• Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг одоо л хийхгүй бол хэзээ ч хийгдэхгүй

    2019-03-14

    Энэ хавар УИХ Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь тодорхой болсон. УИХ-ын дарга Г.Занданшатар ажлаа аваад энэ тухай мэдэгдсэн. Үндсэн хуулийг өөрчлөх асуудал олон жил яригдаж байгаа ч улстөрийн  намууд нэмэлт өөрчлөлт дээр санал нэгдэж чаддаггүй учраас өргөн барьсан төслөө баталж чадаагүй явж ирсэн.   Харин энэ удаа нэг нам УИХ-д олонхи болж байгаагийн хувьд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл одоо л батлагдах боломжтой болоод байгаа. Энэ удаагийн УИХ ч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхээр ажлын хэсэг гаргаж тэрхүү ажлын хэсэг нь асар их ажил хийгээд байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улс даяар хэлэлцүүлж олон зуун мянган санал хүлээн авч нэгтгэн боловсруулаад байгаа.

    Хэдийгээр АН болон гудамжин дахь бусад янз бүрийн нам хөдөлгөөн эсэргүүцэж байсан ч уг төслийг одоо л хэлэлцэж батлахгүй бол хэзээ ч батлагдахгүйн дээр Үндсэн хуулиар зохицуулагддаг нийгмийн бүхий л томоохон салбарт үүсээд байгаа асуудлууд шийдэгдэхгүй. Тухайлахад Үндсэн хуульд зааснаар Монгол улс ганцхан хоттой. Үүнийг жишээ нь Үндсэн хуульд өөрчлөлт хийж байж олон хоттой болно. Мөн хамгийн чухал асуудал засаглалтай холбоотой. Парламентын засаглалаа сайжруулах “шүдгүй арслан” шиг Ерөнхий сайдыг “шүдтэй” болгох цаг болсон. Ерөнхий сайд бүх хариуцлагаа хүлээдэг болгохын тулд өөрийн танхимын сайд нараа өөрөө томилдог болохоос эхлээд УИХ-ын тараах эрх үүргийг ч олгох цаг болсон.

    Гэвч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэх гэж буйтай холбоотойгоор улстөр нэлээд үймэх шинжтэй боллоо.

    УИХ дахь ганц намын бүлэг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-д хэлэлцүүлэхээр оруулж ирж байгаатай сөрөг хүчнээс эхлээд УИХ-д төлөөлөлгүй намууд, улстөр, иргэний нийгмийн хөдөлгөөнүүд санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлсээр ирлээ. Н.Энхбаяр даргатай МАХН уг нэмэлт өөрчлөлтийг эрс эсэргүүцэхийн сацуу өөрсдөө санаачлан шинэ “Шинэ дээд Үндсэн хууль” хэмээхийг боловсруулаад түүнийгээ намынхаа хурлаар батлаад аймгуудаар явж “батлуулж” буй. Гэвч УИХ-д суудалтай гэхэд ч хэцүү болоод байгаа тус намын боловсруулсан төслийг нийт ард түмэн дэмжиж байгаа нь юу л бол. Үүнийг хууль зөрчсөн үйлдэл гэж харах хүмүүс ч олон байна. Мөн уг төслийг нь баталж, Монгол улс дагаж мөрдөнө гэдэгт ч итгэхэд хэцүү юм.

    Мөн энэ сацуу 20 жилийн өмнө Үндсэн хуульд хийсэн “дордуулсан 7 өөрчлөлт”-ийг Үндсэн хуулийн Цэц дахин эргэн харахаар болоод байна.

    Үндсэн хуулийг өөрчлөх нийгмийн захиалга байгаа учраас л 10, 20 жил ярилаа. Одоо л ажил хэрэг болгохгүй бол ирэх сонгуулиар олон нам, улстөрийн хүчин УИХ-ыг бүрдүүлбэл Үндсэн хуулийн өөрчлөлт мартагдах болно.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ