• Г.Занданшатар Швейцарыг, У.Хүрэлсүх Суданыг зорьжээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2019 оны гуравдугаар сарын 11-15-ны өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас мордлоо.

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар албан ёсны айлчлалынхаа хүрээнд Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэттитай албан ёсны хэлэлцээ хийж, тус улсын парламент-Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа, парламентын дэгийн зохицуулалттай танилцана. Мөн энэ үеэр тохиож буй Монгол Улс, Швейцарийн Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн арга хэмжээнд оролцох юм.

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар албан ёсны айлчлалын хугацаанд хэд хэдэн удаагийн уулзалт хийж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох бөгөөд Швейцарын Холбооны Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Төрийн зөвлөлийн Гадаад харилцааны байнгын хорооны дарга Филиппо Ломбарди, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Паскал Баерисвил, Сангийн яамны Олон улсын санхүү хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Даниела Стоффел нар Монгол Улсын Их Хурлын даргад бараалхана.

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Швейцарын парламентын бүлгийн дарга Ц.Гарамжав, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Швейцарын парламентын бүлгийн гишүүн Л.Болд, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж, Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, О.Баасанхүү нар болон албаны зарим хүмүүс багтжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

    Тэгвэл Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Судан улсыг зорилоо. НҮБ-ын мандаттай Өмнөд Судан улс дахь энхийг сахиулах ажиллагаанд манай улсын наймдугаар ээлжийн цэргийн багийнхан үүрэг гүйцэтгэж байгаа. Энэхүү цэргийн бие бүрэлдэхүүнтэй уулзахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй албаныхан Өмнөд Судан улсыг зорьжээ.

    Ерөнхий сайдын айлчлалын багт батлан хамгаалах салбарынхан болон хэвлэл мэдээллийнхэн багтаж байна. Манай улс 2012 оноос тус упсад энхийг сахиуиах ажиллагаанд оролцож эхэлсэн төдийгүй 850 хүний бүрэлдэхүүнтэй найм дахь ээлжийн батальон үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ