд АХ эвслийнхэн эрх барьж байхдаа хагарч тэмцэлдээд 4 Засгийн нүүр үзээд сүүлдээ С.Эрдэнэ нар МоАН-ыг байгуулж МҮАН-ыг задлаад бүгд ялагдаж байлаа. 2004 оны сонгуулийн дараа мөн л АН-д сонгуулийн үр дүнг булаацалдсан тэмцэл өрнөж М.Энхсайхан, Ж.Наранцацралт агсан тэргүүтнүүд АН-аас гарч ҮШН байгуулж байлаа.

    Өнгөрсөн 2012-2016 онд АН эрх барих үед тус намд дахиад л эвлэршгүй тэмцэл бий болж Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулсан. Тэр үед С.Эрдэнэ нар эсроэг ажиллачихаад хөөгдөлгүй харин ч сайд хэвээр үлдэж байлаа. Үүнд Н.Алтанхуяг мэдээж гомдолтой явдаг нь тодорхой. Тиймээс энэ удаа Ерөнхийлөгчийн улстөрийн бодлогын зөвлөхийн албаа ашиглаад С.Эрдэнэ нартай яс үзэх гэж байгаа хэмээх хүмүүс ч байна. Ерөнхийлөгч болсон хүн эргээд намтайгаа үзэж тардаг бичигдээгүй хууль Монголд бий. Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар энэ л жишгээр явсан. Одоо Х.Баттулга ч С.Эрдэнэ нартай эвлэрэх нь юу л бол. Ийнхүү АН-д томоохон асуудал үүсч тус нам гарцаагүй хагарал хуваагдлын даваан дээр ирээд байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ