• Дэлхийн байгаль орчин ноцтой сүйдсэн, яаралтай арга хэмжээ авахгүй бол хүн төрөлхтний эрүүл мэндэд ноцтой аюул тулгарна

    admin

    admin

    2019-03-14

    3-р сарын 13-нд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр байгаль орчны үнэлгээний VI тайлан буюу “Дэлхийн байгаль орчны төлөв байдал”-ын тайланг нийтэлжээ. Тайланд, дэлхийн байгаль орчин нэгэнт ноцтой сүйдсэн, хэрэв яаралтай арга хэмжээ авахгүй бол хүн төрөлхтний эрүүл мэндэд ноцтой аюул тулгарна хэмээн сэрэмжлүүлжээ.

    НҮБ сүүлийн 5 жилд дэлхийн байгаль орчны байдалд бүх талын үнэлгээ хийж ирсэн юм. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн зүгээс үнэлгээний үр дүнгийн тухай зургаа дахь удаагийн “Дэлхийн байгаль орчны төлөв байдал” тайлан нийтэлжээ. “Дэлхийн эрүүл байдал ба хүн төрөлхтний эрүүл мэнд” сэдэвтэй тус тайланг 70 гаруй улс орны эрдэмтэн мэргэжилтнүүд хамтдаа гаргасан байна. Тайланд дэлхийн байгаль орчны гол гол өөрчлөлт үүсгэсэн хүчин зүйл, байгаль орчны төлөв байдал, бодлогоор зохицуулах арга хэмжээний цар хүрээ, үр дүнг танилцуулжээ.

    Тайлан дахь нэгэн хураангуй зурагт, хүн төрөлхтний үйл ажиллагаанаас биологийн олон янз байдал, агаар мандал, далай тэнгис, ус хөрсөнд үзүүлсэн бүх төрлийн нөлөөг харуулсан юм. Байдаль ноцтой хэмжээнд хүрч, байгаль орчин нөхөгдөшгүй сүйдсэн нь хүн төрөлхтний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, ялангуяа агаарын бохирдлын сөрөг нөлөө хамгийн ноцтой болсон байна. Мөн хүн төрөлхтөн усны нөөцийг сайтар хамгаалах хэрэгтэйг онцолжээ.

    НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн түр орлон гүйцэтгэгч захирал Жойс Мсуя “Энэ тайланд сэрэмжлүүлснээр, тогтвортой хөгжлийн замналыг сонгох нь гол тулгамдсан асуудал болоод байна” гэжээ.

    “’Дэлхийн байгаль орчны төлөв байдал’ тайлан бидэнд тодорхой мэдээлэл өглөө. Зөвхөн нийгмийн сүлжээнд түшиглэн уриалга гаргах нь өнөөгийн байдлыг туйлбартай өөрчилж чадахгүй. Бид хүнс, эрчим хүч, хог хаягдал гэсэн гурван том системд анхаарал хандуулах шаардлагатай. Хүн ам өсөх тусам хүнсний хэрэгцээ нэмэгдэж, хөдөө аж ахуйн хөгжлийн зүй зохисгүй хэлбэр хүлэмжийн хийн ялгаруулалтыг нэмэгдүүлж байна. 2050 оноос өмнө хүнсний үйлдвэрлэлээс байгаль орчинд үүсгэх нөлөөг 2/3 хувиар багасгах зайлшгүй шаардлагатай. Нүүрстөрөгч багатай эрчим хүч ашиглаж, эдийн засгийн хөгжлийн хэлбэрээ заавал өөрчлөн, илүү аюулгүй, экологид халгүй хөгжлийн хэлбэрт шилжиж, засгийн газар ба хувийн байгууллага хүчтэй үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна. Байгаль орчны эрүүл байдлыг чухалчлах нь хүн төрөлхтний эрүүл мэндийг тэргүүн байранд тавьж буй хэрэг юм”

    Тайланд, эрүүл байгаль орчин эдийн засгийн хөгжил, хүн төрөлхтний эрүүл мэнд, аз жаргалтай амьдралын хамгийн сайн үндэс суурь юм. Гэтэл маш олон орон тогтворгүй үйлдвэрлэл, хэрэглээний хэлбэрийг сонгож буй учраас дэлхийн экологийн систем улам муудаж байна хэмээн тэмдэглэжээ. Талууд заавал яаралтай арга хэмжээ авч, өнөөгийн байдлыг өөрчлөх хэрэгтэйг санал болголоо. Тухайлбал, хүмүүс өдөр тутам махны төрлийн хүнсний хэрэглээгээ багасгаж, өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнууд хүнсээ арвилан хэмнэж, улмаар хүнсний эрэлт хэрэгцээнээс хөдөө аж ахуйн хөгжилд учруулах дарамтыг бууруулан, хөрс шорооны ашиглалтын төлөвлөгөөг боловсронгуй болгож, эко дэд бүтцийн барилга байгуулалт, хөдөө тосгоны бүс нутагт стратегийн хөрөнгө оруулалт хийж, хотжилтын эрүүл мэндийн хөгжил, нөөц баялгийн ашиглалтын тогтвортой байдлыг ахиулахыг санал болгов. Эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бодлогын хүчтэй дэмжлэг хэрэгтэйг тус тайланд онцолсон байна. Тайлан мөн дэлхийн гол гол байгаль орчны бодлогын үр дүнд үнэлгээ хийж, зургаа дахь удаагийн “Дэлхийн байгаль орчны төлөв байдал” тайлангийн редакцын зөвлөлийн ахлагч, Лондонгийн их сургуулийн профессор Паул Экинс, байгаль орчны үр дүнтэй бодлого эдийн засгийг сайжруулна гэж үзсэн байна.

    “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудал хэрэв энэ янзаар хөгжвөл, XXI зуунд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зарцуулах өөрийн зардал байгаль орчны бодлого төлөвлөлтөөс 100 гаруй хувиар илүү гарна. Энэ нь 2:1-ын үзүүлэлт бөгөөд ийм харьцаа ямарваа хувийн байгууллага, засгийн газрын хувьд эдийн засгийн асар их үр өгөөжтэйг харуулж байна”.

    Тайланд, улс орнуудын бодлого хоорондоо уялдаагүй байгаа үзэгдэл улам түгээмэл болж байна. Нөхцөл боломж бүрдсэн тохиолдолд нэг орны амжилтад хүрсэн байгаль орчны бодлогыг бусад орнууд суралцах хэрэгтэй гэжээ. Паул Экинс “Одоо дэлхийд маш олон улс орон, байгууллагууд бодит үр ашигтай, лавлагаа болгож болохуй тогтвортой хөгжлийн төсөл хэрэгжүүлж байна. Тухайлбал Хятад, Норвеги, Европын холбооны сонгосон арга барил үлгэр жишээ болох бодит ач холбогдолтой юм” гэжээ.

    1997 оноос нийтэлж эхэлсэн “Дэлхийн байгаль орчны төлөв байдал” тайлан улс орнуудын засгийн газар ба бусад холбогдох талуудыг байгаль орчны бодлогын эш баримтаар хангадаг иж бүрэн судалгааны тайлан юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.