• Шог зураач А.Бат-Эрдэнэ:Өөрийнхөө зурах гэж байгаа зурагнаас айна гэдэг маш утгагүй шүү дээ

    “Азтай Бадарчин” наадмын тэргүүн байрын шагналт, шог зураач А.Бат-Эрдэнэтэй ярилцсан ярилцлагаа толилуулж байна. 

    -Та социализмын үеийн уран бүтээлч.Залгуулаад ардчилсан нийгэмд ч та зургаа зурсаар байна. Хоёр нийгмийн ялгаа, зааг таны уран бүтээлийн сэдэв,агуулгад ямар ялгаа авчирсан бэ?

    -Нэг их ялгаа алга. Социализмын үед ч тэр, одоо ч тэр алдаа дутагдал байсаар л байна. Би дарга шүүмжлэх дуртай зураач. Тиймдээ ч гол төлөв улс төрийн утга аястай шог зураг дээр түлхүү ажилладаг. Дээхнэ үед  “Тоншуул” сэтгүүл, “Хөдөлмөр” сониноос  бидний үеийнхэн улс төрийн шог зургаа эхлүүлж байсан. Ид хийж бүтээж байх 90 онд ардчилалд шилжээд, бид ч улстөр зурсаар л явсан. Одоо ч улстөрөө зурж л явна.  Миний уран бүтээлийн онцлог гэвэл энэ хооронд таван парламентыг зурчихсан.  Таван үеийн парламентын гишүүдийг зураад бараг түүхийг нь биччихсэн гэсэн үг.  За тэгээл нэг парламентаар нь  үзэсгэлэн гаргачихаж байгаа юм, гурван парламентаар нь ном гаргачихсан. Нэгээр нь хөзөр гаргаад хаячихаж байгаа юм гэх жишээний.  Энэ хэдийг одоо нэг барьж авдаг юмуу, яадаг юм.

    -Шог зураач, ер нь хошин шогийн уран бүтээлчдийг шүүмжлэлт сэтгэлгээтэй хүмүүс гэж бид ойлгодог. Та улстөрч,дарга нарын хөргийг зурахдаа шүүмжлэлтэй хандаж зурах уу,эсвэл зан аашийг нь илэрхийлэх ?

    -Эхлээд нөхөрсөг шог маягаар зурдаг байсан. Сүүлд  2012-2016 оны Их хурлынхны тухай  “Гарааны 76” нэртэй сэтгүүлч, яруу найрагч  Н.Лутбаяртай хамтарсан бүтээл маань нэлээд ширүүхэн шүүмжилсэн  бүтээл болж, бүр хөзөр болгон хэвлүүлсэн байдаг. Хөзөр гаргана гэдэг бол маш том шүүмжлэлийн хэлбэр юм. Тэр нь тэрийгээ идээд гээл…Улстөр гэдэг бол маш том тэмцэл байдаг юм байна. Улстөрийн шог зургууд гэвэл бие биеэ буудах гээд буу тулгасан байгаа зэрэг зургууд бий штээ. Тэгэж зурсан  шог зургийн санаа  алсдаа  хэрэгжчихээд байдаг. Яагаад гэвэл нийгмийг урьдчилж хардаг. Нэг нь гохоо дарахад л нөгөөтөх нь “байхгүй” болох жишээний.

    Улстөрч болгон өөрийн пакттай, үүнийгээ бүгд мэддэг, бие биедээ барьцаалагдсан байдаг юм билээ. Үүнийг нь би хоёр биедээ буу тулгаж буйгаар зурах жишээтэй.

    Улстөрч болгон өөрийн пакттай, үүнийгээ бүгд мэддэг, бие биедээ барьцаалагдсан байдаг юм билээ. Үүнийг нь би хоёр биедээ буу тулгаж буйгаар зурах жишээтэй.  Уржнан жил Төрийн ордныг “Төөрдөг байшин” болгож зурсан бүтээл маань “Азтай бадарчин” наадмын тэргүүн байр эзэлж байлаа. Гэх мэтчилэн зурж байх юм. Гэхдээ би зах зээл рүү гарсан. “Цэцэг” төвд өрөө түрээслээд янз бүрийн давхаргын, төрсөн өдөр, Валентин, Монита гээл бүх л үйл явдлын үеэр хүмүүсийн зураг зурж байна. Олон дунд байх сайхан юм.

    МАНАН-гийн эсрэг жагсаалд шог зургаа барьж жагсан,уг тэмцлийг удирдсан УИХ-ын 5 гишүүнтэй уулзан,зогсолтгүй тэмцэхийг зөвлөв.

    -Хүмүүс ирээд л танаар зургаа зуруулаад байх уу?

    -Би ер нь жаахан нуугдмал болсон.Тэндээ л байж байдаг гэх юм уу. Хүмүүс сошиалаас ч юмуу, янз бүрийн байдлаар мэдчихээд л захиалга огт тасрахгүй шүү.

    -Өнөөгийн улс төрийн юуг нь шүүмжилж уран бүтээлдээ тусгамаар санагддаг вэ?

    -Нам гээд хоёр хуваагдсан хэдий ч цаанаа хуйвалдан манан үүсгэж манарч байгаа нь,  цөөхөн хүн хууль бусаар хагартлаа баяжиж олонх нь ядуу байгаа зэрэг олон асуудал байна.  Ийм ороо бусгаа үед шог зураач бид  бүтээлээрээ харанга дэлдэх үүрэгтэй юм.Зарим хүмүүс “Шүүмжиллээ,улстөржлөө” гэж надад хэлдэг. Миний мэргэжил чинь өөрөө шүүмжилдэг мэргэжил.  Энэ үүргээ алдахгүйн тулд хичээж л явна.  Манай шог зураачид чинь угаасаа цөөхөн,20 гаруйхан. Дээр нь зургаа зурахгүй болохоор бүр  цөөхөн. Би шударга ёсны төлөө  өөрийнхөө үүргийг гүйцэтгэж,сүүлийн жагсаалд хүртэл зургаа барьж жагслаа штээ.  Хуягаатайгаа хамт утаа, манан дэглэмийг эсэргүүцсэн сэдэвтэй зургаа барьж МАНАН-гийн эсрэг жагсаалд оролцсон. Улстөр,нийгэм ширүүн болох тусам бидний зурах сэдэв,зураг нь ширүүн болж ирдэг. Өнөөдрийн улстөр яг усны үер шиг.Нээх сүрхий хурдан бууж ирээд баахан юм сүйтгэж хаячихаад эргээд намжчихдаг шиг юман дунд л хөвж яваа юм шиг санагддаг. Үнэхээр өөрчлөлт хийх гэж л байгаа бол алгуурлаж болохгүй.Одоо жаахан сулхан байна. Миний бодлоор бол худлыг хуйхлах л хэрэгтэй.Шударга бус явдлыг тас цохиод л,идсэн уусныг нь ил гаргаад л явах хэрэгтэй. МАНАН-гийн эсрэг  жагсаалын үеэр таван гишүүнтэй уулзаж шударга ёсыг тогтоохыг хүсч,  Монголын ард түмэн ард чинь  бий шүү, итгэлийг нь бүү хөсөрдүүлээрэй гэж захисан. Би нэг хэсэг бухимдуу байсан, одоо гайгүй тайвширч байна. Учир нь төрийн эрх нэг үзэл санаатай залуучуудын гарт очлоо. Би эд нараас сайн сайхан их зүйл хүлээж байгаа. Click To Tweet

    -Та сүүлийн үед телевизээр хүүхдэд зураг зааж байгаа харагдах юм?

    -Би Боловсролын сайдыг бас л нэг бүтэхгүй нөхөр гарчихлаа л гэж бодож байсан.Гэхдээ Баатарбилэг жаахан дуугараад  байгаа. Хамгийн их өөрчлөлт,хувирал гаргах ёстой салбар бол Боловсролын салбар. Сурах бичгийн тендер гэж сүрхий мөнгө цохидог юм байна. Тэрэн дээр хэдэн хэвлэлийн компанитай нийлчихсэн төрийн албан хаагчид нь завхруулж байдаг.  Миний бие ч энэ гажуудлыг засахад хувь нэмрээ оруулья гэж бодож байна.  Дүрслэх урлагийн сурах бичгийг агуулгаар нь өөрчлөх санаатай ажиллаж байна.Багшийн дээд сургуульд үзэх хэмжээний юмыг хүүхдэд ямар ч сонирхолгүй хийчихсэн.Тиймээс би өөрийн дүрслэх урлагийн сурах бичгийн  хувилбарыг хүүхдэд сонирхолтой хэлбэрээр хийе. Заавал яам гэхгүй штээ.Яаманд орвол би нэлээд бэрхшээлтэй учирна.

    Үүний эхлэлийг тавьж, “С1” телевизтэй гэрээ хийж орой болгон орон даяар зургийн хичээл багачуудад зааж байна. Миний хичээлийг 20 аймагт хүүхдүүд үзэж, надтай харьцаж байна. Тэрүүгээрээ би хүүхдэд юу хэрэгтэйг судлаад байна. Энэ хичээлээ багцалж байгаад нэг сайхан зургийн ном гаргая. Хүүхэд гурван настайдаа сараачаад,дөрвөн настайдаа дүрсжүүлээд,тавтайдаа юу хүссэнээ зурж чаддаг болдог.  Гэтэл цэцэрлэгээр ямар ч агуулгагүй нүдээд, жинхэнэ гэгээнтэн суутан байх зургаан насанд нь сургуульд оруулаад хашчихаж байна.

    Зургаар дамжуулан ирээдүй хойч үеийг сэтгэдэг хүн болгоход хувь нэмрээ оруулах нь зураач А.Бат-Эрдэнийн эрхэм зорилго

    -Сурах бичгийн чанар агуулгын хувьд  нээрэн л муудсан шүү…?

    -Сурах бичгийн чанар социализмын үеэсээ дордсон.Нэг хэвлэх үйлдвэр тендерийг нь авдаг юм байна,хамгийн хямд хийх газрыг л сонгодог.Социализмын  үед  ”Цагаан толгой”, “Унших бичиг”-ийн сурах бичгийн зураг чимэглэлийг Ц.Доржготов, В.Одгийв, Б.Цог, Ж.Батсуурь, Ц.Байды багш тэргүүтэй дандаа шог зургийн шилдэг мастерууд бүтээдэг байлаа.

    Нэлээд хэдэн жилийн өмнө Ж.Алтангэрэл бид хоёр Байды багштайгаа хамтран “Цагаан толгой”-н зураг дээр ажилласан. Тэр сурах бичиг олон жил багш, эцэг эх, хүүхдийн талархлыг хүлээж явсан хэдий ч сүүлдээ тендэрт шалгарсан дараагийн ном нь гараад хэрэглэхээ байсан даа. Одоо сурах бичгийг өөрчилнө гэвэл шог зураачид орох ёстой.Яагаад гэвэл хүнд хамгийн ойлгомжтой,хөгжилтэй, сонирхолтой хэлбэрээр хийж чадна.

    Гэтэл өнөөдөр шог зураачид хаана байна? Байды багш гэртээ, Батсуурь 100  айлд гэртээ, Орос улсад дүрслэхээр төгссөн зураач Буян бас гэртээ. Монголын анхны хүүхэлдэйн киноны зураач Ц.Намжилдорж хөдөө Үдлэгт үнээний дэлэн шувтраад байж байна.  Түүхийн сурах бичгийн мундаг зөвлөгч,зохиогч  Тангадын Мандир Чингэлтэйд бас ажилгүй.  Ийм улсуудаа танагтай дээр нь ашиглахгүй бол  сурах бичгийг хэчнээн зохиолч солиод ч нэмэргүй. Шог зураачид сэтгэлгээгээрээ өөрчилдөг байхгүй юу.

    Лев Толстой хамжлагийнхаа хүүхдүүдэд хичээл зааж эхэлж явсаар тэр нь Оросын сургалтын школ болсон түүхтэй. Манайх Оросын сургалтын аргаар цагаан толгой хийж, бид чинь бас нэг гайгүй цагаан толгой үзэж өссөн. Одоогийн хүүхдүүд мэдэхгүй, уншиж байгаа ном, ишлэл татсан шүлэг мэдэхгүй. Ядаад л Содномдорж гуйн шүлэг хэд байна аа? Хорлоо, Лодойдамба, Түдэв гуайн шүлгүүд яагаад цөөрөөрд байна аа? Хүмүүжлийн юмнууд нь алга болсон. Ид хөөрхөн тоглоод гүйж явсан хүүхдүүдийг зургаан настайд нь сургуульд оруулаад, маш хүнд програмаар нүдээд сурах сонирхолгүй болгоод хаячихаж байна. Сурах сонирхолгүй болсон хүүхдүүд 12 жил бие биеэсээ хуулсаар байгаад төгсөхдөө хатуухан хэлэхэд хэн ч биш болж байна. Бид уул уурхайгаа ухахаас илүү хүүхдүүдийнхээ оюуны уурхайд хөрөнгө оруулалт хийх ёстой л гэж бодож явдаг хүн.

    -Дүрслэх урлаг хүүхдэд, хүнд яг ямар үр өгөөжтэй вэ?

    -Зураг хүнийг хүн болгоно.Сэтгэдэг, боддог, бүтээдэг хүнийг бий болгоно. Мөн зургаар дамжин чадварлаг загвар зохион бүтээгч, инженерүүд төрдөг. Сэтгэн бодох чадварыг хүнд өгдөг урлаг. Ядаад л соёлтой, дэг журамтай амьдрахад сургадаг. Ерөөсөө л хүнийг бэлддэг урлаг.  Гэтэл бид нээх том том компанийн захирал болно гэх мэт мөрөөдөлтэй жижиглэн наймаачдыг бэлтгээд байх шиг. Анхнаасаа л зураг урлагийн боловсролыг нь зөв өгчихвөл тэр хүүхдүүд цаашаа цэцэглээд л байна. Монгол хүүхдүүд бол гайхамшиг шүү дээ.

    -Та ер нь дунд сургууль, их дээд сургуулиудад багшилж байв уу? 

    -Би чинь ерөөсөө Монгол Улсад гуравхан жил ажилласан хүн шүү дээ.

    -Улсад уу?

    -Тиймээ улсад (инээв).Дундговь аймгийн Гурвансайхан сумын сургуульд гурван жил багшлаад, дараа нь  “Хөдөлмөр” сонинд нэг жил ажиллаж байтал ардчилал эхлээд л чөлөөт уран бүтээлч болсон доо. Гэхдээ би Монголын хүүхдүүдэд их юм хийсэн. Цагаан толгойн сурах бичиг, “Мөөжөө Жөөжөө”, “Соно” комик сэтгүүл гэх мэт хүүхдэд зориулсан бүтээлээ хэвлүүлж, 2000 он хүртэл багачуудыг ном сэтгүүлээр таслаагүй. Ямар ч байсан унших,үзэх юмтай болгох гээд  гүрийгээд л байсан. Тэр үед чинь талхаа яаж авах вэ гэж байсан үе штээ. Тэгээд л яах ч аргагүй болоод л сонин хэвлэлээр баахан гүйсэн. Миний амьдрал бол тэр чигтээ тэмцэл шүү дээ. Тэтгэвэрт гарлаа гэхэд надад тэтгэвэр байхгүй.Нийгмийн даатгал төлж байгаагүй.

    -Зах зээлд гараад та зургаараа дажгүй л амьдраад байна уу?

    -Дажгүй шүү.Хүүхдийн буян их. Хүүхдэд зургаа заахад наад зах нь эцэг,эхчүүд нь ном аваад номоороо амьдарч байна.

    -Та түрүүн  төрийн эрх зөв залуусын гарт очлоо гэж хэлсэн.  Тэдэнд та үнэхээр итгэж байна уу?

    -Үнэхээр их итгэж байгаа.Өөр хэн байгаа юм бэ? Зайсан толгой дээрээс харахад хэний байшин хаана байгаа нь харагдаж байгаа биз дээ,уул уурхай гэхээр хэн бас байна, бүгд харагдаж байна. Энийг зоригтой задлаад  л хаячих хэрэгтэй. Хамгийн гол нь мэргэшсэн боловсон хүчнүүдийг төр өөрөө хайж авчраад зохих местэн дээр нь тавьдаг тогтолцоо хэрэгтэй.

    -Та ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгыг сүрхий дэмжиж явсан хүний нэг. Та хоёр тийм ойр дотно улс уу?

    -Бид  хоёр чинь нэг үеийн залуус л даа. Намайг 1980-аад онд  намайг Багшийн дээдэд сурч байхад Х.Баттулга Дүрслэх урлагийн дээдийн оюутан байсан. Адилхан зургийн ангийн оюутнууд  бие биеэ мэднэ, нээлттэй харьцдаг байлаа. Харин дараа нь 1990-ээд онд анхны “Мөөжөө Жөөжөө” сэтгүүлд минь нэг тус болж,  хөрөнгө оруулж гаргасан юм. Түүнээс хойш уулзаагүй,сураг нь гараад л яваад байсан. Тэгээд сонгуулийн үеэр нэг таарсан. Дэмжинээ л гэсэн.Энэ эрчээрээ сошиалд зургуудаа оруулж шударга ёсны талд зогссон. Би гэхдээ энэ хүнд туслаад байгаа юм биш,олондоо зориулж хийж байгаа тус юм. Би чинь хэр баргийн хүн дагаад намирчихдаг хүн биш шүү дээ. Өөрөө их зөрүүд.Хүн таалагдахгүй бол “за за” гээд л гараад явчихдаг. Нэг гарсан бол эргэж ордоггүй.

    Аавын өвөр дээр байгаа тэр нөхөр би шүү дээ.Хулд сум Улаанжирэм. 1965 он.

    -Их л өөрийнхөөрөө хүн юм.

    -Өөрийнхөөрөө.Би хэн нэг даргын удирдлагад бол хэзээ ч ажиллаж чадахгүй.Өөрийн эрхээр жаргах шиг сайхан юм байхгүй. Ингээд явахаар уран бүтээл бол жаахан задгай л байдаг юм. Гэхдээ яг юуны төлөө явж байна гэдгээ мэдээд,тэр зорилгоо чиглээд явахад өөрөө өөрийгөө хянаад явчихаж болдог. Доороос хэдэн зураач дүү нар гарч ирж байна л даа. Гэхдээ тэд маань шог зураг гэдэг юмаа,уламжлалаа мэдэхгүй.Хэн нэг хүний захиалгаар нэг нөхрийг аваад л хаядаг, нөгөө талд нь очоод нөгөө нөхрийг нь аваад л хаядаг. Цогтбаяр,Байды багш бидний үе бол хий нь гарчихсан байхгүй юу.Бид бол олноо л дагана. Тэр яриад байгаа 30 гэр бүл ч гэнэ үү,тийм хүмүүсийг дагаад явах цаг нь өнгөрсөн.

    Нэлээд дээхнэ ерэн хэдэн онд ардчиллынханд дургуй хүрээд,нөгөө талыг нь дэмжээд явж байсан үе бий. Ер нь  надад бол шог зураг гэдэг гол нь биш ээ.Энэ бол миний мэргэжил.Хамгийн гол нь Монголын ирээдүйд хувь нэмэр оруулах юмсан л гэж боддог. Ирээдүйдээ тус болж чадвал ямар их том хүч байгаа гэж санана.Даанч олж хардаг нүд нь их ховор юм. Эндээс нь эхэлчихвэл тэдэн жилийн дараа ингэнэ дээ гэсэн том алсын хараагаа харахгүй байна. Юмыг их өнгөцхөн хардаг болчихсон.

    -Өнгө,мөнгөний хорвоо гэдэг биз дээ…?

    -Тийм.Бараг л мөнгөөр амьсгалж байгаа юм биш үү.Бодол нь мөнгө,яриа нь мөнгө,хоорондоо хүртэл мөнгө мөнгө гэж цухалдаад л,уурлаад л…Нөгөө байгалиас,ээжээс хүн болж заяасан гоё юмнуудаа умартаад л.Хэрвээ мөнгө боддоггүй,мөнгө ярьдаггүй бол тэр хүн  хэн ч биш болж хувираад л. Иймэрхүү өнгө мөнгөний эргүүлэгт л орчих гээд байна. Энэ сайхан хүүхдүүдээ ядаж ийм юм руу оруулчихгүй шиг өсгөөд авбал Монгол улсад л хэрэгтэй шүү дээ.

    -Шог зургийн монгол уламжлал нь юу вэ?   

     -Энэ төрлийн уран бүтээлч төрдөг гэж би боддог байлаа. Гэвч Япон, Хятад улсад шог зургийн сургууль байгуулагдаж шог зургаар сургаж болохыг дэлхий нийт анзаарсан  байна. Би өөрийн  бяцхан шавь нартаа энэ уламжлалыг,өөрийн мэддэг чаддагаа өвлүүлэхийг хичээж байна. Би дандаа анимэйшн чиглэлийн, хошин аястай зураг зааж байгаа. Би бодит,реалист зураг заагаагүй. Энэ багачуудаас ирээдүйн шилдэг уран бүтээлчид төрнө гэдэгт би эргэлзэхгүй байна.

    -Ингэхэд та яагаад шог зураач болсон юм бэ?     

    -Мэдэхгүй,уламжлалтай минь холбоотой юм болов уу.Манай Дундговь аймгийнхан их  шооч, наргианч ард түмэн байдаг л даа. Сайхан-Овоо,Дэлгэрхангай,Хулд,Луус,Гурвансайхан сумдынхан чинь их шооч,инээмтгий,наргианч,шүүмжлэгч ард түмэн. Дээр нь манай удмынхан, миний аав, ээж хүн явуулдаг наргианч хүмүүс л дээ. Ийм юмнууд нөлөөлсөн байх. Дээр нь  намайг хүүхэд байхад Байды багшийн 60 шог гарсан.Аймгийн “Улаан туг” сонинд 60 шог, 100 шогийг хэвлэчихсэн.Би тэрийг нь хараад л инээгээд сууж байдаг байсан. Тэр үеийн “Тоншуул, “Хүмүүжил шигшил”-ийг манай аав их захиалдаг. Би  цэцэрлэгт  байхаасаа л тэдгээр хэвлэлийн зургийг шимтэн үзнэ. Оросын “Коркодиль”-ийг аав бас захиална.

    -Социализмын үед Та  зургаараа дарга нарыг шүүмжилдэг байв уу?

    -Шүүмжилнэ.

    -Яаж шүүмжлэх вэ.Тэр үед дарга нарыг шүүмжлэх “аюултай” биш үү?

     -1980-аад онд,миний ид зурж эхлэх үед перестройка гарч, шог зураг задгайраад тун аятайхан болж эхэлсэн л дээ. Энэ үед миний дарга нарыг шүүмжилсэн нэлээд олон зураг “Хөдөлмөр” сонинд нийтлэгдэж байсан. Тухайн үед “Хөдөлмөр”  сонины шог зургийн редактороор Т.Мандир ажиллаж байсан. Тэгэхээр чинь дарга нарыг шүүмжилсэн зургаа цувралаар сайхан тавина шүү дээ. “Тоншуул” сэтгүүл ч бас задгайраад их сайхан болсон. Тухайн үед би Гурвансайхан сумын дарга нарыг улсын хэмжээнд болгож  шүүмжилж их л зурдаг л байсан.

    Та Ерөнхий сайд асан П.Жасрай гуайг сармагчин болгож зурсан гэдэг билүү?

    -Бид 1991 онд Социал демократ нам дээр очсон.Н.Алтанхуяг,Мэндсайхан нар  байсан үе л дээ. Бид чинь арай нэг өөр өнгө аястай уран бүтээлчид шүү дээ.Тэгээд Социал демократын тэр хүзүүвчний нэг талыг бидэнд гаргаж өгч,ямар ч байсан та нарыг  нэг байртай болгочихьё гэсэн. “Мөөжөө жөөжөө”-г дэмжиж байгаа нь тэр. Тэр үед бид “Үг сонин” дээр  “Соно” гэж хошин шог сэтгүүл гаргасан.  Энэ үед манай Мөнхбат Жасрай гуайг сармагчин болгож, би “Хүний хувьсал” нэртэйгээр хүн байж байгаад хувирсаар байгаад  сармагчин болчихдог гурван   кадр зурсан түүхтэй. Ер нь хүнийг л анх шарз болгож зурж байгаа хэлбэр шүү дээ. Дараа нь ерөнхийлөгч байсан П.Очирбат гуайг бар,  нохой болгож ч зурсан.  Тухайн үед бид  залуу ч байж, зоригтой ч байж.Зураад л байдаг байсан.

     Ер нь бол дарга нарт биш,ард түмэнд таалагдах зураг зурах л шог зураач хүний зорилго шүү дээ.Хулчийх юм бол шог зураг зураад хэрэггүй. Click To Tweet

    Шог зураачдад  нэг л итгэл үнэмшил байдаг.Юунаас айх юм бэ, өөрийнхөө зурах гэж байгаа зурагнаас айна гэдэг маш утгагүй шүү дээ. Тэгэх юм бол зургаа хаяад өөр юм хий.

    -Ерөнхийлөгч Х.Баттулгыг зураач мэргэжилтэй гэдэг ч бид зурсан зургийг огт хараагүй. Та зурсан зургийг нь мэдэх үү, яг юу зурдаг  байсан бэ?

    -Баттулга сайн зурна. Ресункийн чадварлаг мастер, реалист зураач хүн шүү дээ. Ялангуяа бүсгүй хүнийг янзын зурна шүү дээ.

    -Реалист зураач юм уу?

    -Реалист зураач.

    -Улстөрчид авьяасаа пиар хийгээд байдаг.Ерөнхийлөгч яагаад зургаа гаргаж ирдэггүй юм бол..?

    -Гүй яахав,юм тасрах чинь их эвгүй байдаг штээ. Зураач хүн байнга зурж байж хөгждөг.Энэ хүн чинь  спорт, бизнес рүү ороод уран зургаасаа хөндийрсөн.Түүнээс биш анги дотроо нэлээд дээгүүрт зурдаг байсан.Ер нь манай Дүрслэхийнхэн чинь их сайн төгсдөг.Багшийн дээдээс бол яахав багш голдуухан гардаг. Над шиг хэвлэл,номоор гарсан хүн их цөөхөн. Багшийн дээдэд ерөнхий эрдэм их орно,Дүрслэхийн сургуульд бол дан зургаараа л зодно.

    -Хошин шогийн продакшнууд, шог зураачид гэхээр нэг л агуулгатай “ажил” хийдэг хүмүүс биз дээ?

    -Жанрын хувьд шал өөр.Яахав,хүн инээлгэдэг талаасаа адил юмуу даа.

    -Нийгмийг шүүмжилж байгаа талаасаа ижил биз дээ?

    -Уг нь тийм. Гэхдээ эд нарыг нийгмээ шүүмжлээд байгаа юм уу,айлын эмээг шүүмжлээд байгаа юм уу,ойлгохоо болиод байна.

    -Тэгээд энэ хошин шогийнхон чинь хэн юм бэ?

    Манай хошин шог урлагийнхан бол зохиолч нь байхгүй,алиа салбадайнууд. Хүйсээ сольж хашгиралдана. Эсвэл нэг эмгэн болж ядарсан настай хүнийг шоолно. Ард түмнийг шоглоно гэдэг шог урлаг ерөөсөө биш. Click To TweetАрд түмэн ч гэсэн.Өндөр үнээр билет авчихаад өөдөөс нь өөрсдийг нь доромжлоод байхаар үзээд байх юм. Их үнэтэй тэгээд,20 мянган төгрөг бил үү. Ер нь хүн инээлгэнэ гэдэг хэцүү ажил.Би юмор тал дээрээ тааруу,чадахгүй.Жинхэнэ инээлгэдэг хүн чинь Байды багш маань. Би бол шүүмж зургаараа арай дээр.

    -Зохиол бичих хүн байхгүй байна уу?

    -Ер нь алга байна.

    -Шог зохиолчид хааччихав?

    -Ихэнх нь мөнх бусыг үзүүлж дээ. Ц.Доржготов тэргүүтэй үлдсэн ганц нэгэн зохиолчид маань нас өндөр болжээ.

    -Яг өнөөдөр зохиогоод байж байх хойч үеэ муу бэлтгэсэн юм болов уу?

    -Нэг талаар тийм. Тиймээс бичдэг, зохиодог сэтгэгчдийг бэлдэх санаатай л зургаар би дамжуулан хүүхэдтэй ажиллаж байна.Өнөөдөр сэтгэдэг хүн алга болчихож.Монгол улс даяараа ченж улс болсон. Хүн их амархан мөнгө олохыг л бодоод байна.Ингэж байгаа улс яаж хөгжих вэ дээ. Жинхэнэ сэтгэдэг,бүтээдэг,инженерийн сэтгэлгээтэй хүмүүсээ намын ангиллаар халаад явуулчихсан.Эсвэл их доройхон амьдарч байна, эсвэл гадаадад байна. Улс үндэстнээс төрсөн үндэсний бүтээгчид,сэтгэгчид гэж байдаг.Тэр улсуудаа тоохгүй хаячихаад асар өндөр албан тушаалын хүнд асар болхи зөвлөх зөвлөөд сууж байдаг болсон. Click To Tweet Эсвэл нэг хүний сайн хийж чадах юман дээр юу ч чадахгүй нөхөр очиж суучихаад замруулж суудаг. Ямар сайндаа машины ченж сурах бичгийн тендэрт орно гээд өрөө түрээслээд, яамныхныг аваачиж архидуулаад нөгөө тендерээ авсан жишээ бий штээ.Би энэ Боловсролын яамаар орохоос жихүүдэс хүрдэг. Би нэг удаа ороод коридороор нь явсан чинь бүх өрөө нь дандаа “дарга,дарга…” гэсэн хаягтай.

    -Яам юм чинь дарга нар л байна шүү дээ?

    -Гүй одоо тийм л дээ. Гэхдээ тэр олон дарга юу хийгээд байна аа. Юмыг өөрчлөх их амархан штээ. Хэдэн бүтээлч багш нарыг авчирч суулгаад л, уралдуулаад л агуулга,зураг чимэглэл гараад ирнэ. Гэтэл одоо бол хэдэн сургуулиудаа бичиг цаасаар дараад л суухаас өөр юм хийхгүй.

    -Манай төрийн яамд чинь тийм л ажил хийдэг болчихсон шүү дээ?

    -Тийм л байх. Ер нь боловсрол, эрүүл мэнд хоёрыг л хамгийн их өөрчилмөөр байгаа юм. Энд үхээнц хүн байж болохгүй,хувиа хичээсэн,авлигач хүн байж болохгүй. Бид их азгүй улсууд л даа. 1990 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Түдэв гуайгаа сонгочихгүй яав аа.Тэр хүн чинь соён гэгээрүүлэгч хүн.Гэтэл тэр хүн өнөөдөр ямар янзтай байна.Ид хийж бүтээх сайхан насыг нь бид алдаад,энэ нийгмийн цөллөгт оруулчихсан. Ардчиллын 30 жилд бид Түдэв гуйнхаа оюуныг ашигласан бол ядаж боловсролын салбар ийм арчаагүй байхгүй байх байсан.

     -За одоо нэг асуулт асуугаад ярилцлагаа өндөрлөе.Танд эмзэг санагдвал та хариулахгүй ч байсан болно.

    -Юу юм,эхнэр,хүүхэд юм уу (инээв).

    -Та бүхний хэсэг уран бүтээлчид 1990-ээд оны дундуур,2000-аад онд бор дарсыг хавтгайгаараа хүртсэн.

    -Тэгсэн.

    -Үүнээс болж сайхан сайхан уран бүтээлчид наснаасаа эрт явцгаасан.Нийгмийн шилжилтийн үе нөлөөлсөн үү?

    Нийгмээсээ ч, хувь хүнээсээ ч болсон байх.Ямар ч л байсан бид шаарлагдсан хүмүүс болж хувирсан  байсан.Хэн ч хайхрахгүй. Хэчнээн сайхан найзууд маань ертөнцийн мөнх бусыг үзсэн. Тэр үеийн чадварлаг сэтгүүлч “алмас” Батбаяр, Цогзолын Ганхуяг,  яруу найрагч Ш.Уянга, Ж.Болд-Эрдэнэ гээд олон сайхан нөхөд минь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Бид хамт л явдаг байлаа. Хоорондоо уулзаж л сэтгэлээ уудална,ярилцана. Гэхдээ бид хэзээ ч авгай хүүхэн гэх мэт шальдир булдир юм ярьдаггүй байсан. Утга зохиолын тухай,урлагийн тухай ярьдаг,бие биедээ нөлөөлнө, татаж авдаг байсан. Тийм мундагуудтай хамт явсан тэр үедээ би их юм мэдэж авсан. Тэр цаг үе өөрөө ер нь гутранги үе байсан. Одоо ч бас л тийм байгаа. Жинхэнэ юм хийдэг хүмүүс нь хаана явна аа. Тэд маань сэрүүн тунгалаг байсан бол мөн ч их  зүйл хийх байсан гэж бодож явдаг.

    -Энэ ороо бусгаа нийгэмд тантай адил гэрэл гэгээ түгээгээд л явж байх байсан даа?

    -Түгээгээд л явж байх байсан.Эрт залуугаараа явцгаачихсан. Азаар гэх юмуу хэд нь амьд үлдсэн.Амьд яваагийнх хүн шиг явья,юм бүтээе гэж л зорьж явна.Хорвоогийн жамаар би ч гэсэн тэдэн дээрээ очно шүү дээ. Архи бол яахав дээ,нэг үе нийгмээрээ уудаг байсан үе бий.Одоо бол соёлтой архичид олширсон. Ер нь бол хүнд жилүүд.Гэхдээ миний хувьд гэгээлэг сайхан он жилүүд. 500 дуу зохиосон агуу Галмандахтай нөхөрлөөд л,Уянгатай нөхөрлөөд л…Сэтгүүлч “алмас”-тай нөхөрлөөд л,Чулуун тэнд зургаа зураад л.Ингэж л явсан.

    Ийм асуулт асуусанд баярлалаа. Бүр сайхан ярихаар сэдэв.Дурсахад гоё шүү дээ. Тэднийхээ хийж чадаагүйг жаахан ч гэсэн нөхчих юмсан л гэж бодож явдаг.

    Уран бүтээлч хүн чинь их дэвэргэн байх юм л даа.Тэрийг нэг өөрчилчих юмсан гээл.Өөрийнхөө хийж байгаад урамшаад л,хөөрөөд л.Аз жаргал гэдэг чинь энэ шүү дээ. Хамгийн аз жаргалгүй үе бол харандаа барьчихаад хүнд дарамтлуулаад,юу зурахаа мэдэхгүй суух үе.Үүн шиг гунигтай юм байхгүй. Одоо бол би хэнээр ч заалгахгүй.Надад дарга байхгүй, эхнэр гэж ганц даргатай.Би тэрнээсээ л айна (инээв).

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ