• Ж.Батзандан: Ц.Пүрэвтүвшингийн ээж, ах дүү, найз нөхөд нь түүнийг хүний гар хөл болчихлоо гэж ярьж байна

    Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал, түүнийг худалдаж авсан “Монголиан коппер корпрейшин” компаний удирдлагууд, Эрдэнэт үйлдвэрт онцгой байдал тогтоосон тухай асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар хэвлэлийн хурал хийж мэдээлэл өглөө.

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

    Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, уг үйлдвэрийг тойрсон хулгай луйвартай холбоотой асуудлаар бид сүүлийн хоёр жил иргэдэд бодит мэдээлэл өгч, холбогдох шийдвэрийг гаргаж тэмцлээ үргэлжлүүлж байгаа. Бидний гарт Эрдэнэтийн луйврыг таслан зогсоох УИХ-ын тогтоол, ҮХЦ-ийн шийдвэр, Засгийн газрын шийдвэрүүд байна. Өчигдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ үйлдвэрт онцгой дэглэм тогтоогоод ирсэн. Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийг бүрэн хяналтандаа авч чадлаа. Бид чадлаа.

    400 гаруй сая долларын мөнгө угаалтыг хийсэн гэх асуудал цагдаа дээр шалгагдаад явж байна. Олон иргэд бидэнд мэдээлэл өгч байна. Өчигдөр Ховд аймгаас “Ц.Пүрэвтүвшин манай аймгийн хүү. Хүний гар хөл болчихлоо. Хүүгийн минь бүү хэлмэгдүүлээч. Хоёр өрөө байрных нь лизингийг ээж нь төлөөд явж байгаа. Ц.Пүрэвтүвшинд 400 сая доллар байтгугай 400 төгрөг ч байхгүй” гэж ангийнх нь найз нөхөд, ээж, ах дүү нар нь хэллээ. Цагдаа дээр ч очиж хэлсэн байна.

    ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Төрийн ордонд хоёр жилийн хугацаанд яригддаг байсан, шударга бус үйлдлийг цэгцлэх гэхээр хаана очоод гацдаг байсан зэрэг асуудал өнөөдөр тун ойлгомжтой болсонд баяртай байна. Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар худалдсан гэх асуудал сонгуулийн өмнөхөн болсон. ЗГХЭГ-ын даргаар томилогдсоны дараа энэ асуудал хаана хүрээд, ямар байдлаар гацаж байгаа вэ гэдгийг улс төрчдөд болон олон нийтэд ойлгуулах үүднээс шуурхай ажиллахыг хичээсэн.

    Цагдаагийнхан бол ажлаа хийж байгаа юм байна. Хөгжлийн банкны асуудал, бонд тойрсон асуудал дээр гэх мэт олны анхаарлыг татсан асуудал дээр ЦЕГ, ЭЦГ ажлаа хийгээд материалаа бүрдүүлсэн байна. Гэтэл нийслэлийн прокурор гэдэг хүнд газар байна.

    Ганц жишээ дурдахад Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ажил гацсан. Засгийн газар нь шийдвэр гаргаад олон улсын нисэх онгоцны буудал барих гэтэл Төв аймгийн Сэргэлэн сумын засаг дарга гарын үсгээ зурж уг газрыг өөр хүнд өгчихсөн. Шүүх дээр очихоор шийдвэр сумын засаг даргын талд гардаг. Япончууд үнэхээр гайхаж байна шүү дээ. Засгийн газар нь шийдвэр гаргачихаад байхад сумын нэг засаг дарга засгийн газраасаа том эрх мэдэлтэй…

    Одоо туйлын ойлгомжтой нөхцөл байдлын өмнө бид ирсэн. Цаашид энэ гарцаас гарах арга замыг хамт хийе гэж улс төрчид, УИХ-ын гишүүддээ уриалж байна. МАНАН дэглэмийн эсрэг тэмцэл цаашид үргэлжилнэ. Бид тавтай хамт Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байгаа. Шинэ 25 жилийг эхлүүлцгээе” гэлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ