• Д.Эрдэнэбат: З.Энхболд “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлыг мэдээгүй гэдэг худлаа

    Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэтийн 49% хувьтай холбоотой болж өнгөрсөн асуудлын талаар УИХ-ын гишүүн, АН-ын гишүүн Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Тэрбээр Засгийн газрынхаа шийдвэрийг зөв хэмээн үзэж, Д.Оюун-Эрдэнэ сайдын явуулж байгаа үйл ажиллагааг буруутгаж байгаагаа илэрхийллээ. Мөн тухайн үед УИХ-ын дарга асан, одоогийн Ерөнхийлөгчийн ТГ-ын дарга З.Энхболдын “Би Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг мэдээгүй” гэдгийг худлаа гэж мэдэгдлээ.

    УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

    Өнгөрсөн долоо хоногт томилттой яваад би байхгүй байсан. “Эрдэнэт”-тэй холбоотой асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийсэн байна. Гэхдээ дутуу зүйл их байна лээ. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг ил болгосон нь зөв.

    Гэхдээ нэг талын мэдээллээр олон нийтийн тархийг угааж болохгүй. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлтэй хамт сэтгүүлчдэд тараасан материал дунд ОХУ-ын “Ростех” компанийн захирлаас ирсэн захидал бий. Энэ захидлыг орчуулахгүйгээр тараасан байна лээ. Орчуулгыг нь хийж тараахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас шаардаж байна.

    Энэ захидалд Монгол Улсын Засгийн газар яагаад өөрөө “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах боломжгүй болсны хариулт бий. Учир нь, “Ростех” компани уг захидалдаа “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авахын тулд ажлын 12 хоногийн дотор төлбөр төлөхийг шаардсан юм.

    Энэ захидал 2016 оны зургадугаар сарын 1-нд үйлдэгдээд Монгол Улсын Засгийн газарт ирсэн. Яг хэзээ ирснийг нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар шүүгээд олох боломжтой. Ажлын 12 хоногийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар 400 сая ам.доллар босгож чадах уу, үгүй юү гэсэн асуудал үүссэн юм.

    “400 сая ам.доллар босгоод авчих байсан юм” гээд ярихад амархан л даа. Гэвч ярих хийх хоёрын хооронд асар том зөрүү байдгийг ойлгох хэрэгтэй. Засгийн газар үүнийг хэлэлцээгүй биш, ярьсан. Төр өөрөө худалдан авах боломжгүй байсан.

    Яагаад гэвэл УИХ-ын ээлжит чуулган завсарласан байсан. Дараагийн УИХ бүрдэхэд үүнийг хэлэлцэх боломжтой байсан ч улстөржилт рүү явуулсан. Хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэг. Тиймээс Монголдоо “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах улс төрийн шийдвэр зөв байсан. Цаашдаа энэ үйлдвэр улс төрийн хэлээр биш эдийн засгийн хэлээр ажиллах хэрэгтэй гэлээ.

    Тэрбээр “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах тухай асуудлыг төрийн гурван өндөрлөгөөс ганц Ерөнхий сайд мэдээд  Ерөнхийлөгч, УИХ-ын дарга мэдээгүй байна гэдэг худлаа. Би бол үүнд итгэхгүй байна. Төрийн гурван өндөрлөг мэдэж байсан учраас энэ асуудал Засгийн газрын хуралдаанд орж ирсэн гэсэн ойлголттой өнөө хүртэл явж байна” гэв.

    Мөн Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр”-т тавьсан онцгой дэглэмийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ